Египетэд сүйрсэн А-321 онгоцны хар хайрцгийг уншсанаар осол болох үеийн онгоцны бүрэн бүтэн байдлын тухай болон онгоцон дотор нисгэгч нарын хооронд болсон ярианы талаарх мэдээлэл тодорхой болох юм. Оросын сүйрсэн онгоцны талаарх илтгэлийг бэлтгэхэд 1-4 долоо хоног шаардагдах бөгөөд хар хайрцгаас бүх зүйл шалтгаална гэж Египетийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш мэдэгдлээ. Тэгвэл хар хайрцгийг тайлж унших ажил тэдгээрийн техникийн байдлаас нь хамаарах аж. Хоёр хар хайрцагны нэгэнд нь онгоцны “биеийн” байдлын тухай мэдээлэл, нөгөөд нь нисгэгчдийн яриа бичигдэж үлдсэн байгаа юм байна. Хар хайрцгууд эвдэрч гэмтээгүй байсан болохоор илтгэлийг богино хугацаанд бэлтгэчих боломжтой гэж үзэж буй аж.
Онгоц сүйрсэн шалтгааныг шалгах комиссын бүрэлдэхүүнд Египет, Орос, Франц, Герман, Ирландын мэргэжилтнүүд хийгээд онгоцыг ашиглаж байсан компанийн төлөөлөл орсон байна.Синайн хойг дээгүүр онгоцоо нисгэхийг болихоор хэд хэдэн компани шийдвэрлэснийг Аль-Кавиш шүүмжилжээ. Энэ шийдвэр тус улсын аялал жуулчлалын салбарт сүүдрээ тусгаж болзошгүйг Египетийн Засгийн газрын төлөөлөгч үгүйсгэсэнгүй. Франц, Арабын нэгдсэн Эмират, Германы зарим компани энэ осол тохиолдсон нутаг дээгүүр онгоцоо нисгэхийг түдгэлзээд байгаа юм.
ТАСС мэдээлснээс үзвэл Синайн хойгт онгоц сүйрэх үед их дулаан ялгарсныг Америкийн хиймэл дагуул тэмдэглэж авчээ. Үүний шалтгаан нь бөмбөг дэлбэрсэн байж болохын зэрэгцээ механик гэмтлээс болж түлшний саванд юм уу, хөдөлгүүрт гал авалцсан ч байж болох гэж үзэж буй аж.