Зөрчил мөргөлдөөн, захиалгат аллагын золиос болж сүүлийн 10 жилд дэлхийд 700 гаруй сэтгүүлч амиа алдлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч байгааг зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын эрхийг хангахыг тэрбээр олон улсын өдрийг тохиолдуулан уриаллаа. Ердөө олон түмэнд мэдээлэл хүргэснийхээ төлөө л тав хоногт нэг сэтгүүлч амиа алдсан байна.
Зэвсэгт тэмцлийг мэдээлэх зориг гаргасныхаа төлөө зарим нь амь насаа өгсөн бол, заримыг нь үнэнийг хэлэхийг хүчээр болиулах гэж оролдож байна гэж Бан Ги Мүний бичгээр илэрхийлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Ийм 10 аллагын зөвхөн нэгийг нь л зохих ёсоор мөрдөн шалгасан байдаг аж. Ийнхүү ял шийтгэлгүй өнгөрдөг нь сэтгүүлчдэд айдас төрүүлж, хараа хяналтаа үргэлжлүүлэх боломжийг Засгийн газруудад олгож байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж буй юм байна. Сэтгүүлчид амь насаа бодож айж эмээснээс өөрийгөө хянаж болгоомжлох ёсгүй гэж тэрбээр онцолжээ.
Сэтгүүлчдийн эсрэг өдөөсөн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрдгийг болиулах өдрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд Мали улсад алуулсан Францын хоёр сэтгүүлчийн дурсгалд зориулж мөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей бий болгосон байна. Сэтгүүлчдийн төдийгүй дэлхий дахины түүхэнд 2012 онд хамгийн их цус асгарсан жил гэж тооцогддог бөгөөд ЮНЕСКО-гийн баримтаар нэг жилд 123 сэтгүүлч амиа алдсан аж.