Ямар нэг “томоохон үйл явдлын” дараа “Airbus А-321” онгоц хурдаа огцом байдлаар, нэг минутад нэг километр орчмоор алдаж эхэлжээ гэж манай гариг даяарх онгоцны нислэгийн араас ажиглаж байдаг Flight Radar24 сайт мэдээлжээ. Онгоцонд ямар нэг ноцтой юм тохиолдсоны дараа 9000 метрийн өндөрт нисэж явсан онгоцны хурд хоёр дахин багассан аж. Египетийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш хоёр өдрийн өмнө мэдэгдэхдээ ослын шалтгаан нь техникийн гэмтэл болохыг бүх баримт, түүний дотор хиймэл дагуулаас авсан мэдээлэл ч нотолж буй гэсэн байна. Ослоор амиа алдагсдын цогцосноос ч дэлбэрэлтийнх байж болохоор ул мөр олдоогүй гэж ТАСС урьд нь мэдээлж байсан юм.
Болсон явдалтай холбогдуулж “Хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийг ашиглах журмыг зөрчсөн”, “Аюулгүй байдлын шаардлагад үл нийцэх үйлчилгээ үзүүлсэн” гэх хоёр үндэслэлээр Орост эрүүгийн хэрэг үүсгээд буй аж. Энэ онгоцыг “Исламын улс”-ын дайчид устгасан гэх магадлал муутай гэж Пентагон үзэж буй. Алан хядагчдын ашигладаг пуужинг 9000 метрийн өндөрт хүрч чадахгүй гэж үзсэнээс ийм дүгнэлт хийж байгаа аж. Оросын онгоц сүйрэх агшинд Синайн хойг дээр их дулаан ялгарсныг Америкийн дагуул бүртгэж авсан гэх мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест тайлбарлахаас татгалзсан байна.
Онгоцны бүхээгт дэлбэрэлт болсон гэх мэдээллийг Оросын тал ч үгүйсгэж байна. “Исламын улс” бүлэглэл энэ хэрэгт хамаатай байж болзошгүй гэх яриаг Оросын Тээврийн сайд Максим Соколов няцаасан. Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси ч алан хядагчдын мэдэгдлийг “суртал нэвтрүүлэг” гэж үзсэн.