Ерөнхийлөгч Режеп Эрдоаны бодлогыг шүүмжилдэг лалын сөрөг хүчний номлогч Гюленийг дэмждэг 35 хүнийг Туркт баривчилсны дотор цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн албан хаагч ч орсон аж. Эрх баригч Шударга ёс, хөгжил нам Парламентын дахин сонгуульд ялсан нь тодорхой болсноос нэг хоногийн дараа эрх баригчид ийм үйлдэл хийжээ.
Аравдугаар сарын 28-нд Туркийн хууль сахиулах байгууллагынхан сөрөг хүчний телевизийн хоёр сувгийн Истанбул дэх байрыг эзэлж авсан байна. Энэ хоёр суваг дээр өгүүлсэн Гюлений мэдлийн компанийн бүрэлдэхүүнд ордог аж. Хэвлэлд мэдээлснээс үзвэл санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах шаардлагын үүднээс ийм ажиллагаа явуулсан гэж эрх баригчид тайлбарлаж буй ч Туркийн удирдагчийг эсэргүүцэгчидтэй тэмцэх ажлын хүрээнд авч буй арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.
Одоогоор АНУ-д оршин сууж буй Гюленийг төрийн эргэлт хийх гэж оролдсон, хээл хахууль авсанд сэжиглэж төрийн албан хаагч болон бизнесмэн 50 орчим хүн баривчлагдсан 2013 оны авлигын дуулиантай хэрэгт холбогдсон гэж Эрдоан буруутгадаг аж.Энэ сарын 1-нд болсон Парламентын дахин сонгуульд Шударга ёс, хөгжлийн нам 49.4 хувийн дэмжлэг хүлээж боломжит 550 суудлын 317-г авсан юм.