Сирийн сөрөг хүчнийг Америкийн цэргийнхэн дасгалжуулж байдаг бөгөөд энэ үйл ажиллагаагаа Туркийн хилийн ойролцоох Латаки мужийн Сальма хотын орчимд явуулдаг юм байна гэж Ливаны телевизийн “Al Mayadeen” суваг мэдээлсэн аж. Урьд нь Туркийн нутагт бэлтгэгдсэн Сирийн туркменүүд энд оролцож буй юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр “Исламын улс”-ын алан хядагчидтай тэмцэх, Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлэхээр тусгай зориулалтын 50 алба хаагчийг Сири рүү явуулсныг бид урьд нь мэдээлсэн. Тэгвэл Вашингтоноос 500 сая ам.долларын зардал шаарддаг Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэх, хангах Пентагоны хөтөлбөрийг зогсоохоор АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа шийдлээ гэж өнгөрсөн сарын 9-нд “The New York Times” сонинд мэдээлж байсан юм.
“Исламын улс”-ын дайчидтай тулалдаж чадахуйц хуурай замын цэрэгтэй болоход энэ хөтөлбөр тус болоогүй нь түүнийг зогсоох шийдвэр гаргахад хүргэсэн аж.Одоогийн байдлаар Орос болон Арабын хоёр ч улс, Сирийн сөрөг хүчин, 59 улсаас бүрэлдсэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл, курдийн сайн дурынхан “Исламын улс”-ын эсрэг тэмцэж байна.Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдлагын газрын дарга Андрей Картаполовын мэдээлснээс үзвэл Оросын нисэх хүчний цохилтод алан хядагчдын дэд бүтцийн 2084 объект өртөөд байгаа аж. Үүнд байлдааны ажиллагааг удирдах байр, алан хядагчдыг бэлтгэх лагериуд, бөмбөг, пуужингийн үйлдвэр, зэвсэг, түлшний агуулах орж буй юм байна.