Хятад улсын тусгаар тогтнолд заналхийлсан “аюултай алхам” АНУ хийх ёсгүй гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань аюулгүй байдлын асуудлаар Куала-Лумпур хотноо болж буй бага хурал дээр үг хэлэхдээ Пентагоны тэргүүн Эштон Картерт хандаж уриалжээ. Эштон Картер нь түүнтэй уулзаад Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газар нутгийн талаар АНУ ямар нэг байр суурь байхгүй гэж онцлоод, тухайн бүс нутагт хиймэл арал үүсгэж, милитарчлахаасаа татгалзахыг бүх талд уриалсан аж. Тэрбээр олон улсын дүрэм журмыг баримтлан Өмнөд Хятадын тэнгист хөлөг онгоц чөлөөтэй зорчуулах байр сууриасаа ухрахгүй гэж хэлсэн байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мина тээгч “Лассен” хөлөг өнгөрсөн сарын 27-нд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад дөхөж очжээ. Бээжингийн нотолж буйгаар тус хөлөг онгоц БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах ус руу зөвшөөрөлгүйгээр наад зах нь нэг удаа орсон байна. Энэ баримтыг АНУ хүлээн зөвшөөрсөн ч маргаантай нутаг дэвсгэрт хиймэл арал бий болгох Хятадын эрхийг зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн онгоцны үйлдлийг олон улсын тэнгисийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн мэдэгджээ.
Хятадын адмирал У Шэнли АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч, адмирал Жон Ричардсонтой ярилцахдаа маргаантай арлуудын орчимд өдөөн хатгалга үйлдэхийн аюул уршгийг сануулсан байна. Хэрэв АНУ Бээжингийн анхааруулгыг хүлээж авахгүй бол улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээг Бээжин авах болно гэж Хятадын адмирал мэдэгдсэн аж.
Маргаан бүхий сав газарт хиймэл арал бий болгох ажлыг Хятад улс өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлжээ. Өмнөд Хятадын тэнгисийн энэ хэсэгт Япон, Хятад, Малайз, Филиппин, Бруней, Вьетнам улсууд болон Тайвань өрсөлддөг аж. Нефть, хийгээр баян гэгддэг Скарборо, Спратли арлуудын эргэн тойронд байдал тун түвэгтэй болоод байгаа юм. Түүнээс гадна эдгээр арал стратегийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд энд онгоц хөөрөх-буух талбайтай болчих юм бол тус бүс нутагт Хятадын байр суурь үлэмж хүчтэй болно гэж үздэг.