Сирийн “Жаишь аль-Ислам” (“Лалын арми”) бүлэглэлийн босогчид Ерөнхийлөгч Башар Асадын талын хэдэн зуун хүнийг шоронд суулгаж, агаараас өгч буй цохилтыг зогсоохыг Оросоос ийм маягаар шаардсан байна. Хэвлэлд бичсэнээр бол Дамаскаас 10 километр зайд орших Дум хотын гудамжаар олзлогдогсдыг ачааны машинаар зөөж яваа дүрсийг цахим төхөөрөмжөөр авсан байжээ. Сирийн Ерөнхийлөгчийг дэмжигч алавит үндэстэн эрэгтэй, эмэгтэй 400 гаруй хүн тэнд байсан гэнэ.
Ерөнхийлөгч Асад өөрөө алавит үндэстэн бөгөөд лалын шашны шийт урсгалын төлөөлөгч аж. Түүнийг эсэргүүцэгчид нь суннит урсгалыг шүтдэг, ер нь дэлхийн лал шашинтны ихэнх нь энэ номлолыг дагадаг юм байна.“Лалын арми” гэгч нь Саудын Арабийн дэмжлэгээр 2013 онд бий болсон босогчдын бүлэглэлүүдийн эвсэл юм.