Румыны Ерөнхий сайд Виктор Понта огцорч буй бөгөөд Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Батлан хамгаалахын сайд Мирча Душийг томилж өгөхийг Ерөнхийлөгч Клаус Йоханнист санал болгосон байна. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар Ерөнхийлөгч Йоханнис өчигдрөөс улс төрийн намуудтай зөвлөлдөж эхэлжээ. Ерөнхий сайдыг томилох эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон байдаг аж.
Бухарест хотын Colectiv гэдэг шөнийн клубт түймэр гарсан нь Ерөнхий сайд огцрох шалтгаан болсон байна. Түймрийн уршгаар 32 хүн амиа алдаж, 200 орчим хүн түлэгдэж, хүнд шархадсан аж.Үндсэн хууль ёсоор Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Гэхдээ шинэ Танхим бүрдтэл үүргээ гүйцэтгэнэ. Засгийн газраа Ерөнхий сайд бүрдүүлнэ. Ерөнхий сайд нь танхимын бүрэлдэхүүн, хөтөлбөрөө Парламентаар батлуулах гэж хоёр удаа оролдоод бүтэхгүй бол Румынд ээлжит бус сонгууль зарлах ёстой юм байна. Уг нь бол Парламентын ээлжит сонгуулиа 2016 оны арванхоёрдугаар сард хийхээр товлоод буй аж.