Египетийн Синайн хойгийн тэнгэрт Оросын нисэх онгоц сүйрсний шалтгаан нь түүний хөдөлгүүрт гарсан дэлбэрэлт байжээ гэж хэвлэлд мэдээллээ. Хар хайрцгуудын бичлэгийг тайлж уншсаны дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Харин дэлбэрэлтийн шалтгааныг лабораторийн шинжилгээ хийж, ослын газраас нэмэлт материал цуглуулж байж тогтоох аж. Нисгэгчид осол болохын өмнө газар дээрх албадад ямар нэг байдлаар хандаагүй нь бичлэгээс тодорхой болжээ.
АНУ-ын тагнуулын байгууллага “Исламын улс” бүлэглэлийнхэн онгоцны бүхээгт дэлбэрэх төхөөрөмж тавьсан байж болзошгүй гэх таамаглал дэвшүүлж байсан ч албан ёсны дүгнэлтээ одоогоор хийгээгүй байгаа юм байна. Гэтэл “Вилайят Синай” гэх өөр нэг бүлэглэл энэ хэрэгт өөрийгөө холбогдолтой гэж мэдэгдлээ. “Исламын улс”-д үнэнч байхаар тангарагласны ойн өдөртөө ийм “бэлэг” барьсан гэж тэд зүтгээд байгаа аж.Английн эрх баригчид ч Оросын А-321 онгоцны сүйрлийн шалтгаан нь дэлбэрэх төхөөрөмж байх магадлалтай гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч Шарм-эш-Шейх хот руу онгоцоо нисгэхийг Засгийн газар нь нислэгийн компаниуддаа хориглосон шийдвэр гаргажээ.
Египетийн эрх баригчид Шари-эль Шейх хотын нисэх онгоцны буудлыг даргыг халсан бөгөөд энэ нь энд аюулгүй байдлыг муу хангасан гэж хэвлэлийн мэдээлэлтэй холбоогүй гэж тус улсын Нисэх буудлын үйлчилгээний компанийн захирал мэдэгджээ.