Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх намар Японд айлчлахаар болсон тухай тус улсын jiji.com агентлаг мэдээлжээ. Вьетнамын нийслэл Ханойд саяхан болсон АСЕАН-ы бүсийн чуулганы сайд нарын уулзалтын үеэр Монгол, Японы Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, К.Окада нарын уулзалтын үеэр энэ тухай тохирсон гэж уг агентлаг мэдээлсэн байна. Манай улсад айлчилж буй Японы парламентын төлөөлөгчдийн танхимын Байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхахдаа ч Монголын Төрийн тэргүүний Японд хийх айлчлал хоёр улсын харилцааны шинэ түүхийг нээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны арваннэгдүгээр сард тус улсад айлчлах урилгатай юм.
М.СУГАРАА