Ерөнхий сайд баруун бүсэд томилолтоор ажиллаж байна. Тэрбээр албан ажлынхаа зэрэгцээ эхнэр, гурван хүүхдийнхээ хамт эх орныхоо үзэсгэлэнт сайхан газруудтай танилцаж, амралтаа хослуулж яваа юм. Архангай аймагт өнгөрүүлсэн хоёр дахь өдрөө Ерөнхий сайд Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Шар нохойн там, Залуусын болон мөсөн агуйг сонирхов. Хоргын тогооны дэргэд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ. Албан ажлын хажуугаар эх орныхоо байгалийн сайхантай танилцаад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Хангайн болон баруун бүсийн нутгаар явж, иргэдийнхээ санал бодлыг сонсон, ажлаа танилцуулахын зэрэгцээ амралтаа хослуулж явна. Энэ удаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ аялж, тэдэндээ Монголынхоо үзэсгэлэнт сайхан байгалиараа бахдах боломж олгохыг хүссэн. Бидний сэтгэл өндөр байна. Манай орон ийм сайхан байгальтай гэдгийг залуус маань тэр бүр мэддэггүй.
Мянга сонсохоор нэг үз гэж залуустаа уриалъя. Гадаад, дотоодын жуулчид энд олноор ирдэг болж. Би гаднын орнуудын туршлагыг анзаардаг. Малайзад гэхэд Ерөнхий сайд нь олон улсын телевизүүдээр аялал жуулчлалаа сурталчилдаг. Би эх орныхоо сайхан байгальтай танилцахын далимд иргэддээ сурталчлахыг эрмэлзсэн л дээ. Гэхдээ зам нь жаахан тааруухан юм. Засгийн газрын бодлогоо чиглүүлж байгаа нэг гол салбар нь аялал жуулчлал.
Үүнийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь дэд бүтэц байна. Бид эх орноороо аялж, амрах хэрэгтэй. Мэдээж энэ сайхан байгалиа унаган төрхөөр нь хадгалж хамгаалах учиртай.
-Баруун бүсэд ажиллах маршрутаа хэрхэн сонгосон бэ? Та Архангайнд анх удаагаа ирж байгаа гэсэн, очиж үзээгүй газрууд учраас сонгосон уу?
-Манай гэр бүлийнхэн Архангайд анх удаа ирлээ. Ерөнхий сайдын ажлыг аваад өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж явсан. Харин хангайн бүсээр явж амжаагүй байлаа. Тиймээс зориуд зуны амралтын цагаа тааруулаад ажил, аялал хослуулж яваа юм. Засгийн газар хоёр долоо хоног амарч байна. Тиймээс энэ завшааныг ашиглаад хоёр ажил хийчихье, үзээгүй газраараа явж үзэсгэлэнт байгальтайгаа танилцъя гэж зорьсон.