Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан аймгийн нийт иргэдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэндчилгээ дэвшүүлжээ. Түүнд, “Алтайчууд эцэг өвгөдийнхээ баатарлаг уламжлалыг өвлөн эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдэд олон сайхан бахархлыг бий болгосон билээ.
Эх орныхоо өргөн уудам нутагт Алтайгаараа овоглосон шилдэг сайчууд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт амжилт бүтээлээр тодорч, Улсын болон хөдөлмөрийн баатар 30 гаруй, Төрийн шагналтан 21, ардын болон гавьяат цолтон 140 гаруй төржээ. Мал аж ахуй, газар тариалангийн салбараас Улсын аварга малчин, Улсын тэргүүний тариаланчаар олон арван хүн шалгаран улсын дээд амжилтуудыг тогтоож бахдам амжилтад хүрсэн.
Уламжлалт мал аж ахуй, газар тариаланг орчин үеийн арга технологиор хөтөлж, аймгийнхаа хүн амыг хүнсээр бүрэн хангах боллоо. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэр тус аймагт олноор байгуулагдаж, жилдээ 5,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн түүхт ойг амжилт бүтээлээрээ тэмдэглэж байгаа нутгийн ард олон та бүхнийг төрөлх аймгаа хөгжүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэжээ