БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Син Юань Мин тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн МАХН-ны хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч Б. Мөнхбаатар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ноён Син Юань Мин Улаанбаатар хотод 3 зорилго өвөртлөн ирснээ дуулгасан юм.
Эхнийх нь 2 талын найрсаг харилцааг хөгжүүлэх, удаахь нь хамтын ажиллагааг өргөжүүлэх эцсийнх нь Тяньжиний томоохон компаниудыг Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийлгэх, монголын бизнес эрхлэгчдтэй холбоо тогтоолгох явдал байсан гэв. Түүнийг дагалдан ирсэн бизнесмэнүүд дотор Хятадад төдийгүй дэлхийд цар хүрээ нь тэлсэн олон бизнесийн хүрээнийхэн ирснийг орлогч дарга Б. Мөнхбаатарт дуулгалаа.
Мөн Улаанбаатар хотын удирдлагууд энэ өдрүүдэд найрсаг дотно хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж Нийслэлийн МАХН-ын хорооны даргын хувьд Тяньжин хотод айлчлал хийхийг урьсан юм. Цаашдаа 2 хотын харилцаа хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.