
НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар хамтран манай улсад хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийг дэмжих телемедицин” төслийнхөө хүрээнд өчигдөр ЭХЭМҮТ болон 21 аймгийн Эрүүл мэндийн газарт эх, нярайг оношилж, эмчлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Үүнд дутуу төрсөн нярайд зориулсан инкубатор хоёр, ургийн монитор 21, өвчний хяналтын монитор 21, хүндрэлтэй эх, нярайн пульсоксометр, дурангийн мэс заслын хэрэгсэл дөрөв, нярайн амьсгалын аппарат, шарлага, фото эмчилгээний төхөөрөмж 21 багтжээ. Нийт 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй тэдгээр тоног төхөөрөмжийг хэрхэн угсрах, ашиглахыг эмч нарт зааж сургасан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эндэгдэл манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс Засгийн газраас уг асуудалд онцгой анхаарал хандуулж буй. Өнөө жил нас барсан 0-5 насны хүүхдийн тоо өмнөх жилийнхээс даруй 60 хувиар нэмэгдсэн. Энэ нь олон шалтгаантай ч эх, нярайд шаардлагатай тоног төхөөрөмж хүрэлцээгүй байдаг нь үүнд хамааралтай. Тиймээс НҮБ-ын Хүн амын сан, Люксенбургийн Засгийн газраас бэлэглэж буй тоног төхөөрөмжүүд цаашид эх, нярайн эндэгдлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гээд талархлаа илэрхийллээ. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Монгол Улс эхийн эндэгдлийг 1990 оны үеийнхээс бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо 2015 онд хүрсэн.
Үүний тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сайшаалтай. Гэвч өнөө жил эх, хүүхдийн эндэгдэл дахин нэмэгдээд байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө хичээх хэрэгтэй. НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэв.
“Эх, нярайн эрүүл мэндийг дэмжих телемедицин” төсөл 2007 оноос хэрэгжиж байна. Улс даяар нэвтрүүлсэн телемедициний сүлжээгээр дамжуулан ЭХЭМҮТ бүх аймгийн эмнэлэгтэй холбогдсоноор жирэмсний хүндрэлтэй, өндөр эрсдэлтэй эхчүүд III шатлалын эмнэлэгт үзүүлэх гэж нийслэлийг зорих шаардлагагүй болсон юм.