Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)- ийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, эрдэм шинжилгээний бүтээл, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд үнэлжээ. Тодруулбал, Австралийн Сидней хотноо зохион байгуулсан Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 31 дүгээр их хуралд манай эмч, мэргэжилтнүүд өөрийн орны элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан туршлага, хөгжил дэвшил, судалгааны чиглэлээрх эрдэм шинжилгээний долоон илтгэл танилцуулж, хэлэлцүүлсэн аж. Үүний дараа тус багийнхны Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд хүргэсэн амжилтыг нийгэмлэгээс үнэлж, хүндэт өргөмжлөл гардуулсан байна. Мөн БНСУ-ын Сөүл хотноо болсон “LT updates 2026” олон улсын хурлын үеэр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын салбарт онцгой хувь нэмэр оруулсан, эмчилгээний үр дүнг шинэ шатанд гаргасан шилдэг эмч, судлаачдад олгодог нэр хүндтэй шагнал болох “Heroes of liver transplantation”-ыг УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Батсайханд хүртээжээ.
О.Ундрах