Үндэсний музейнхэн “Үдшийн музей- Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэн сануулж, тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал болон өөрчлөлт шинэчлэлттэй танилцах боломжийг үзэгчдэд олгож байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зочдод 60 мөнгөний гөөхий, боорцог, танзуур, маюур, квас ундаа, үхрийн мах, өргөст хэмхийн закуска зэрэг тухайн үеийн хүнсний бүтээгдэхүүн, идээ ундааг санал болгож, бага насны дурсамжийг нь сэргээв. Эдгээр хуучны амттаныг нэг төгрөгийн бэлгэдлийн дэвсгэртээр худалдан авах боломж олгосон нь социализмын үеийн ахуй амьдралыг бодитоор мэдрүүлэх зорилготой гэнэ.
Социализмыг таашаах, эсэхээс үл хамааран түүхэн үйл явдлыг үгүйсгэх бус, сайн туршлагыг нь улам хөгжүүлж, алдаа дутагдлаас сургамж авах нь нийгмийн хөгжлийн жам гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцоллоо. Түүхийн эерэг, сөрөг талыг бодитоор ойлгож, хойч үеийнхэндээ таниулахад чиглэсэн сонирхолтой үзмэрүүд дэлгэсэн эл үзэсгэлэнг ирэх сарын 19-нийг хүртэл толилуулах аж. Түүнчлэн Үндэсний музейнхэн “Үдшийн музей” хөтөлбөрийнхөө хүрээнд энэ сарын 16-ныг дуустал өдөр бүр 09.00-20.00 цагт ажиллах бөгөө үзэсгэлэнгийн тасалбарыг 10 000 төгрөгөөр худалдаж байна.
У.Сүрэн