“Үндсэн хуульд тусгасан та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх ашгийг ханган, Улаанбаатар хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно”. Энэ бол Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн аравдугаар сарын 29-нд тохиосон, нийслэлийн 384 жилийн ойн мэндчилгээндээ онцолж хэлсэн үг нь. Харин өдгөө тэрбээр хотын даргаар ажиллаад дөрвөн сар орчмын нүүр үзэж байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд түүний гаргасан шийдвэрүүд Улаанбаатарт гэгээ нэмэх биш, гай тарих нь л илүү байлаа. Энэ өвөл үнэхээр хүнд, хүйтэн байгаа. Хотын дарга Х.Нямбаатар шорвог шийдвэрүүдээ гэнэт гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж буй нь өвлийг илүү хахир болгож байна.
ТҮҮХЭН ШИЙДВЭР
Маргааш хоёрдугаар сарын 1. Энэ өдөр хотын даргын нэгэн шийдвэрийн хугацаа дуусах учиртай. Тэр нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-ны ням гарагт буюу амралтын өдөр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эл гайхам шийдвэрээ гаргасан билээ. Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хотын дарга түүхэнд байгаагүй удаан хугацаагаар мөрдүүлэхээр болсон нь иргэдэд үнэхээр л хүнд туссан.
Энэ шийдвэр нь өнөөдрөөр дуусгавар болох нь уу гэтэл нийслэлийн ЗДТГ-аас уржигдар гэнэт хязгаарлалтыгүргэлжлүүлэхсаналасуулгазарлав. “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс ихсэж буй. Мөн удахгүй сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Иймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албанаас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал авна. Олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм” гэж дээрх байгууллагын мэдээлэлд дурдсан байлаа.
Уг нь нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд “Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас нь өмнө өөрчлөлт оруулах болно” гэж нийгмийн сүлжээнд бичиж байв. Гэсэн ч эл шийдвэрээ үргэлжлүүлсэн билээ. Түгжрэлийг шийдэж чадахгүй дарга нар ийм байдлаар иргэдийнхээ хувийн өмчөө ашиглах эрхийг нь хязгаарлан, аргацааж ирсэн юм. Хязгаарлалтын хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх гэх мэтээр замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулахаа илэрхийлсэн ч тэд дорвитой зүйл хийсэнгүй.
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ
Х.Нямбаатарын санаачилсан, нийтийн тээврийн дахин төлөвлөлт буюу шинэчлэл нэрээр хутгасан холион бантан бол энэ өвлийн, ер нь манай хотын түүхэн дэх онцлох бүтэлгүйтлүүдийн нэг байлаа. Судалгаагүй, туршлагагүй, мэдлэггүй хүн “тэнэг зоригтой” алхам хийснээрээ ямар хор, аюул тарьж, хохирол учруулдгийг нийслэлчүүд нүдээр үзэж, биеэр туулав. Энэ сарын 20-21-нд буюу амралтын хоёрхон өдөрт хэрэгжүүлэхэд л иргэдэд ямар их чирэгдэл учруулсныг нийгмийн сүлжээн дэх бухимдал илтгэсэн юм. Аргагүй байдалд орсноо ойлгосон хотын удирдлага, тэр дундаа нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг яаран сандарч, шөнө буюу 23.00 цагийн үед хэвлэлийн хурал зарлан, нийтийн тээврийн хуучин чиглэлүүдийн ихэнхийг нь буцаан сэргээхээ мэдэгдсэн билээ.
Улаанбаатарчууд өдгөө хуучин ч биш, шинэ ч бус, хосолмол маягийн маршрутаар зорчиж байгаа. Хамгийн гол нь тэглээ гээд нөхцөл байдал сайжраагүй, харин ч улам дордчихоод буй билээ. Нийслэлд автобус хүрэлцээгүй, иргэд удаан хүлээдэг, ирэхээр нь арайхийн багтаж ордог нь хэвээрээ. Хотын удирдлагууд судалгаа огт хийгээгүй, ядаж автобусанд суудаг иргэдээсээ ч асуулгүйгээр шийдвэр гаргасны уршиг одоо ч арилаагүй гэсэн үг.
Албаныхан автобусны буудлын самбаруудад байрлуулсан, шинэчилсэн чиглэлийн жагсаалтаа авч, өөрчилж байгаа талаарх мэдээлэл энэ долоо хоногийн эхнээс цахим орчинд тархсан. Ер нь автобусны чиглэлийг ямар байдлаар зураглах, хэрхэн ойлгомжтой болгох талаарх зөвлөгөө, мэдээллийг иргэд нийгмийн сүлжээнд хангалттай бичсэн. Гэтэл дарга нар тэдгээрээс санаа авсангүй, өмнөхөөсөө дээрдээгүй өөр нэгэн жагсаалтыг автобусны буудлуудад байрлуулж буй гэнэ. Өөрсдөө мэддэггүй юм бол ядаж хүмүүсийн хэлсэн санааг тусгаж авдаг болоосой.
ХОТЫНХОО ДАРГЫГ ХАЙЖ БАЙНА
Дээрх бүтэлгүйтлийн гол шалтгааныг нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл маш товч бөгөөд тодорхой хэлээд өгсөн байна билээ. Тэрбээр “Мэргэжлийн бус хүнд мэргэжлийн ажил хариуцуулах нь буруу гэдгийн том жишээ нь автобусны үйлчилгээний маршрутын шинэчлэл боллоо. Ядахдаа хотын нийтийн тээвэр хариуцсан дарга Отгонжаргал нь нийтийн тээврийн маршрутыг дулааны улиралд өөрчилдгийг мэддэггүй ажээ” гэсэн юм. Бас хотын дарга байхдаа буюу 2015 онд нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ хоёр жил гаруйн хугацаанд судалж, туршиж байж хэрэгжүүлснээ дурдсан. Харин одоогийн дарга нар гэнэт санаагаа олоод, олон нийтэд мэдээлсэн даруйдаа хэрэгжүүлээд эхэлсэн. Мэргэжлийн бус дарга нараас идэр есийн хүйтэнд иргэдийг чирэгдүүлж болохгүй гэдэг мэдлэг байтугай хүнлэг сэтгэл ч гараагүй юм.
Ингээд хотын дарга нийтийн тээврийг бужигнуулсныхаа дараа гэнэт сураггүй болсныг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Гадаадад яваа гэх сураг л бий. Чухам ямар ажлаар явсан нь тодорхойгүй, эзгүй хойгуур орлох дарга нар нь ч шийдэлгүй л байна.
АХМАДУУД ЗАМ ДЭЭР ЭЛС ЦАЦАВ
Өвлийн ид хүйтэн үед тохижилт, үйлчилгээний ажилчдаар авто замын хашлага угаалгадаг хачирхалтай тохиолдлын гэрч нь бид болж байх шиг. Энэ долоо хоногоос нийслэлд хүйтний эрч эрс чангарч, агаарын температур -30 градусаас давж байна. Ийм үед зам, талбайн цэвэрлэгч нараар яагаад гадаах хашлага угаалгаад буйн учрыг иргэд ойлгож ядан байгаа. Ажилчдаа шаардлагатай багаж, хэрэгслээр бүрэн хангаад, цалинг нь ч олигтойхон өгчихөж чаддаггүй атлаа ийнхүү зовоож байгаа дарга нар ажил хийсэн нэр зүүх гэж арга ядаж буй бололтой гэж л таамаглахад хүрэв.
Ер нь хотын дарга нар нийтийн тээврийг дахин төлөвлөх нь битгий хэл, цасаа ч цэвэрлэж чаддаггүйг нийслэлчүүд өвөлжин л харлаа. Х.Нямбаатар эхлээд уг ажлаас бултахыг оролдож, “Зам цэвэрлэх ажлыг дүүргүүдэд хариуцууллаа” гэж мэдэгдсэн. Ингээд ч асуудал шийдэгдээгүй тул арга ядсандаа “Гадаадаас мэргэжилтэн авчирч, давс, бодисыг ямар үед хэр хэмжээгээр цацах талаар сургалт хийж байна” гэж олныг гайхшируулсан билээ. Энэхүү санаачилга нь юу болсныг бүү мэд. Гашуун үнэн гэвэл хотын гудамж, талбай халтиргаанаасаа салахгүй байсаар дулааны улиралтай золгож, цас, мөс байгалийнхаа жамаар хайлах нь тодорхой болов. Арга ядсан ахмадууд бага боловч туслах гээд зам дээр элс хүртэл асгаж буйг бид өмнө нь мэдээлсэн.
Ийнхүү шил шилээ даран бүтэлгүйтэж буйн гол шалтгаан нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн тодорхойлсончлон мэргэжлийн бус хүмүүс нийслэлийн удирдлагын багт ажиллаад байгаатай холбоотой. Хотын ажил ихэвчлэн нийтийн аж ахуйн шинжтэй байдаг. Гэтэл манай нийслэлийг хуульч нарын баг удирдаад байгаа. Засаг дарга хуульч, хоёр орлогч нь ч ийм мэргэжилтэй. Хотын өдөр тутмын ажлыг хариуцдаг ерөнхий менежер Ц.Төрхүү нь хөдөө аж ахуйн мэргэжилтэй. Өмнө нь голчлон нийслэл, дүүргийн Газрын албанд ажиллаж байсан туршлагатай. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тэд болж л өгвөл иргэдийг хотын төв рүү оруулахгүй, зах хавиар нь л байлгах, эсвэл хаа нэг тийш нь зайлуулах сонирхолтой нь анзаарагдаж байгаа. Бас замаа цэвэрлүүлж ч чаддаггүй дарга нартүгжрэл бууруулах, агаарын болон хөрсний бохирдлыг арилгах, цаашлаад метро барих зэрэг том асуудлыг шийдэж чадна гэх итгэл төрөхгүй байгаа юм.
СОНГУУЛЬ УГТСАН “ГЭНЭТИЙН БЭЛЭГ” ИХ БИЙ
Хотын удирдлагын хийсэн ганц ажил нь “түгжрэл”-ийн хэмээх тодотголтой хуулийг “гэрлийн хурд”-аар батлуулсан нь юм. Ингэхдээ ч бас бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Тодруулбал, хотын төв рүү нэвтрэхэд 27 мянган төгрөг төлнө гэсэн “гэнэтийн бэлэг”-ийг нийслэлийн Засаг дарга “задлаад”, олны шүүмжлэлд өртсөн нь саяхан. Улмаар хуулийн төслөөс дээрх заалтаа хассан ч асуудал үүгээр дуусаагүй. Хамгийн түрүүнд нийслэлд олгох автомашины дугаарт хязгаарлалт тогтоох нь. Тодруулбал, дээр дурдсан хуулийн хүрээнд нийслэлийн ИТХ-аар 10 гаруй журам батлуулахаар зэхсэн. Хамгийн түрүүнд автомашины дугаарын тоонд хязгаарлалт тогтоох асуудлыг журамлахаар болсныг ХҮН намын бүлгийнхэн эсэргүүцэж байгаа. Эл журмыг энэ сарын 25-нд хэлэлцэхээр товлосноо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд томоохон осол гарсантай холбоотойгоор түр хойшлуулаад буй билээ.
Ийм маягаар улаанбаатарчуудыг хойшид ямар “гэнэтийн бэлэг” хүлээж буйг одоохондоо таашгүй нь. Учир нь их хэмжээний цас, Сэлбэ голын халиа, тошин нь шар усны үер ойрхон ирснийг сануулсаар байна. Бас удахгүй сонгууль болно. Хотод тулгамдсан олон асуудлыг сонгууль угтан шийдэх мэт дүр үзүүлж, иргэдийг хөлдөө чирэх цаг айсуй гэсэн үг. Тэр бүхнийг яаж даван туулна даа гэхээс нийслэлийн иргэдийн яс хавталзаж байна.
Эцэст нь дүгнэхэд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дэргэдээ мэргэжлийн удирдлагын баг бүрдүүлж, шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа хийж, иргэдээ сонсдог байгаасай.