Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулаад буй. Уншигч та бүхэн тус байгууллагын election.burtgel.gov. mn цахим хуудсанд зочилж, бүртгэлээ шалгасан уу. Эргэн тойронд чинь эл бүртгэлээ нягталж баталгаажуулсан, ямар нэг буруу зүйл байвал гомдол гаргаж засуулсан, лавласан хүн хэд байна вэ. Танай хаягт танихгүй хүн нэмсэн, эсвэл байх ёстой иргэнийг бүртгээгүй зөрчил гарсан юм биш биз. Сонгуулиар хамгийн гол будилаан дээрх жагсаалттай холбоотой гардаг учраас ийнхүү нягтлах нь та, бидний үүрэг юм. Харамсалтай нь, УБЕГ-аас энэ сарын 3-нд өгсөн мэдээллээр 17 мянга гаруй хүн л дээрх хаягаар орж, бүртгэлээ шалгажээ. Энэ бол 2021 оны байдлаар гаргасан манай улсын сонгуулийн насны 2 041 985 иргэний 0.8 хувь нь. Хэтэрхий чамлалттай биш гэж үү.
“1992 онд санал өгөх насны иргэний тоо 1 202 704 байсан бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45,531 хүнээр буурсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн насны иргэдийн тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнхээс 237 мянгаар нэмэгдсэн байна” гэжээ. Харин хүн амын дундаж өсөлтийн хувь 1.8 байдаг аж.
Гэтэл ЦХХХЯ, Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн судалгаанд улсын хэмжээнд нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэдэг, иргэдийн 97.6 хувь нь гар утастай гэсэн байна. Үүний 84.7 хувь нь ухаалаг утас барьдаг аж. Нийгмийн сүлжээнд өдөр тутам идэвхтэй байж хов жив бүрийг алгасалгүй уншин, сэтгэгдлээр дамжуулан бухимдлаа илэрхийлэн “хэрэлдэж” суудаг атлаа олонх иргэн төрд өөрийг нь төлөөлж, шийдвэр гаргах хүмүүсээ тодруулахад хамгийн чухал нөлөөтэй сонгогчдын нэрийн жагсаалтыг тоож шалгадаггүй байх нь.
БУДИЛААНТАЙ БҮРТГЭЛ
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон гашуун түүхийг бид мартаагүй. Сонгуулийн үр дүнг эрх мэдэлтнүүд өөрсдийн талд эргүүлж, луйвар хийсэн хэмээн эсэргүүцсэн жагсаал хэдхэн цагийн дотор нийтийг хамарсан үймээн болж, таван хүний халуун амь эрсэдсэн. Үүний дараа буюу 2011 онд сонгогчдын нэрийн жагсаалт болон санал тоолох үйл явцыг автоматжуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Ингээд 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш цахимжуулах гэж оролдсоор байна. Сонгуулийн автоматжуулсан систем нь сонгогчдын бүртгэл, санал тоолох систем гэсэн хоёр тусдаа хэсгээс бүрддэг. Эхний хэсгийг УБЕГ хариуцаж, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн хөтөлдөг аж. Биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хээгээрээ бүртгүүлсэн, 18 нас хүрсэн иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад оруулах учиртай. Өнгөрсөн хугацаанд тодорхой дэвшил гарсан ч саналын хуудас тоолдог “хар машин”, сонгогчдын нэрийн “цахим” жагсаалтад бүрэн итгэл төрөхгүй хэвээр байгаа нь нууц биш.
2012 оноос хойшсонгуулийн үйл явцыг ажиглан мониторинг хийж буй Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн эдүгээ ч “Сонгогчдын нэрийн жагсаалт үнэхээр асуудалтай” хэмээн хэлсээр байна. Иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн уг сүлжээнээс 2020 оны сонгуулийн дараа хийсэн мониторингтоо 2016 оны сонгуулиас хойш нэрийн жагсаалттай холбоотой гомдол, санал нэмэгдсээр байгааг онцолжээ. Тухайн үед Сонгогчдын боловсрол төвөөс ажиллуулсан сонгогчдод зөвлөгөө өгөх лавлах утсанд ирүүлсэн гомдол, саналын 45 хувь нь хаягт нь илүү хүн нэмсэн, 22 хувь нь дутуу бүртгэсэн тухай байсан гэнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 24 хувь нь мөн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой байсан аж.
2020 онд УБЕГ-ын цахим хуудсанд 5000 гаруй хүн л зочилж, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцсан тухай эл мониторингийн тайланд дурдсан байгаа юм. Үүнээс хойш улсын хэмжээнд 330 сум өндөр хурдны интернэттэй холбогдож, ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэний “үр дүнд” нэрийн жагсаалтаа шалгах хүний тоо гурав дахин өсөөд 17 мянга хүрсэн нь энэ. Тус сүлжээнээс 2020 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн тодорхой хэсгийн хороодыг сонгон авч, нэрийн жагсаалтад хяналт, шалгалт хийжээ. Тэд нэрийн жагсаалтаас авсан 970 сонгогчийн мэдээллийг хаягаар нь очиж нягталсан юм байна. Гэвч 404 нь бүртгэлтэй хаягтаа байгаагүй аж. Хөршүүд нь тийм хүн бүртгэлтэйг мэдэхгүй, танихгүй тохиолдол ч цөөнгүй гарсан гэнэ. Мөн зарим хаяг дахь байшин, орон гэрт нь хүн амьдрах боломжгүй байсныг ажиглагчид баримтжуулсан байна. Тус сүлжээний багийнхан намууд, нэр дэвшигчдээс ч мэдээлэл, гомдол, санал хүлээн авч шалгасан юм билээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэгэн бие даан нэр дэвшигчийн гомдлын дагуу II хорооны хоёрдугаар хэсгийн Их дарь эхийн I гудамж, .... тоотод 46 хүн амьдардаг гэсэн мэдээллийг нягталжээ. Гэтэл хорооны Засаг дарга нь задгай хаягуудыг нэг болгож бүртгэсэн байсан гэнэ. Дураараа хэрэг биш гэж үү. Мөн зарим хэсгийн хороонд иргэдийн хурууны хээг төхөөрөмж танихгүй, эсвэл уншуулахад өөр хүний мэдээлэл гарч ирсэн зэрэг зөрчил илэрчээ.
“МИДАС” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал уржигдар СЕХ-ны Тамгын газрын даргад намуудын хамт шаардлага хүргүүлэхдээ “Нэг хүн хоёр регистрийн дугаартай байсан зөрчлийг 2017 оны сонгуулиар илрүүлсэн. Сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалттай холбоотой маргааныг хянахад хувь хүний нууцыг хамгаалах хуулийн зохицуулалт саад болдог. Тиймээс хурууны хээгээр нь таниулах, мөн бэхэн тэмдэглэгээ тавих нь давхардаж санал өгөхгүй байхад чухал үр дүнтэй” гэсэн юм. Түүнчлэн “түр хасав” гэдэг тэмдэглэгээ их маргаан дагуулдаг. Тэдний ажилласан хэсгийн хороодод ТББ-ын ажиглагчдыг сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахыг зөвшөөрөхгүй, эсвэл “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчийн тоогоо өгөхгүйгээс эцсийн дүнг нэгтгэж чадаагүй гэх мэт бэрхшээл тулгарч байжээ.
УИХ-ЫН БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН БҮРТГЭЛ ЗӨРДӨГ
Мөн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Лийд” төгсөгчдийн холбооноос 1992-2020 оны сонгуулийн ирц, сонгогчдын бүртгэлтэй холбоотой судалгаа хийсэн аж. Тэд сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалт гаргах үйл явцыг сайжруулж, ил тод болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Тухайлбал, нэрийн жагсаалтад бичигдээгүй сонгогчийн тоог зарладаггүй, сонгуулийн насны иргэдийн тоо нэрийн жагсаалтад бичигдсэнтэй зөрдөг, эрхээ хязгаарлуулсан хэдэн хүн байгаа нь тодорхойгүй, гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй иргэдийн мэдээлэл ил биш зэргийг дурдсан байна. Тэдний тайланд “1992 онд сонгуулийн насны иргэний тоо 1 202 704 байсан бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45 531 хүнээр буурсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн насны иргэдийн тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнхээс 237 мянгаар нэмэгдсэн байна” гэжээ. Үүнийгээ “хамгийн сонин” хэмээн тодотгосон байгаа юм. Учир нь ҮСХ-ны “Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлага” тайланд дурдсанаар хүн амын дундаж өсөлтийн хувь 1.8 байдаг аж. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь тоо энэ мэтээр зөрж буйг тэд сануулж, холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлсэн юм билээ.
Иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын судалгаагаар манай сонгогчдын нэрийн жагсаалтын “но”-г энэ мэтээр илчилсэн байна. Он гарснаас эхлээд дөрөвдүгээр сарын 29-нд шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэл 70 071 хүн “нүүсэн”-ийг сөрөг хүчнийхэн сэжиглэж, шалгуулахаар хандаад буй. Нэр дэвших тойрог руугаа зохион байгуулалттайгаар иргэдийг шилжүүлж, өөртөө санал өгүүлдэг “царцаа нүүлгэх” хар технологийг зарим хүн хэрэглэж байна гэж тэд үзсэн. Сонгууль бүрээр байнга маргаан, гомдол дагуулдаг нэг сэдэв нь энэ. Хэдийгээр иргэд хүссэн газартаа шилжин суурьших эрхтэй ч яг сонгуулийн үеэр бөөн бөөнөөрөө нүүж буй үйлдэл сэжигтэй санагдах нь мэдээж. Үүнийг мөн “Тухайн нутгийн иргэдийн эрхэд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авахтай ижил үйлдэл” хэмээн “МИДАС” ТББ-ын тэргүүн тодотгоно лээ.
Өмнөх найман удаагийн сонгуулиар сонгогчдын бүртгэлтэй холбоотой маргаан тасарсангүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд намуудад сонгогчдын нэрийн жагсаалттай хоёр удаа танилцан, хянах эрх олгосон. Мөн мэдээллийн нэгдсэн сантай болсон тул нэг хүн өөр газар давхардаж санал өгөх зөрчил гарахгүй, хурууны хээгээр нь нягталж бүртгэнэ хэмээн СЕХ-ноос мэдэгдэв. Гэвч “хар машин” нь хурууны хээ уншихгүй гацахаас эхлээд “техникийн саатал” сонгуулийн үеэр цөөнгүй гардгийг дээрх байгууллагуудын судалгаа, ажиглалт илчилж байна. Хуулиа тодорхой хэмжээнд өөрчилж, технологи хөгжүүлж буй ч бүх зүйл өргөс авсан мэт хурдан сайжрахгүй нь. Тэгэхээр сонгогчид өөрийн зүгээс шалтгаалах оролцоогоо идэвхжүүлье. Ухаалаг утас барьдаг атлаа нэг удаа өөрийн болон гэр бүлийнхээ төлөө хариуцлагатай байж бүртгэл, мэдээллээ хяначих.
Асуудал байвал УБЕГ-т гомдлоо гаргаад шийдүүл. Иргэний үүргээ биелүүлж, хяналт тавиагүй, оролцоогүй бол дараа нь ямар нэг аргаар сонгогдсон улс төрчдийг шүүмжилж, зүхэх эрх танд үгүй. Үнэндээ та, бидний чухал зүйлдээ ач холбогдол өгч, бурууд нүд хурц байж шахаж шаардаж мэддэггүй “толгойгүй” хандлага л худалч, хулгайч, ёс зүйгүй хүмүүс парламентын гишүүнээр сонгогдох боломжийг бүрдүүлээд буй юм. Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болов лаа асаа гэдэг үг бий. Байгаа онож“хэрэлдэн”, шаардаж, өөрчилж сурмаар байна, сонгогчид оо.