“Аав аа, битгий яв л даа, аюултай шүү дээ” хэмээн хүүхдүүд уйлна. Эрэгт буй хүмүүс хэн нэгний нэрийг дуудаж, гэр бүлийнх нь гишүүд уйлж, нуур луу орохоор зүтгэнэ. Амьд, эсэх нь ч мэдэгдэхгүй нэг минут. Энгийн үед урсаад л өнгөрдөг нэг хором амь дүйсэн үед маш урт хугацаа. Нуурын эргээс 10 орчим метрийн зайд “Найзад минь туслаач. Сэлж чаддаг хүмүүс байна уу, гуйя” хэмээн хүмүүс хашхирна. Тэдэн рүү хэдэн хүн сэлж очиж буй харагдана. Эрэг дээрх хүмүүсийн уйлах чимээ, хэн нэгний нэрийг дуудах нь тасралтгүй үргэлжилсээр.
Нуурын усан дотор зогсох хэдэн хүн хөтлөлцөж, хөл алдахгүйг хичээнэ. Тэдний хамгийн цаад захад зогсох нэг нь гар, хөлөөрөө эргэн тойрныг тэмтчихаж. Удалгүй “Оллоо” хэмээгээд усанд осолдсон нэгнийгээ гаргаж ирэв. Амнаас нь хөөс сахарч, хамаг бие нь хөхөрчээ. Тавхан минутын өмнө хажууханд инээгээд зогсож байсан найз нь одоо амьд, эсэх нь тодорхойгүй болж, бие нь сулбайсныг харахад хүнд. Эргэн тойрон даврах хүн ч үгүй. Хиймэл амьсгаа хэрхэн хийх, уушгинд нь орсон усыг яаж гаргахыг мэдэх хүн ховор байв. Бас тэнд анхааруулах самбар ч байсангүй. Юутай ч тэр сэргэлээ. Тэрбээр “Өөрийгөө үхчихлээ л гэж бодлоо. Ийм зүйл болно гэж санасангүй” хэмээв.
“Мөстлөгийн үед үүссэн нуур ийм л аюултай. Доогуураа элсэрхэг болохоор хүмүүс орох нь их. Гэвч ан цав ихтэй болохоор усанд хөл алддаг. Үүнээс цааш юу болсныг бид одоо харж байна” гэх нэгэн ч байлаа. Ийм явдал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд гарсан юм.
Зуны улиралд иргэд орон нутгийг зорьж, аялж зугаалах нь түгээмэл. Иргэд ихэнхдээ л гол, нуурын эрэг дагуу амардаг. Энэ үедээ усанд сэлэх гэж ороод ийнхүү хөл алдаж, осолдох тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд, Хөвсгөл нуурын эрэг орчимд амарч байсан гурван иргэн усанд осолдлоо” гэсэн дуудлага уржигдар 14.37 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу очиход нэг иргэний цогцсыг гаргасан байж. Алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, усанд осолдсон нэгнийгээ аврахаар ороод амиа алдсан хоёр иргэний цогцсыг нуурын эргээс 30 метрийн зайд байхад нь олжээ. Ийм тохиолдол олширсон тул тус аймгийн онцгой байдлын алба хаагчид усны ослоос сэргийлэх самбар байршуулж буй аж.
Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Усанд живсний улмаас дэлхий дахинд зургаан минут тутамд нэг, өдөрт 224, сард 6810, жилд 81 720 хүн амиа алддаг гэх судалгаа бий. Энэ он гарснаас хойш манай улсад усны 89 осол бүртгэгдэж, 74 иргэн энджээ. Тэдний 60 нь том хүн, 14 нь хүүхэд байж. Ийнхүү осолдсоны гол шалтгааныг уст цэгүүдийн ойролцоо анхааруулах самбар төдийлөн байдаггүйтэй холбон тайлбарлаж ч болох юм. Хөвсгөл нуурын орчимд хэд хэдэн анхааруулах самбар байршуулсан байх агаад аялалжуулчлалынбусадбүсэдтөдийлөн байдаггүй аж. Анхааруулах самбар байсаар атал усанд орж, эрсдэх хүн үгүй шүү дээ. Иймд орон нутагт гол, нууруудын орчим, авто замын хажууд уснаас сэрэмжлүүлэх самбарыг олноор байршуулах шаардлагатай байна.
Мөн иргэд голын эрэг дагуу байрлуулсан сэрэмжлүүлгийн самбаруудыг анхааран аюулгүй байдлаа хангаж, ослоос сэргийлэх хэрэгтэй.
Бэлтгэсэн А.Үүл