Улсын минь нийслэл, 1.6 сая хүн амьдардаг метрополис хотын иргэд утаа, түгжрэлдээ ундууцан бухимдах мөчтэйгөө золголоо. Урин дулаан цагт найр наадам, амралт зугаалгаар хөдөөг зоригсод ажил, сургуульдаа орцгоож, оюутан, сурагчид ч орж ирцгээв. Улигт түгжрэл чинээндээ тулах нь гарцаагүй. Түгжрэлийн гол шалтгаан бол нийслэлийг удирдаж байсан албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн, хот төлөвлөлтийн бодлогоо үл тоож газар замбараагүй олгосноос эхтэй. Гэтэл хотын удирдлага замбараагүй олгосон газраа дахин үнэд хүргэх, хэтэвчээ зузаалах гэснийх үү, эсвэл үнэхээр төлөвлөлтгүй барьж буй барилгуудаа цэгцлэх гэснийх үү 2018 онд нэгэн захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу бол нийслэлийн төвийн нэлээд олон хэсэгт барилга барих ёсгүй болж. Гэвч уг захирамжийг үл ойшоон олон барилга барьж, зарим нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсаар байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ 2019 ОНООС ХАНГАГДСАН БАЙМААР
Нийслэлийн Засаг даргаар С.Батболд ажиллаж байхдаа 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд А/1148 дугаартай захирамж гаргасан аж. Өдгөө ч энэ захирамж хүчин төгөлдөр хэвээрээ буй юм билээ. Эл захирамжийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хийсэн бол нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх 2019 оноос хангагдаж эхэлсэн баймаар. Харамсалтай нь, “Монголын хууль гурав хоног л хэрэгждэг” болохоор энэ захирамжийг мэддэг, санадаг хүн ч үгүй болсон биз. С.Батболдыг огцруулахад түүнтэй хамт захирамж нь алга болж, дараагийн дарга нар нь ч төрийн албаны залгамж чанар гэгчийг “мартдаг” улсад бид амьдарч буй билээ. Уг нь дээрх захирамжид “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосугай” гэжээ. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжид тодотгосон Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-т “Суурьшлын зориулалтын газар буюу суурьшлын бүсийг оршин суугчдад тав тухтай, эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулна. Энэхүү нормыг зөрчсөн аливаа барилга, байгууламж, үйл ажиллагааг суурьшлын бүсэд байгуулахыг хориглоно. Орон сууцын хороололд нийтийн үйлчилгээний болон орон сууц ашиглалтын 0.5 га-гаас ихгүй эдэлбэр газар бүхий барилга байгууламж, орчин тойрондоо хортой нөлөө үзүүлдэггүй (чимээ шуугиан, чичирхийлэл, соронзон талбай, цацрагийн нөлөө, хөрс, агаар, ус бохирдуулах болон бусад) үйлдвэр байгуулахыг зөвшөөрнө. Хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй барилга байгууламжийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 25 м байна” хэмээн заасныг үндэслэл болгож гаргасан аж. Харамсалтай нь, барилгын энэ норм, дүрмийг зөрчиж, эрүүл ахуйн хамгаалалтын бүс хэмээх 25 м зайг ч үл ойшоон барилга барьсаар буй билээ.
111 ГАЗРЫН 1044 ГА ТАЛБАЙД БАРИЛГА БАРИХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Нийслэлийн Засаг даргын дээр дурдсан захирамжийн хавсралтад зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 111 газрын 1044 га талбайд барилга барихыг хориглосон байх юм. Тодруулбал, Хан-Уулд 15 байршлын 133, Чингэлтэйд зургаан газрын 29.5, Сүхбаатарт 13 байршлын 48.4, Баянголд 36 байршлын 328.6, Баянзүрхэд 31 газрын 389, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршлын 110.5 га талбайд нэмж барилга барихгүй байхаар тусгасан аж.
Гэтэл энэ захирамж цаасан дээр л ул мөрөө үлдээснээс биш, амьдралд дийлэнхдээ хэрэгжсэнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт нэг га талбайд 700-800 хүн амьдарч буй, нягтаршил ихтэй учраас барилга, байгууламж барихыг хориглосон хязгаарт багтаасан байх юм. Гэтэл өнөөдөр тэнд нэмж барилга барьсаар буй билээ. Тодруулбал, “Саруул” хорооллын урд талд залгуулаад “Алтай констракшн” ХХК-ийнхан барилгын ажил үргэлжлүүлсээр байгаа юм. Энэ мэтээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороогоор тогтохгүй, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт барилга барьсаар. Жишээ нь, Сүхбаатар дүүр
гийн I хорооны нутаг, Ойн гудамж буюу олны нэрлэж заншсанаар “Улаанбаатар буян” ХХК-ийн хойд хэсэгт таван га газарт орон сууцын барилга барихыг хориглосон байна. Гэтэл тэнд өнөөдөр нэгэн аж ахуйн нэгж орон сууцын барилга барьж байгаа.
Мөн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Ар Зайсангийн гудамжинд 24.1 га талбайд барилга барихыг хориглож. Гэтэл хэдхэн хоногийн өмнө тэнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьж буй барилгад гал гарч, ойр хавийнхаа оршин суугчдыг айдас түгшүүрт автуулсан юм. Энэ мэтээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах захирамж зөрчигдөж, өнгөрсөн өвлийн “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэгч автомашинаас үүдэлтэй галын аюул олон айлыг хохироосон шиг явдал давтагдах вий хэмээн оршин суугчид айдас түгшүүртэй өнжжээ.
АЙЛЫН БАЙШИНГ ТОЙРУУЛЖ ӨНДӨР ОРОН СУУЦ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРААС ОЛГОЧХОЖ
Дээрх нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг, иргэдийн ярьж хэвшсэнээр “Натур”-ын зам дагуу барилга барихыг хязгаарласан бүсэд багтаасан байгаа юм. Нэг га талбайд 500-600 хүн оршин суугаа гэж үзсэн аж. Тиймээс 9.2 га талбайг барилгажуулахыг хориглосон юм байна. Гэтэл өнөөдөр тухайн талбайд, Сэлбэ голын зүүн эрэгт хэд хэдэн өндөр барилга барьчихжээ. Үерийн ус зоорийн давхар луу нь орж, тэнд байсан машинуудыг усанд автуулсан эл бүсэд барьсан барилгатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа оролдож байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн нэг тийш болгохгүй, хоорондоо шидэлцсээр хохирсон иргэнийг зовоож, залхаах гэж буй юм шиг ажиллаж буй гэхэд хилсдэхгүй нь. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд, барилга барихыг хориглохоор захирамж гарсан талбайд иргэдийн эрхэд халдаж, хувийн сууцыг нь тойруулаад, нарыг нь хаагаад өндөр байшин сүндэрлүүлчихсэн аж. Тиймээс эрх нь зөрчигдсөн иргэн Ж.Наранбаатар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд, Ойн гудамжны 4 тоот амины орон сууцын хаягтаа гэр бүлийн хамтаар 16 жил амьдарч байна. Гэтэл 2020 оны долоодугаар сараас амьдран буй орон сууцад минь тусах нарыг хааж, барилга хоорондын зай хэмжээг зөрчин иргэн Ц.Дашцэрэн 16 давхар барилга барьж эхэлсэн. Ингэснээр миний болон манай гэр бүлийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон Барилгын тухай хуулийн 7.1.1-ийн “Барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.2-ын “Иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” хөндөгдөж эхэлсэн. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, ерөнхий архитектор нь иргэн Ц.Дашцэрэнд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталж, зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7.5-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гэвч үүнийг умартсанаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр тогтохгүй, холбогдох хууль журам, норм, дүрмийг зөрчсөн” хэмээсэн байна. Иргэн Ц.Дашцэрэнгийн бариулсан барилга нь Ж.Наранбаатарын хувийн сууцын нарыг хаасан хэмээн нэхэмжлэлд дурдсан байдаг. Үүний дагуу захиргааны хэргийн шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд орон сууцын барилга хоорондын зайг хэмжиж нягталжээ. Тэгэхэд хувийн сууц болон 16 давхар барилгын хоорондын зай 11.39 м байсан гэнэ. Орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/ дүрэмд зааснаар бол “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцын өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 20 метр байна” гэжээ. Үүнээс үзэхэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн ерөнхий архитектор хээл хахууль авсан уу, эсвэл өөр ашиг сонирхлын зөрчилтэй байснаас уу, барилгын норм, дүрмүүдийг зөрчин зөвшөөрөл олгочхож.
ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧЧИХӨӨД БАЙХАД ШҮҮХ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ХАРАМСАЛТАЙ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд А/1148 дугаартай захирамжийг зөрчин 2020 онд зөвшөөрөл олгон зоорийн давхар бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай 16 давхар нэг бус барилга барьж иргэн Ж.Наранбаатарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн нь тодорхой эл маргааныг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа, Т.Мөнх-Эрдэнэ, Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцжээ. Улмаар нэхэмжлэгч иргэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Үүнийг эсэргүүцэн нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Ж.Наранбаатар гомдол гаргахад “Анхан шатны шүүх нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гарсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ” гэжээ.
Иргэн Ж.Наранбаатарын хувийн сууцын урд талд барьсан өндөр байшин барилга хоорондын зайг зөрчөөд зогсохгүй нарыг нь хаасан. Нарны шууд тусгал орон сууцад үзнэ гэдэг эрүүл орчинд амьдрах нэг үндэс. Гэтэл холбогдох байгууллагынхан нарыг нь хаасныг ч үл ойшоосон байгаа юм. Нарны ээвэрлэлт иргэн Ж.Наранбаатарын сууцад хэрхэн нөлөөлж буйг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж эцэслэн тогтоолгохоор нэхэмжлэгч шаардлагадаа дурдсан боловч шинжээчид ашиг сонирхлын зөрчилтэйгөөс үү, бүрэн гүйцэд дүгнэлт гаргаж өгөөгүй гэнэ. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шинжээчид нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлно гэсэн заалтыг үндэслэн тооцов гэсэн боловч нэхэмжлэгчийн сууцын нарны тусгалын зайн хэмжээ нь Ц.Дашцэрэнгийн 16 давхар барилгаас шалтгаалж хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй, бодит байдлаас зөрүүтэй гэдгийг нарийвчлан тогтоогоогүй” гэж дурдсан байх юм.
Түүгээр ч зогсохгүй барилга хоорондын зай чухам хэд байх ёстойг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллага болох Барилгын хөгжлийн төвөөс нотлох баримт гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байна. Гэтэл тус төвийнхөн шүүхэд шаардлага хангахгүй нотлох баримт хүргүүлжээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд Орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 дүрмийн 12 дугаар хүснэгтийг цуглуулсан боловч шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, барилга хоорондын зайн хэмжээ нь зөрүүтэй байна” гэжээ.
Хотын удирдлага нь төлөвлөлтгүй барилгаа цэгцлэх гэж шийдвэр гаргадаг, хэрэгжүүлэгчид нь үл ойшоож, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин зөвшөөрөл олгодог, төрийн өмчит Барилгын хөгжлийн төв хэмээх мэргэшсэн байгууллага нь шүүхдээ шаардлага хангахгүй, зөрүүтэй мэдээлэл бүхий нотлох баримт гаргаж өгч л байдаг. Хууль, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс хэзээ болно доо, бид