Нийслэлийн ирэх оны төсөв түүхэн дээд хэмжээнд буюу 3.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол төсвийн 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэх юм байна. Улаанбаатарын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нуруун дээр ийм хэмжээний ачаа ирнэ гэсэн үг. Учир нь хотын төсвийг томруулахын тулд зарим төрлийн татварыг 2.5-5 дахин нэмж, бас торгууль, шийтгэврийн замаар татаж авах орлогоо ч эрс ихэсгэв. Товчхондоо, иргэдээ “холгох” төсвийг Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын босгоор төвөггүй давуулж, МАН олонх буюу 45 суудлын 40-ийг нь авсан хотын парламент ч торох зүйлгүйгээр баталчихлаа.
Х.НЯМБААТАРЫН “ДАЙН” ҮРГЭЛЖИЛНЭ
Хотын дарга Х.Нямбаатар автомашинтай “дайн зарлаж”, улсын дугаар олгохыг хүртэл хязгаарлаад байгааг бид мэднэ. Түүний эл тэмцэл ирэх жил ч үргэлжлэх бөгөөд автомашинтай холбоотой хоёр төрлийн татварыг эрс нэмэхээр боллоо. Тодруулбал, Улаанбаатарт ирэх жил авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмнэ. Ялангуяа авто зам ашигласны төлбөрийг маш өндөр дүнгээр буюу тав дахин өсгөхөөр болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна.
Нийслэлд автомашин унаж буй иргэд жил бүр гурван төрлийн татвар төлдөг. Үүнээс хоёрыг нь нэмж, нийт 155.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх санаачилгыг Х.Нямбаатар гаргажээ. Улаанбаатарт хамгийн олон байдаг машин нь “Приус”. Нийт бүртгэлтэй машины 20 гаруй хувийг эл загварын тээврийн хэрэгсэл эзэлдэг юм байна. “Приус”-тэй жолооч нар зам ашигласны төлбөрт одоогоор жилд 20 мянган төгрөг “тушаадаг”. Тэгвэл ирэх онд 100 мянгыг төлөх нь. Түүнчлэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт жилд нэг удаа 36 мянган төгрөг төлдөг байсан нь гурав дахин нэмэгдэж, 108 мянгад хүрэх аж.
Иргэдэд ирэх дарамт үүгээр хязгаарлагдахгүй. Хянан шалгах, торгох, шийтгэх үйл ажиллагаа ирэх онд нийслэл даяар эрс эрчимжих төлөвтэй. Ганцхан жишээ дурдахад, ирэх жилийн төсөвт нийт 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх даалгаврыг нийслэлийн удирдлага Тээврийн цагдаагийн албаныханд өгсөн байна. Тус албаныхны энэ оны даалгавар нь 25.5 тэрбум буюу дээрхээс бараг хоёр дахин бага байж. Тэгэхээр тэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд иргэдээ торгох, шийтгэх ажлаа одоогийнхоосоо давуулан биелүүлэх шаардлагатай болно гэсэн үг.
ТӨЛСӨН ТАТВАРЫНХАА ХЭРЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДДАГ БИЛ ҮҮ
Уг нь улаанбаатарчууд төлсөн татварынхаа хэрээр үйлчилгээ авч, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдах ёстой. Гэвч манай хот татвар нэмэх хэмжээний гоё сайхан замтай бил үү. Түүнчлэн нийслэлчүүд хамаг эрхээ хориулж, цагдуулж, аюулгүй орчинд тааваараа амьдрах боломжоо улам л хязгаарлуулсаар байгаа. Бидний төлсөн татварын мөнгө амьдралд төдийлөн нэмэр болдоггүй, үр өгөөж нь мэдэгддэггүй учраас л иргэд эсэргүүцсэн билээ.
Харин хотын удирдлага татвар нэмэх санаачилгаа “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ачаалал, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ” гэж маш гоёор тайлбарласан байна. Харамсалтай нь, дарга нарын гоё үгс иргэдийн амьдралд ер наалддаггүйг нийслэлчүүд сүүлийн 10 жил яс, махандаа тултал ойлгохоор болсон. Учир нь бид зөндөө татвар төлсөн, дарга нар ч утаа, түгжрэл бууруулна гээд маш их мөнгө авсан. Гэвч бидний амьдрах орчин өмнөхөөсөө дордсон уу гэхээс биш, дээрдээгүй.
Тэгээд ч татвар, төлбөр нэмэх нь түгжрэлийг бууруулах оновчтой арга биш гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт онцоллоо. Тэрбээр “Сүүлийн 10 орчим жил автомашины татварыг “хөдөлгөөгүй” учраас одоо нэмэх цаг нь болсон гэж хотын удирдлага тайлбарласан. Гэвч улаанбаатарчуудын амьдрал ахуй өнгөрсөн хугацаанд огт сайжраагүй. Жишээ нь, иргэдийн цалин автомашины татварын нэмэгдэл шиг 2.5-5 дахин дээшилсэн үү. Үгүй биз дээ. Тиймээс татвар, төлбөр нэмэхэд жаахан судалгаатай хандах ёстой байсан. Бас замын түгжрэлийг бууруулах аргуудын нэг нь татвар, төлбөр нэмэх гэж үзээд байгаа нь ч буруу. Түгжрэлээ шийдэж чадахгүй учраас машинуудыг яаж хязгаарлах вэ гэж л бодоод байх шиг. Ингэхдээ дандаа захиргаадалтын арга ашиглаад байна. Машины улсын дугаар олгохгүй гэж өмнө нь шийдвэрлэсэн. Ардчилсан Монгол Улсад хэн хэдэн төгрөгөөр юу авах нь тухайн хүний л асуудал байх ёстой. Гэтэл хотын удирдлага энэ эрхэд нь халдаж, хязгаарласан. Үүнээс гадна өмч хөрөнгөтэй буюу машинтай иргэдийн татварыг маш ихээр нэмэгдүүлж, дарамтлах гэж байна. Ингэхээр нийслэлчүүдийн хувьд автомашин унах нь тансаг хэрэглээнд тооцогддог болох нь” гэсэн юм.
Түүнчлэн хотын удирдлагууд машинтай хүмүүст “хориг тавихдаа” бас л тооцоо судалгаагүй хандсан талаар тэрбээр “Бид өвлийн тэсгим хүйтэнд ажил, сургуульдаа юугаар явах юм бэ. Автобусаар явъя гэхээр нийтийн тээвэр нь хүртээмжгүй. Иргэд өглөө дор хаяж 30-40 минутыг автобус хүлээхэд зарцуулж байна. Автобус нь хүрэлцдэггүй. Тэгэхээр бид алхах юм уу. Утаа үнэртээд алхвал эрүүл мэндээрээ бүр хохирно, даарна. Бас аюулгүй алхаад явах зам нийслэлд байна уу. Энхэл донхол болгоод хаячихсан, гөлгөр, халтирч унах эрсдэлтэй бордюраас авхуулаад асуудал их бий. Тиймээс нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн татвар, төлбөр нэмэхийг эсэргүүцсэн. Гэвч хүлээн авсангүй, анхны төслөө л баталчихлаа” хэмээлээ.
ТӨСВИЙН МӨНГИЙГ ЯАЖ ҮРЭХ ВЭ
Хотын удирдлагуудын ирэх онд зарцуулах мөнгө 3.8 их наяд төгрөгөөр тогтохгүй. Үүн дээр бондын болон гадаадын зээл, тусламжийн 2.1 их наяд төгрөг нэмэгдэхээр байгааг төлөөлөгч Т.Батцогт дурдсан юм. Өөрөөр хэлбэл, хот хоёр төсөвтэй болно гэсэн үг. Нэг талд нь нийслэлийн ИТХ-ын баталсан, иргэдийн татвараар бүрдүүлэх 3.8 их наяд төгрөг. Нөгөө талд нь ямар ч хяналтгүй, зарцуулалт нь тодорхойгүй бондын мөнгө бий. Энэ хоёрын аль аль нь л татвар төлөгчдийн нуруун дээр ирэх дарамт юм. Харин захиран зарцуулагч нь Х.Нямбаатар бөгөөд тэрбээр баруун, солгойгүй цацаж, тансаглана гэсэн үг. Уг нь хотын төсөвт хэмнэж, тэвчиж болох зардал өчнөөн бий аж. Нийслэл дэх Төрийн аудитын газрынхан ч төсвийн төсөлд хийсэн дүгнэлтдээ энэ талаар дурдсан байв.
Жишээ нь, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд 2.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ямар ч тооцоо судалгаагүйгээр ийм мөнгөн дүн тавьсан тул хасах нь зүйтэй гэж аудитын байгууллагынхан дүгнэсэн байна, уг нь. Түүнчлэн соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан 100 сая төгрөг төсөвлөсөн гэнэ. Мөн “Бүтээлч од” төсөлд 950, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400, “Эх оронч сурагч” аянд 200 сая төгрөг зориулах аж. Тоон дотор үсэг гэмээр энэ мэт ажил төсөвт цөөнгүй аж. “Эх оронч сурагч” аян, соёлын эрхийн бичиг зэрэг нь нийслэлийн Засаг даргын ажиллах хүрээнд төдийлөн хамаарахгүй, боловсрол, соёлын салбарынхны хийх ажил баймаар юм.
Бас бидний төлсөн татварын мөнгөнөөс ирэх онд 200 сая төгрөгийг “цаас болгон” замхруулах гэж байна. Тодруулбал, ийм хэмжээний мөнгөөр нийслэлийн мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах аж. Мөнгөө багтааж ядсан нийслэлийн удирдлагууд түүнийгээ зарцуулахын тулд зөвлөх үйлчилгээ авах юм гэнэ. Уг нь янз бүрийн судалгаа, тооцоогоо хийлгэхийн тулд нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг 2022 онд байгуулсан. Тус төв энэ онд гурван тэрбум төгрөгийн төсөв зарцуулжээ. Харин ирэх онд 4.9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Бодлогын судалгааны байгууллага нь тооцоо, судалгаагаа хийдэггүй юм бол татан буулгаж, төсөв хэмнэвэл яасан юм бэ. Мөн ах, дүү найрамдалт харилцаатай хотуудын худалдаа, эдийн засгийн олон улсын форум зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг үрнэ. Хотын удирдлага иргэн, аж ахуйн нэгжүүдээ “холгох” замаар хөрөнгө “босгож”, ийм маягаар л үрээд байна гэсэн үг.
ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАСАНГҮЙ
Нийслэлийн төсвийг хотын “парламент” хэлэлцэн батлах зуур УИХ-ын гишүүд ирэх оны улсын төсвийг яах вэ гэж “толгойгоо гашилгаж” байлаа. Товчхондоо, улсын төсвийг эцэслэн батлаагүй байхад нийслэл төсвөө эцэслэчхэв. Энэ нь цаашид хууль, эрх зүйн асуудал үүсгэж болзошгүйг төлөөлөгч Т.Батцогт сануулсан юм. Тэрбээр “Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, анх удаа бүрэн шинэчлэхээр боллоо шүү дээ. Үүнээс шалтгаалаад 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг зэрэг засаг захиргааны нэгж төсвөө батлах уу, үгүй юү гэдэг том асуудалтай тулгарсан. Ийм тохиолдол манайд өмнө нь гарч байгаагүй. Мэдээж улс нэгдсэн нэг төсөвтэй. Тэрхүү нэгдсэн төсвийг баталсны дараа нийслэл, аймгууд төсвөө хуваарилдаг. Гэтэл улсын төсөв байхгүй атал нийслэл, аймгууд төсвөө хэлэлцэн баталж буй нь цаашдаа хууль, эрх зүйн ямар асуудал үүсгэхийг одоогоор хэлж мэдэхгүй нь” гэлээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн “Улсын төсвийг батлаад, нийслэлийнхэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой” гэж мэдэгджээ.
Нийслэлийн ИТХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар Улаанбаатарын 2025 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл хоёрхон хоногийн дараа буюу өчигдөр төсвийг шуурхайлан баталчихлаа. Төсвийн хэлэлцүүлгийг ч олон нийтэд цахимаар шууд хүргэсэнгүй. Ингэхдээ төсвийн анхны төслийг төдийлөн өөрчлөөгүй бөгөөд өмнө дурдсан татвар, төлбөрийг нэмэх нь тодорхой болсон гэсэн үг. Нөгөөтээгүүр, төсвийн төслөө ч олон нийтэд дорвитой танилцуулсангүй. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч ч төсвөө уншиж танилцсан гэдэг нь эргэлзээтэй. Жишээ нь, дээр дурдсан хоёр төрлийн татварыг нэмэх гэж байгааг иргэд төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр л мэдсэн юм. Ингээд олон нийт эсэргүүцэж, шүүмжилсэн ч хотын дарга Х.Нямбаатар огт тоосонгүй. Нийслэлийн ИТХ дахь “амьгүй албатууд” нь ч татвар төлөгчдөө сонссонгүй. Уг нь татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг нь авч, олон нийтийн хэлэлцүүлэг хийж байж баталдаг журамтай.
М.ОЧ