Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор “…нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 4000, 24 цагийн цэцэрлэгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 5100 төгрөг” байхаар баталсан. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ хоолны зардалд сар бүр 1000 төгрөг төлж байгаа билээ. Эцэг, эх, асран хамгаалагчдын хариуцах зардлыг цахим системийн тусламжтайгаар төвлөрүүлж буй.
Нийслэлийн 309 цэцэрлэг хамрагдахаас өнгөрсөн арванхоёрдугаар сард 299 нь гүйцэтгэлээ илгээжээ. Тэдгээр цэцэрлэгт нийт 97 684 хүүхэд суралцаж буйгаас 47 325 нь зорилтот бүлгийнх аж. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-т заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрхийн хүүхдээс гадна мөн тус хуулийн 20 дугаар зүйл дэх боловсролыг дэмжих үйлчилгээнд тусламж, дэмжлэг үзүүлнэ гэх заалтын дагуу тодорхой бүлгийн хүүхдүүдийг хоолны зардлаас чөлөөлж буй юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин, асрамжийн төвд амьдардаг, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэний хүүхдийг зорилтот бүлгийнх гэж үздэг. Мөн 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг хоолны мөнгөнөөс чөлөөлөх аж. Түүнчлэн гурав болон түүнээс дээш хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаг өрхийн нэг хүүхдээс нэмэлт зардал авахгүй юм байна.
Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмснээр шим тэжээл нь дунджаар 30-40 хувиар сайжирчээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирц болон хоолны шим тэжээлийг бүрэн хянах боломж бүрдсэн гэнэ. Цаашид цэцэрлэгийн хоолны төсвийг хүүхдийн нас, биеийн өсөлт, хөгжилд нийцүүлэн ялгаатай тооцох, багш, ажилчдын ажлын онцлогийг харгалзан хоолны асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар төлөвлөх, орон нутаг, нийслэлийн бүлэг дүүргэлт ялгаатай байгааг харгалзан тогоочийн орон тоог дүйцүүлэн шинэчлэх, хөдөөгийн цэцэрлэгийн хоолны зардлыг нэмэгдүүлэх шаардлагатайг Боловсролын ерөнхий газраас зөвлөсөн юм.
Ч.Туяа