МУИС-ийнхан гоо сайхны, хүнсний бүтээгдэхүүний туршилт, судалгааг хийх боломжтой, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй судалгааны төвтэй болно. Тодруулбал, МУИС-ийн шинжлэх ухаан, технологийн “Улаанбаатар” паркийнхан GMP-ийн стандарт шаардлагад нийцсэн цех байгуулахаар ажиллаж байна. Тус цех нь Монголын их сургуулиудын хувьд анхдагч болох гэнэ. Энэхүү цехийг нэгдүгээр улиралд багтаан нээхээр төлөвлөж буй аж. Нийт 435 ам метр талбайтай эл судалгааны төвийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА 1.6 тэрбумаар, МУИС-иас 405 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.
Уг цехэд хүнс, хүнсний нэмэлт болон гоо сайхны усан суурьтай төрөл бүрийн бүтээгдэхүүний технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх төхөөрөмж байршуулах гэнэ. Ингэснээр ундаа, шүүс, гоо сайхны төрөл бүрийн чийгшүүлэгч, серум, лосион, эмчилгээний мист, ам зайлагч уусмал гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Мөн эмчилгээний зориулалттай тос, гель, гар, нүүр, биеийн тосон бүтээгдэхүүний туршилт, судалгааг ч хийх нь. Эл судалгааны баазыг МУИС-ийн багш, оюутнууд, бусад их сургууль, ШУА-ийнхан ч ашиглах боломжтой.
А.Тэлмэн