Өнгөрсөн амралтын өдөр Мюнхен хотноо дэлхийн аюулгүй байдлын жил тутмын бага хурал болж өнгөрлөө.
Уг хурлыг олон улсын хамтын ажиллагааны шинэ эриний эхлэл гэж шинжээчид нэгэн дуугаар нэрлэж байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн Мюнхенд хэлсэн үг Европыг "шок, айдас" автуулав гэж Италийн “Corriere della Sera” сонинд тодорхойлсон бол Францын “Ле Монд” сонинд “Мюнхены бага хурлаар Ж.Д.Вэнс Европт үзэл суртлын дайн зарлав” гэж бичив.
Мюнхений энэ жилийн бага хуралд 60 орчим төр, засгийн тэргүүн, 150 гаруй сайд, олон улсын байгууллагын тэргүүн оролцжээ. Оросын төлөөлөгчдийг 2022 оноос хойш энэ арга хэмжээнд уриагүй.
Гол сэдвүүдийн нэг нь мэдээж, Украины дайн байлаа. Чуулган болохоос хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Путинтэй утсаар анхны албан ёсны яриа хэлэлцээ хийж, Украины хямрал, түүнийг шийдвэрлэх арга зам зэрэг хэд хэдэн асуудлаар ярилцсан юм.
Бага хуралд АНУ-ын төлөөлөгчдийг Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс тэргүүлсэн бөгөөд эхний өдөр тэрээр Европт үүссэн хямралыг өөрсдийнх нь үйл ажиллагааны үр дагавар гэж мэдэгдэв.
“Европын талаар миний санааг зовоож буй аюул бол Орос ч биш, Хятад ч биш, бусад гаднын ямар нэгэн хүчин ч биш. "Энэ бол дотроосоо гарч буй аюул заналхийлэл. Европ Америкийн Нэгдсэн Улстай хуваалцдаг хамгийн үндсэн үнэт зүйлсээсээ ухрах явдал юм" гэж тэрбээр хэлжээ.
Вэнс мөн Европын холбооны эрх баригчдыг шүүмжилж, Владимир Зеленскийг энхийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийг уриалсан байна.
АНУ-ын эрх баригчдын энэхүү байр суурь Европын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг цочролд оруулав.
Чуулганыг хамгийн түрүүнд шүүмжилсэн хүмүүсийн нэг бол Польшийн Ерөнхий сайд Дональд Туск байлаа. Тэрээр Ж.Д.Вэнсийн мэдэгдэлд сэтгэл дундуур байгаа төдийгүй дэлхийн аюулгүй байдлын энэ жилийн хурлыг “Мюнхений хуйвалдаан” гэж дүгнэжээ.
“Жуулчны хувьд би энэ газар үнэхээр таалагдаж байна. Сайхан хүмүүс, гайхалтай шар айраг, гайхалтай Пинакотек. Түүхч, улс төрч хүний хувьд нщганц үгээр хэлэхэд Мюнхен. "Дахиж хэзээ ч болохгүй" гэж Польшийн Ерөнхий сайд цахим хуудастаа бичсэн байна.
Чуулганд сэтгэл дундуур байгаагаа Балтийн тэнгисийн орнуудын тэргүүн нар ч илэрхийлжээ.
Литвийн ГХЯ-ны дарга асан Габриэлиус Ландсбергид Мюнхенийг "сэтгэлээр унанан" орхиж байгаагаа “АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнсийн хэлсэн үг нойрмог Европт зайлшгүй шаардлагатай эмчилгээ байсан гэдэгтэй би санал нийлж байгаа ч энэ эмчилгээ нь өвчтөнийгөө үхүүлд хүргэчихгүй байгаасай гэж залбирч байна" хэмээн ярьжээ.
Финландын төрийн тэргүүн Стубб бага хурлын үр дүнгийн талаар ярихдаа, энэ нь " эмх замбараагүй утгагүй дипломат ажиллагаа" болсон гэжээ. Европын орнууд батлан хамгаалах тал дээр стратегийн ач холбогдлоо Вашингтонд харуулах ёстой бөгөөд "бага ярьж, илүү их арга хэмжээ авах" хэрэгтэй гэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын байр суурийг ил тод шүүмжилж, Киевт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг Европт уриалсан байна. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй хэлэлцээ хийх үеэрээ Вашингтонтой газрын ховор элементийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ.
"Шударга байцгаая: Европт заналхийлж буй асуудлаар АНУ "үгүй" гэж хэлэхийг бид одоо үгүйсгэж чадахгүй. Европ өөрийн гэсэн армитай болох хэрэгтэй гэж олон удирдагчид ярьж байсан. Би үнэхээр цаг нь ирсэн гэж бодож байна. "Европын зэвсэгт хүчин бий болох ёстой" гэж Зеленский хэлсэн байна.
Европын улс төрчид хариуд нь: Украиныг дэмжинэ гэж амласан ч цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шаарджээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Украины асуудлаар Европын холбооны удирдагчдын уулзалтыг хоёрдугаар сарын 16-нд хийх хийх гэж байгааг талаар ам алджээ. Ам алдсан гэдэг нь энэхүү уулзалтыг албан ёсоор зарлаагүй байгаа аж.
Үүний зэрэгцээ Москва, Вашингтоны төлөөлөгчид удахгүй болох хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг хэлэлцэх гэж байгаа Саудын Арабд болох уулзалтад Киевийн төлөөлөгчдийг уриагүй нь тодорхой болов.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч " Украины оролцоогүйгээр, бидний ар хударгаар байгуулсан гэрээг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлог Украин, Оросын энхийн төлөвлөгөөг боловсруулахад хэдэн өдрөөс хэдэн долоо хоног шаардагатай гэж хэлжээ. Тэрээр Украины асуудлаарх хэлэлцээнд Европ оролцохгүй гэдгийг баталсан ч тус тивийн улс орнуудын ашиг сонирхлыг харгалзан үзэхээ амлав.
Үүнээс гадна Келлогг ОХУ-д тавьж болзошгүй шаардлагын талаар ярьжээ. Түүний хэлснээр Москва газар нутгийн буулт хийх ёстой. Харин яг ямар нутаг дэвсгэрийн тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй байна. Тэрээр мөн ОХУ-ын Хятад, Иран, БНАСАУ-тай байгуулсан эвслийг устгах шаардлагатайг тэмдэглэжээ.
Өнөөдөр Украины дайныг зохицуулах яриа хэлэлцээ хийхээр АНУ, Украин, ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабд хүрэлцэн ирээд байна.
Украины төлөөл уг уулзалтад оролцох үгүй нь одоо болтол тоорхойгүй байна.