Пүрэв гаргийн 08.30 цагийн үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсийн төв орчимд нам гүм байлаа. Хоёр давхар тоосгон, “Хүлээн авах” гэсэн хаягтай барилгын баруун талд хэдэн хүн нарлаж буй бололтой сууцгаана. Дэргэд нь цайвар ногоон өнгийн хувцастай сувилагч зогсож, тэдэнтэй ярилцах бөгөөд давхар “хянасан” байдалтай харагдана. Тэдгээрийн цөөнгүй нь гялаан толгойтой байх юм. Тэднээс баруун хойш зүгт алхаж явсаар хуучнаар “хурцын тасаг” гэгдэх гурван давхар цагаан байшингийн үүдэнд хүрэв. Энэ барилга бол Сэтгэцийн эмгэг судлалын IV клиник аж. Эл барилгын хоёрдугаар давхарт уулзахаар цаг товлосон, тус эмнэлгийн ээлжийн сувилагч А.Мөнх-Эрдэнэ ажиллаж буй. Түүний зааварласнаар хоёрдугаар давхарт гарч, хонх дарвал үүд нээгдэн, сувилагч биднийг хүлээн авлаа. Түүнээс бусдаар бол уг барилга руу дүр мэдэн нэвтрэх боломжгүй. Мэдээж өвчтэй нэгнээ эргэх, эмнэлэгт хэвтэхээс бусдаар бол шүү дээ.
ТАВАН СУВИЛАГЧ, 77 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож буй. Эл өдрийг угтан сувилагчийн ажлын онцлогийг харуулахаар зорьсон юм. Эрүүл мэндийн яам болон Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан хоёр жилд нэг удаа шалгаруулдаг “Эрдэнийн чагнуур” шагналын энэ жилийн эзнээр А.Мөнх-Эрдэнэ тодорсон билээ. Анх удаа эрэгтэй сувилагч, тэр дундаа мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн салбараас шалгарсан нь энэ жилийн онцлог байлаа. Барилгын давхар бүрд өөр өөр аймаг, дүүргийн харьяалалтай үйлчлүүлэгч хүлээн авдаг аж. Үндсэн тасаг гэж нэрлэдэг, сэтгэцийн өвчний оноштой өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлдэг энэ газарт нийслэлээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, орон нутгаас Төв, Увс, Дорноговь аймгийнхан ирж хэвтэн эмчлүүлдэг юм байна. Мөн архины солиорол, хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүс энд эмчлүүлж буй. Уг нь архинд донтох эмгэгтэй иргэдийг хүлээн авдаг 30 ортой тасаг бий ч байнга дүүрэн хүнтэй аж. Ор дүүрсэн тохиолдолд ийм оноштой хүмүүсийг давхар бүрд харьяаллын дагуу хүлээн авдаг юм байна. Харин Донтох эмгэг судлалын клиникт ор суларсан үед өвчтөнийг тийш нь хуваарилдаг гэнэ.
09.00 цагт А.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээн авлаа. Ажлаа хүлээлцэхээс 10 минутын өмнө хувцсаа сольж, бэлэн болсон байх бөгөөд өнөөдөр тавуулаа нэг ээлжид гарах юм байна. Өөрөөр хэлбэл, өдөрт ээлжийн болон тарианы нэг, туслах гурван сувилагч ажилладаг аж. Өмнөх орой нь хонож ажилласан сувилагч эмэгтэй өвчтөнүүдийн биеийн байдал, хэрхэн хоносон талаар мэдээлэл өгөв. Энэ тасагт тухайн өдөр 77 хүн хэвтэн эмчлүүлж байв. Удалгүй тасгийн эрхлэгч, эмч, ахлах сувилагч нар ирж, бүх өрөө тасалгаагаар орж, шинэ өвчтөн байвал танилцаж, ил харагдах шарх сорви бий, эсэхийг шалгалаа. Унаж татдаг өвчтөн цөөнгүй учир энд тэнд унаж, хөл, гараа гэмтээх тохиолдол бишгүй гардаг гэнэ. Өчигдөр шөнө өвчтөнүүд тайван хоносон бөгөөд хоёр эмэгтэйн шүд өвджээ. А.Мөнх-Эрдэнэ тэднийг дагуулан шүдний эмчид үзүүлэхээр явав. Шүд, хэвлийн ЭХО, эмэгтэйчүүдийн үзлэг зэргийг эмнэлэг дотроо хийдэг юм байна. Ийн өвчтөнүүдийнхээ биеийн байдалтай танилцах зуур түүнтэй таарсан хүн бүр “Сайн байна уу” хэмээн найрсаг мэндлэх юм. Хариу заавал мэндлэх хэрэгтэйг А.МөнхЭрдэнэ онцлон хэлэв. Учир нь сэтгэл нь хямарсан, хөөрсөн хүмүүс маш эмзэг байдаг гэнэ. Хариу мэндлэхгүй бол “Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн” хэмээн илүү шаналдаг, сэтгэлээр унадаг хэмээн тэрбээр учирлав. Эл эмнэлэгт олон жил ажиллаж буй учир үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцахаа андахгүй болжээ.
ЦАГДАА БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ ОРХИСОН НЬ
“Ажилласан жил минь арай л бага байна даа” хэмээн 17 жилийнхээ хөдөлмөрийг дутуу үнэлсэн түүнийг “Эрдэнийн чагнуур”-ын эзэн боллоо гэхэд итгэж ер өгөхгүй байж. “Шилдэг эмч нарт олгодог “Алтан чагнуур”-тай адил нэр хүндтэй шагнал юм билээ. Маш их баярласан” хэмээн даруухан ярьж сууна. 10.00 цагаас үйлчлүүлэгч нартаа эм уулгахаас нь өмнө “барьж авч”, сувилагч мэргэжлийг яагаад сонгосон талаар нь хуучилсан юм. Сэтгэцийн эмгэг судлалын IV клиникт түүнээс гадна ганц эрэгтэй сувилагч бий аж. Харин эмнэлгийн хэмжээнд найман эрэгтэй сувилагч ажилладаг гэнэ. А.Мөнх-Эрдэнийн ээж сумын эмнэлэгт насаараа шахуу асрагчаар ажиллажээ. Эмнэлэг, сургууль ойрхон тул хичээлийнхээ завсарлагаанаар ээжийнхээ ажил руу гүйгээд оччихдог, багаасаа л эрүүл мэндийн салбартай ойр өссөн нь одоогийн мэргэжлээ сонгоход нь нөлөөлсөн гэнэ. Уг нь тэрбээр цагдаа болохыг хүсэж байж. Цэрэгт явж ирснийхээ дараа цагдаа болохоор зориг шулуудаад байтал ээж нь түүнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллахыг зөвлөжээ. “Миний хүүгийн ааш занд цагдаа тохирохгүй ээ. Зөөлөн зантай, тайван хүнд эмнэлгийн байгууллага л тохирно” хэмээн ятгасан гэнэ лээ. Түүний төрсөн эгч А.Бямбасүрэн нь тус эмнэлэгт мөн сувилагчаар ажилладаг. Өдгөө 30 гаруй жил ажиллаж буй “архаг” нэгэн. Эгчийн нөлөө, ээжийн захиасын дагуу А.Мөнх-Эрдэнэ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд туслах сувилагчаар ажиллах болж. Харин түүний ах хүслийг нь гүйцээж, хүчний байгууллагад ажилласаар хошууч цол¬д хүрчээ.
Эмнэлэгт туслахаар ажиллаж байхдаа “Глобал удирдагч” их сургуулийн сувилахуйн сургуульд “жинхэнэ” сувилагч болохоор суралцжээ. Түүний багш олон улсын Ф.Найтингелийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Сүрэнхай гэнэ. Сувилахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, эрүүл мэндийн ажилтнуудын бахархал болсон хүнээр хичээл заалгаж, сувилагч мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж явдгаа тэрбээр хэлсэн. Анх хүнд тариа тарихдаа айж сандарч, гар нь салганаж, судас хагалах зэргээр будилж байснаа нуусангүй. Гэхдээ маш богино хугацаанд ажилдаа гаршсан гэнэ. “7080 хүн хариуцаж ажиллаж байгаа гэдгээ ойлгож ухамсарлаж байсан тул ажилдаа маш хариуцлагатай ханддаг. Би энэ хүмүүсийн эрүүл мэнд, амийг хариуцаж байгаа тул хичээхээс өөр аргагүй хэмээн өөрийгөө дайчилсан” гэж тэрбээр ярив. Өглөө 09.00-өөс 15.00 цаг хүртэл ажиллаад маргааш нь 15.00 цагаас хонож ажилладаг юм байна. Хонож ажиллахын өмнө нойроо сайн авч, амрах нь чухал гэдгийг онцолсон. Ганцаараа 70-80 хүний эм уулгаж, тариа хийж, хооллож, ярилцаж, сэтгэл санааг нь тайван байлгахад анхаарах гээд түүний ажил мундахгүй тул нойр, хоолоо зөв зохицуулах нь ажлын бүтээмжид нь эергээр нөлөөлдөг ажээ.
10.00 цагт А.Мөнх-Эрдэнэ өвчтөн бүрд эмийг нь уулгав. Хүн нэг бүрийг маш сайн ажиглаж, ярилцах, сонсох нь ажлынх нь гол онцлог юм байна. Тэрбээр эмнэлгийнхээ эмийн сангаас өнөөдөр хэрэглэх эм, тариагаа авсны дараа эмийг нь нунтаглан нухаж, халбаган дээр тавьж, усаар даруулан өвчтөн бүрийн аманд хийж өгөв. Ингэж өөрийн нүдээр харж, уусан, эсэхийг нь заавал шалгах ёстой. Үгүй бол өвч¬ төнүүд эмээ залгихгүй хаях, нэг бол бөөнд нь бүгдийг уух эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчтөний өрөөнд ганц ширхэг ч эм оруулдаггүй бөгөөд зөвхөн сувилагч эмийг гардан уулгана. Зарим нь эмийг ихэд дуртай ууж, “Эм ууснаас хойш 10 минут ариун цэврийн өрөө орж болохгүй” хэмээн тайлбарлаж өгөв. Эмийг уухгүйгээр асгах тохиолдол гардаг тул хэсэг хугацаанд ийн харзнадаг аж. Харин зарим өвчтөн эмийг ихэд дургүй ууж байв. Нэг умгар өрөөнд 7-8 хүн хэвтэж байлаа. Бусад эмнэлэгт бол ийм хэмжээтэй өрөөнд 3-4 ор л байдаг. Гэтэл ачаалал их учир хэвтэн эмчлүүлэгсдийг ингэж “шахжээ”. 7-8 ор эгнүүлэн тавьсан жижигхэн өрөөнд хөл гишгэх зай үнэндээ байсангүй. Тус тасаг 60 хүний ортой ч сүүлийн үед байнга л 70-80 хүн хэвтэх болж. Сувилагчийн өрөөнөөс наана буюу үүдээр оронгуут үргэлжлэх хэсэгт эмнэлгээс гарах дөхсөн, эмчилгээнй үр дүн сайтай байгаа өвчтөнүүд хэвтдэг аж. Харин цаад хэсэгт нь илүү “хүнд” хүмүүс хэвтэн эмчлүүлдэг юм байна. Тийшээ гаднын хүн орохыг зөвшөөрдөггүй бөгөөд нэг туслах сувилагч байнга хараа хяналт тавьдаг гэнэ.
ЯГ Л ХҮҮХЭД ШИГ АСРАХ ШААРДЛАГАТАЙ
А.Мөнх-Эрдэнийг эмээ уулгахаар өрөө рүү ороход хүн бүр мэндэлж, халуун дотноор инээмсэглэнэ. Тэрбээр “Манай хэд маш цайлган, биднээс илүү цагаахан сэтгэлтэй шүү дээ” хэмээн ихэд дотночлон ярих. “Өөрийгөө ч танихгүй, хөл, гараа гэмтээсэн ч өвдөж буйгаа мэдэхгүй, хоолоо идэж, бие засаж ч чадахгүй хүмүүс ирдэг юм. Тэднийг яг л хүүхэд шиг асарч тойглох шаардлагатай. Сувилагч тэдний хоолыг нь идүүлнэ, бие засуулна, усанд оруулж, хувцаслаж, сэтгэлээ онгойтол ярихад нь тусалж, дэмжих хэрэгтэй болдог. Ухаан санаа нь солиорлын байдалтай ирсэн өвчтөн эмнэлэгт хэд хоног эмчлүүлээд, сайхан сэргээд ирдэг. Сэтгэл санаа нь тайван болж, эмчилгээ үр дүнгээ өгдөг юм. Гэвч харамсалтай нь, ар гэрийнхнийх нь асаргаа сувилгаа муу, эмийг нь тогтмол цагт нь өгдөггүй, хооллож ундлахгүй байх тохиолдол цөөнгүй. Хатуухандаа, ихэнх гэр бүл сэтгэцийн асуудалтай хүмүүсээ тоохгүй, орхигдуулдаг талтай. Гэхдээ ар гэрийнх нь асаргаа сувилгаа сайтай, анхаарал халамж дүүрэн, байнга эргэж тойрдог нь ч бий. Ар гэрийн асаргаа сайтай, эмийг нь цагт уулгаж, эмчийн хяналтад тогтмол оруулдаг бол хэдэн жил ч энүүгээр ирэхгүй сайхан байгаад байдаг. Гэтэл зарим нь эмнэлгээс гараад гурав хонохгүй буцаад ирдэг юм” хэмээн ярив. Төрсөн аавыгаа үгүйсгэж миний аав биш, би хамаатных нь хүн гээд зогсож байсан залууг хараад нулимс дуслуулж байснаа А.Мөнх-Эрдэнэ ер мартдаггүй гэнэ. Эмнэлэгт анх ирснээ бодоход биеийн байдал нь сайжирсан аав нь “Миний хүү юу яриад байна вэ” хэмээн өрөвдөлтэй харцаар ширтсэнийг тэрбээр тод санадаг аж. Төрсөн үр хүүхдэдээ гологдсон хөөрхий аавыг эмнэлгээс гаргаад ямар нөхцөл байдал угтах нь ойлгомжтой тул тэрбээр хэдэн хоног ч гэсэн дулаан газар халуун хоол, ундтай байг хэмээн хэвтэх хоногийг нь нэмж байжээ. Энэ мэт сэтгэл хямраасан хэцүү зүйл тулгардаг ч ажлынхаа стресс бухимдлыг аль болох хаалганы цаана үлдээхийг хичээдэг гэнэ. Дотоод хүнтэйгээ ярилцаж, сонсох нь түүний ажлын нэг онцлог. Ажил дээр болсон хүнд хэцүү асуудал, сэтгэл өвтгөсөн бүхнийг сувилагчийн хувцастайгаа “тайлж” үлдээгээд гэртээ эхнэр, хоёр хүүхдэдээ ямар нэгэн стресс бухимдалгүй очихыг хичээдэг ажээ. “Хүн өвч¬ нийхөө оношийг мэдээд хэрхэн, яаж эдгээх арга замыг эрэлхийлдэг. Харин сэтгэцийн эмгэгтэй хүн өөрийгөө мэдэхгүй, хянах чадвараа алддаг. Энд ирсэн хүмүүс эхний хэдэн өдөр үнэхээр хүнд байдаг. Тэр өдрүүдэд нь эмч, сувилагчид өвчтөнийхөө тархи нь болдог юм. Эмчилгээ үр дүнгээ өгтөл, солиорлын байдал нь зүгээр болтол гардан асардаг гэсэн үг. Хоолыг нь халбагадаж өгнө, бие засуулна, усанд оруулна, тариаг нь хийж, эмийг нь уулгана гэх мэт. Ухаан мэдрэлээ алдсан үедээ гэнэт цохих, хазах зэргээр эмч, сувилагчийн биед халдах тохиолдол гардаг. Би анх ажилд ороод удаагүй байхдаа мөрөө мултаж байсан юм. Өөрөөсөө том биетэй өвчтөнтэй харьцаж байхдаа гэмтсэн. Тухайн үед ажлаасаа гарах тухай ч бодож байв. Үнэхээр хэцүү санагдах, шантрах үе байсан ч 17 жил тасралтгүй ажиллажээ. Цаашид ч энэ мэргэжлээрээ ажиллана. Намайг ажилд ороход эмнэлгийн гадна ийм олон автомашин байдаггүй байлаа. Харин одоо хүмүүс сэтгэцийн эрүүл мэнддээ санаа тавьж, эмчид үзүүлж, зөвлөгөө авдаг болжээ. Гэр бүлийнх нь нэг хүн сэтгэл гутрал болон ямар нэгэн донтох эмгэгтэй болж, сэтгэл түгшиж, өвдөөд эхлэхээр сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголттой болдог юм байна. Сэтгэл засалч эмч нартай ярилцаж, бага дээр нь арга хэмжээ авах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг болж. Манай эмнэлэгт үзүүлэх гэсэн хүмүүсийн дараалал их, ор хүрэлцдэггүй. Нийгмээс шалтгаалсан стресс их байгаа нь сэтгэл санааны тулгамдсан асуудалтай хүний тоог нэмсээр. Мөн архи, тамхи, мансууруулах бодист донтсон, солиорлын шинжтэй хүмүүс их ирдэг. Архины хамааралтай эмэгтэйчүүд түлхүү ирдэг болсон. 20 хэдхэн настай залуучууд архинд донтох эмгэгтэй болчихсон, эмчлүүлж байна шүү дээ” хэмээн ярив. Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэгэнт тулгамдсан асуудал болсон нь улсдаа ганц байдаг эл эмнэлэг ачаалал ихтэй ажиллаж буйгаас бэлхнээ харагдаж буй юм. Том, тохилог эмнэлэгтэй болохыг хүсэж буйгаа эмч, сувилагчид хэлнэ лээ. Нэг жижигхэн өрөөнд 7-8 хүнийг хэвтүүлсэн нь стандартад нийцэхээргүй харагдсан. Олон хүн нэг дор бөөгнөрсний улмаас агаар сэлгэлт тааруу, эмчилгээний үр дүнд ч сөргөөр нөлөөлөхөөр байв. Орчин нөхцөл сайтай тохиолдолд эмчлүүлэгчдийн ч сэтгэл санаа тайван байдгийг А.Мөнх-Эрдэнэ хэлсэн. Үйлчлүүлэгч нартайгаа маш зөөлөн, зөв харилцах нь хамгийн чухал гэнэ. Сувилагчийн таагүй харилцаа, хандлагаас болж эмчлүүлэг¬ чид нэмэлт зовуурь үүсгэх магадлал өндөртэйг тэрбээр дуулгав. Үйлчлүүлэгч нар ч сувилагчдаа “ажиглачихсан” байдаг гэнэ. Ямар сувилагч ажил¬лах нь тэдний сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг аж. А.Мөнх-Эрдэнэ сувилагчийг ээлжтэй үед олонх нь тайван, айх аюулгүй мэт байдгаа хэлж байжээ. Жаахан ааштай, загнадаг сувилагчид бол таагүй ханддаг гэнэ. Иймд өвчтөнүүдтэйгээ маш сайхан харилцаж, ойлгож сонсох нь эмчилгээний нэг арга болжээ. Олон жил ажилласан туршлагаараа А.МөнхЭрдэнэ үйлчлүүлэгчийг хараад л гадарладаг болсон байна. Нүдийг нь хараад сэтгэл санаа нь ямархуу байна, яаж харьцах вэ гэдгийг мэдэрдэг хэмээв. Огцом ширүүн үйлдэл хийхээр байна уу, амиа егүүтгэж магадгүй, анхаарах ёстой гэсэн мэдрэмжийнхээ дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ер алддаггүй хэмээн ярив. Шөнийн цагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл санаа тавгүйрхэж, нойргүйтдэг тул энэ үед нь илүү соргог, сэрэмжтэй байж, хүн бүрийг сайн ажиглаж, хянуур байх ёстой гэнэ. Ингэж чадаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол ч гардаг аж. Үүний зэрэгцээ өвчин нь эдгэрч, бие нь сайжирсан хүмүүс баярлаж, талархсанаа илэрхийлэх нь урам зориг өгдөг юм байна.
Биднийг ийн ярилцах зуур 13.00 цаг дөхөж байлаа. Тэрбээр үйлчлүүлэгч нартаа өдрийн хоолыг нь тараах ажилтай болов. Туслах сувилагчийн хамтаар хүн бүрд хоолыг нь аягалж өгдөг юм байна. Хэдийгээр тэдний ажил хүнд нөхцөлд хамаардаг ч цалин нь бусад сувилагчийнхаас нэг их илүү гарахгүй юм билээ. Сардаа 1.4 сая төгрөгийн цалинтай. Энэ хүнд нөхцөлд ийм бага цалинтай ажиллаж чадахгүй гээд шинэхэн төгссөн залуус халшраад буцдаг тухай ч тэрбээр ярьсан. Мэдлэгтэй гэхээсээ илүү сэтгэлтэй хүн л сувилагчаар ажиллаж чадна гэж түүний хэлсэн энэ ажлын үнэ цэнийг тодорхойлох биз ээ. Сувилагчийн хувцасгүй хоносон шөнө цөөн. Сарын 30 хоногийн долоон өдөр нь гэртээ бүтэн нойртой хонодог гэнэ лээ. Зуны амралтаараа ч аялж зугаалж амжихгүй, хувийн эмнэлэгт цагаар ажиллаж, ахуй амьдралаа залгуулдаг болохоо нуугаагүй. Хүнтэй маш сайн сэтгэлээсээ харилцаж, ярилцаж чаддаг хүн л энэ газарт тэсэж үлдэнэ. Сувилагч хүн өвчтөнтэйгээ өдөр, шөнөгүй ойр байж, хамгийн их ойлгож, тусалж дэмждэг. Тиймээс харилцаа хандлагадаа маш сайн анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүй нь тогтворгүй хүмүүстэй ажиллаж байгаагаа ухамсарлаж, тэднийг гомдоох, сэтгэлээр унагах үг, үйлдэл гаргаж болохгүй. Сонсоод “Бүх зүйл сайхан болно оо” гээд урам хайрлахаар үйлчүүлэгчдийн нүд нь сэргээд ирдэг хэмээн А.Мөнх-Эрдэнэ хэлсэн. “Манай төвийн “1800-2000” гээд 24 цагийн турш зөвлөгөө өгдөг утас байдаг юм. Эмч нар зөвлөгөө өгдөг. Сэтгэцийн ямар нэгэн асуудал бий бол амбулаториор үзүүлэх боломжтой. Сэтгэлээ өвдсөнийг тоохгүй яваад байж болохгүй шүү” хэмээн аминчлан захисныг нь та бүхэндээ уламжилъя.