Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүний эрхийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гарын авлага боловсруулахаар болжээ. Үүний хүрээнд ажлын хэсэг байгуулж, анхны хурлаа хийсэн байна. Ажлын хэсгийнхэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд төдийгүй эрх зүйч, багш мэргэжлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнууд, хууль сахиулах байгууллага, төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн санал бодлыг нь тусгах гэнэ. Хүний эрхийн мэдрэмжтэй иргэдтэй улс болохын тулд ахлах ангиас нь эхлэн боловсрол олгохын чухлыг ажлын хэсгийнхэн онцолж байлаа. Харин багш нар сурах бичгүүдэд хүний эрхийн талаарх хангалттай агуулга бий. Гол нь агуулгын давхцал, хичээлийн цагийн багтаамжийг анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдийн үзэх хичээлийн тоо ихэдсэн үү гэхээс багадаагүй. Агуулгын чанар, заах арга зүй, багш нарын ур чадварыг л сайжруулмаар байна гэж цахимд байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн багш нар өөрсдөө хүний эрхийн хамгийн мэдрэмжгүй улс шүү дээ хэмээн шүүмжлэх нэгэн ч байв.
Ч.Болор