Боловсролын ерөнхий газрынхан их, дээд сургуульд суралцаж буй хараа, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад зориулсан тэмдэглэл хөтлөгчийн үйлчилгээг нэвтрүүлэв. Эл үйлчилгээг авах хүсэлтийг энэ хичээлийн жилд найман оюутан гаргаж, тэмдэглэл хөтлөгчөөр нь зургаан суралцагч ажиллажээ. Уг үйлчилгээнд хамрагдсан оюутнууд лекц, семинар болон багшийн тайлбарыг бичгээр хүлээн авсан аж. Ингэснээр хичээлийн агуулгыг бүрэн ойлгож, сурах арга барил нь ч мэдэгдэхүйц сайжирсан гэнэ. Мөн нэг оюутан хичээлийн туршид хангалттай үнэлгээ авч, шалгалтаас чөлөөлөгдсөн байна. Харин тэмдэглэл хөтлөгч оюутны бичих чадвар сайжирч, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэлтэй болсноос гадна хүний эрхийг хүндэтгэх, бусдад нөлөөлөх манлайлах чадвар нь нэмэгджээ. Улсын хэмжээнд мэргэжлийн болон их, дээд сургалтын байгууллагад 2023-2024 оны хичээлийн жилд нийт 1089 хөгжлийн бэрхшээлтэй оюутан хамрагдсанаас 326 хараа, сонсголын бэрхшээлтэй байсан аж.
У.Цэцэг