Монголын нийгэм, улс төрийн хүрээнд сүүлийн үед онцлох үйл явдал багагүй тохиолоо. Эдгээр нь олон нийтэд тогтолцооны үр дагавар, шийдвэр, бодлогын үр нөлөөг эргэн харж, дүгнэх боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Энэ ярилцлагад зөвхөн эл халуун сэдэв бус, манай үе үеийн Засгийн газрын нийтлэг алдаа, бодлогын доголдлын талаар хөндлөө. Ингээд нийтлэлч Болушка буюу Б.БолорЭрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Өнөөгийн нийгэм, улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг юу гэж дүгнэх вэ. Энэ засаглалын хямрал мөн үү?
-Бид оюун сэтгэлгээ, үйлдвэрлэлийн технологиороо хүйтэн дайны үеийн орнуудаас ч хоцорчихлоо. Хүүхдээ цэцэрлэгт хамруулах, гудамжаар аюулгүй алхах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, бизнес эрхлэх таатай орчинтой байх зэрэг хүний амьдралд зайлшгүй шаардлагатай орчин, үйл ажиллагаа гэж бий.
Г ол нь түүнийг системээс шалтгаалах тээггүйгээр үйлдэж чадаж байна уу гэдэг чухал. Төсөв тойрсон эдийн засгийн хурдын хүрээнд авч үзвэл, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, бүтээмж, өсөлт бүх талаараа төсвийн эдийн засгаас 2-3 дахин хоцорч, макро, микро түвшинд хямрал нүүрлэсэн. Энэ нөхцөлийг сайжруулахгүй удаж, ужгируулсан учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон гэж хэлэх байна.
-Тодруулбал?
-Үндсэн хууль нь тухайн улс орондоо яг л агаарт цацсан үнэртэн мэт нэвт “шингэж”, шууд үйлчилдэг. Дэндүү бяртай, хамгаалалттай Ерөнхий сайд энэ дунд буруу бодлого хэрэгжүүлбэл юу болдгийг харлаа. МАН дотроо хагаралдаж, хүчний тэмцэл өрнөж буй нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр дамжин илэрлээ гэх өнцөг байна. Үнэн байж мэдэх. Гэхдээ энэ нам нэгдмэл байснаа одоо л зөрчилдөөд байгаа явдал огт биш. Аливаа улсын төрийн албан ёсны бүтэц нь Үндсэн хуульд байдаг ч, нөгөө талаас де факто буюу бодит эрх мэдэлтэй хүчнүүд хаана, хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг чухал. Дан хуулийн системийн дагуу, эсвэл “зодоон”, эр бяраар хэрэгждэг улс төр гэж байхгүй. Де юре, де факто хүчний үйлчлэл болон Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн нөлөөн дундаас Ерөнхий сайдын огцрох шалтгаан бүрдлээ гэж анзаарлаа. Үүнд дөрөөлөөд намын “ах” нар гэж нэрлэсэн генсек Я.Содбаатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй нөлөө бүхий ахмад үеийнхэн нь эрх мэдэлтэй болж байна.
БИ Б.БААТАРТ ХОХЬ НЬ Л ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА
-Мөн та энэ парламентын шийдвэрүүд жагсаалтын гишүүдийн ирцээр шийдэгдэх нь түгээмэл болж, хууль тогтоох эрх мэдлийн байгууллага намын дарга нараасаа хамааралтай болж буй талаар хөндсөн дөө.
-Энэ парламент таван намын төлөөллөөс бүрдсэн учраас олон талт, солонгорсон харагдаж магад. Гэхдээ үүнд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу намын жагсаалтаар сонгогдсон 48 гишүүн байна. Тэд намын даргын бодлогыг хэрэгжүүлэгчид болсон. Нам нь сонгуульд оролцохоосоо өмнө аль хэдийн жагсаалтынхнаа багцалчихсан хэрнээ бидэнд сонгууль хийж байгаа юм шиг дүр үзүүлж байна. Энэ асуудлыг ил гаргаж, баримтжуулаад Үндсэн хуулийн цэцэд хандаж, маргаан үүсгэмээр санагдаад байгаа. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлье гэхээр намын дарга нар далд буй тангаргийн шинжтэй баримт бичгээрээ барьцаалаад байх шиг. Цаашилбал, эрх ашиг агуулсан жаг-саалтын гишүүдийн ирц, кнопоор хууль батлагдах магадлал өснө. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх ту-хай тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үеэр Б.Мөнхсоёл гишүүн ХҮН нам доторх ил, далд сүрдүүлэг, заналхийллийн талаар ярьсан. Улс төрийн капитал нэг намд төвлөрвөл түүнийг тойрсон олон намын эрх ашиг үүсдэг. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн рүүгээ “Надтай байгуулсан гэрээгээ зөрчвөл намаас хөөнө. Дараагийн хүн чинь жагсаалтаар ороод л ирнэ” гээд ил цагаан ярьдаг болчихлоо шүү дээ. Парламентын гишүүний тоо өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Харин намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бие даасан байдлыг хэн, хаана “атгачхаад” байгааг Цэцэд маргаан үүсгэх замаар шийдүүлэх байх.
-Үндсэн хууль судлаачид дарга болж Үндсэн хуулиасаа урвасан гэж байсан. Үүгээр тогтохгүй та олон удаа Цэцэд итгэлгүй байдгаа илэрхийлсэн шүү дээ.
- Тийм. Энэ асуудал ядаж л эрх зүйн хүрээнд, ил тод хэлэлцэгдэх нь чухал. Өнөөг хүртэл гишүүд намаас хамааралтай, түүний гэрээнд захирагддаг субъект байж болох, эсэх тухай маргаан үүсээгүй.
-Энэ нь 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаатай холбогдох уу. Та 2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр жагсаалтын суудал нэмэхдээ түүний бие даасан байдлыг хангаагүй, үр дагаварт нь УИХ, Засгийн газрын хяналт, тэнцэл алдагдсан хэмээсэн.
-Манай Үндсэн хуулийн үзэл санаа зөв гэж боддог. Баталгаа нь манай залуу үе. Тэд эрх, эрх чөлөөний үндсэн үзэл санаан дээр өсөж торнисон учраас үүнийг ус, агаар мэт хүлээн авдгаараа шал өөр байдаг. Би “Л.Оюун-Эрдэнийн засаглал хэмээх монгол төрийн задралын махинац” гэх нийтлэлдээ Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулга нарын хамтарсан бодлого дор Монголыг хуваах төдийгүй задлах, захирах бодлого хэрэгжиж байгаа талаар хардаж бичсэн. Сэмуэл Хантингтоны тодорхойлсноор институцийн үндсэн зургаан шинж бий. Үүнийг цөмийг нь алдагдуулахад манлайлал үзүүлсэн. УИХ-ыг өөрөөсөө дэндүү хамааралтай болгох гэж байгаад малтсан нүхэндээ уначихлаа.
-Уг нь та Л.Оюун-Эрдэнийг ил тод, хамгийн их дэмжсэн санагдаж байна.
-Тийм. Үүндээ одоо ч харамсдаггүй. Тухайн үед дэмжих нөхцөл нь хэд хэдэн шалтгаанаар гарцаагүй бүрдчихсэн байсан шүү дээ. 2020 онд АН Ардчилсан нам биш байв. Манай улс төрийн харилцаа итгэлцэлгүй болсон нь бидни хэлэлцүүлгийн соёлоос улбаатай. Би 2021 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж буй аргументаа хэлсэн. ХҮН бол нэг компаниас хамааралтай нам. Ерөнхийлөгчийн институц бол улс төрийн хүндийн төв. Иймд нэг компанийн хамааралтай төлөөлөл сонгогдож болохгүй гэж байв. Хүмүүс амьдралд ойр сэдэв дээр ч “зодолдох” гээд байна шүү дээ. Тэгэхээр улс төрд бол яалт ч үгүй. Байр сууриа илэрхийлж, соёлтой хэлэлцүүлэг өрнүүлж сурахын тулд боловсролын хямралаасаа гарах хэрэгтэй. Улс төр бол хүний оюун санааны хамгийн халуун амьдрал. Намтай байж, түүний үзэл са¬нааг ойл¬гон, дэмжлэгээ үндэслэлтэй илэрхийлнэ гэдэг хэцүү.
-Иргэд шинэ Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, төрийн албаны бүтцийг цомхотгохыг шаардаж буй. Үүнээс гадна олон нийт болон төр хоорондын итгэлцлийг сэргээх нь ялгаагүй чухал санагдах юм.
-Залуу хүмүүс итгэл найдвар ихтэй. Чи асуудлыг мэдрэмжид тулгуурлан харж байна. “Огцрох амархан” жагсаалын үеэр яг энэ сэдвээр 20-30 минут лекц уншсан. Татвар бага байвал аятайхан амьдарна гэж бодож байгаа нь андуурал. Татварын хувь хэмжээг бага зэрэг өөрчилж, бууруулснаараа бодлого боловсруулж, хууль баталж байна гэдэг ойлголт нийгэмд өгч байна. Экономикст татварын эдийн засаг дэд сэдэвт тооцогддог юм.
-Тэгвэл гол нь юу гэж?
-Татварын эдийн засаг бол экономиксийн процесс биш. Эдийн засаг бүхэлдээ борлуулалтын тухай. Борлуулалтын процесст шинжлэх ухаан заавал оролцдог. Залуу хүн юм бол төрөөс “Миний татварыг буулгаж өгөөч” гэж гуйх биш, “Чи намайг овойж оцойсон борлуулалт хийж чадах технологитой болгоод, экспортлох хэмжээний зүйл бүтээдэг болгоод өгчих” гэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол хүнд шилжилт. Манай улс хуваарилалтын эдийн засагтай. Ухаад, тараах хэмжээнд л сэтгэдэг. Мөнгө дутангуут бонд босгоод л. Байгааг хуваарилахаас илүү байхгүйг үүсгэх нь чухал. Хуваарилах тал дээр л сэтгээд байна. Дутангуут нь зээлээд, бонд босгочихдог.
-Институцийн орчныг сайжруулах хэрэгтэй гэсэн үг байх нь.
-Тоо философи сэтгэлгээнд тулгуурлаж байж эдийн за¬саг болно. Инфляц түүний тухай хүлээлтэд үндэслэдэг.
-Нүүрсний экспортын орлого буурснаас үүдэлтэй төсвийн алдагдал нь шинэ Засгийн газрын гол сорилт байх төлөвтэй байна. Мөн нэг дор ийм олон төсөл хэрэгжүүлж байсан улс байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд төсвөө тодотгож таарах нь ээ дээ?
-Тодотгохгүй гээд яах вэ дээ. Төсвөөс хумсалж амь-дардаг эрх ашгуудыг цавчаад, төсвөө нийгмийн бодлого, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбартаа үлдээх нь зөв. Ийм клиентүүд буюу төрийн дэмжлэгтэй бизнесүүдийг кабинетдаа багтааж, хэдэн мян-ган ажлын алба үйлдвэрлэх, эсвэл энэ эрх ашгуудын дайралтаас ард түмнээр хамгаалуулаад цааш явах гэсэн хоёр замаас сонгох хэрэгтэй, шинэ Засгийн газар. Асуудалд орчин үеийн дэлхийн эсрэг, жүжигчилсэн пиар, тархи угаалтаар хандах нь жам ёсоороо бүтэлгүйтдэг гэдгийг ойлгох гэж маш их цаг хугацаа, энерги зарлаа. Би Б.Баатарт хохь нь л гэж хэлэх байна. Засгийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд заавал улс төрийн намаар дамжина. Нам ард түмний хүсэл сонирхол, үнэ цэнийг илэрхийлж байх ёстой. Гэтэл МАН 2020, 2024 оны УИХын ээлжит сонгуулиар мөрийн хөтөлбөр, бодлогоо таниулах бус, ялахад бүх анхаарлаа хандуулж, манипуляц хийсэн. Шинэ Засгийн газар бүтэлгүйтвэл МАН гэж байхгүй. Хэрэв ийм зүйл болбол улстөрчдийг шүүмжлэх биш, энэ намаа тараа гэж бичнэ гэж бодож байна. Бодит байдлаа хөндлөнгөөс харж, эрх мэдлийн хэрэгжилтээ хянахгүй бол энэ нам яг сөнөлөө.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БҮТЭЛГҮЙТВЭЛ МАН ГЭЖ БАЙХГҮЙ
-Энэ нам 300 мянга гаруй гишүүнтэй, улс төрийн томоохон институц.
-ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байх үед улс төрийн онолын дагуу ирээдүйн хөгжлөө тодорхойлохгүй бол туг, далбаа, пропаганда тойрсон 100 жилийн ой хийж болохгүй гэж өөрт нь хэлээд буруудсан.
-Зөвлөгөө өгөх маягаар оролцож байсан юм уу?
-Тийм. Тэгэхэд л онолын судалгаагаа намын бодлогодоо шингээсэн бол ийм байдалд орохгүй. МАН бол манай улсын ууган улс төрийн институц. Тиймээс шинэчлэгдэж, өөрчлөгдөж байж л бусад нь дагаж хөгжинө.
Цөөн хүнтэй тоглогчоос зах зээлийг хамгаалаагүй тул өрсөлдөөн үхэж, хувийн бизнесийн фракцууд зах зээлийн дарангуйлагч болж хувирдаг. Улс төрч зах зээл ба өрсөлдөөнийг хамгаалж, улс төрийн институцэд либерал зарчим нэвтрүүлэх нь чухал гэсэн санааг та нийтлэл бүрдээ давтдаг шиг санагддаг. Энэ ямар учиртай юм бол?
-Энэ бол миний бодож олсон санаа биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Би нийгэмтэй харьцдаг нийтлэлч болчихсон учраас академик судал гаагаа орхигдуулсан. Мөн онол боловсруулдаг хүн биш. Ерөнхий эрдмийг анхан шатнаас нь монгол хэлээр дамжуулж буй л хүн. Аливаа хоёр цэгийг дайрсан шулуун ганцыг л татаж болно гэдгийг дамжуулж байгаа болохоос бус, абстракт, онц гойд зүйл яриагүй. Өөрөөр хэлбэл, манай нийгэм хүн төрөлхтний нийтлэг, анхан шатны аксиомыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үнэнээс алсарна гэдэг энэ. Үнэнийг нь хэлэхээр шоконд орчихдог байж болохгүй.
АРД ТҮМНИЙ ТУСГААР ТОГТНОЛ, ҮНЭТ ЗҮЙЛС РҮҮ ДАЛБАГАНАСАН ЗАЛУУЧУУД ОРООД САЙНАА ҮЗЭХГҮЙ
Засгийн газар бүр реформ хэрэгжүүлдэг болоод удлаа. Үүнээс дориун үр дүнтэй хэрэгжсэн нь байна уу?
-Эрчим хүчний реформ гэдгийг үнэ чөлөөлөх, түүнийг төрөөс тогтоодоггүй болох гэж яриад байна. Гэхдээ үнэ чөлөөлөх гэдэг бол өрсөлдөөний болзол хангасан чөлөөт зах зээлийн хүрээнд л яригдах ойлголт. Үнэ чөлөөлөхөд өрсөлдөөний дүнд үнэ доошоо тогтдог. Гэтэл цахилгаан, дулааны үнэ нэмээд дууссаныг чи мэдэж л байгаа. Ийм зүйл яриад яваа Т.Доржханд, С.Цэнгүүн нараар Эрчим хүчний реформын багаа бүрдүүлсэн манай улсын хөл, толгой нь хаана байна вэ. Эрчим хүчний салбарт чөлөөт зах зээл хамаарахгүй, ийм төрлийн бодлого ярих боломжгүй. Монгол чөлөөт зах зээлтэй болж чадах, эсэхээ шалгах бүтээгдэхүүн буюу такси, мах хоёр дээр бүтэлгүйтсэн.
-Яагаад?
-Эдгээр нь чөлөөт зах зээлд үнэ чөлөөлж чадах уу, үгүй юү гэдгээ турших лаборатори зах зээл юм. Өнгөрсөн өвөл 115 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлдсэнээс 30 тэрбум нь л зарагдсан. Бид махчин монгол. Аливаа технологи, системийн туршилтаа амьдралын үндсэн нэгжээс л эхэлнэ биз дээ. Тэгэхээр ард түмний язгуур, тусгаар тогтнол, үндэстний амьдралыг бүрдүүлж буй үнэт зүйлс рүү далбаганасан залуучууд ороод сайнаа үзэхгүй дээ гэж хэлэх байна. Аливаа улсын шинэчлэл эрх ашгийн төлөө биш, ард түмний тусын тулд чиглэх ёстой. Би амьдрал дээр ч буруу, муу сэдэлд мэдрэмтгий. Энэ нь уран зохиол уншигчдын онцлог гэж боддог.
-Хамтын нийгмийн үнэт зүйл буюу зөвийн тухай нэгдсэн санаа бодол эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг талаар уншсан юм байна.
-2010 онд дотоодын уул уурхайн компаниуд ид хөгжиж, суурь хөрөнгө оруулалтаа татаж эхэлж байв. Харамсалтай нь, гаднын ашиг сонирхлоос болж унасан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг түлхчихээд хөгжсөнгүй гэдэг. Буу барьчхаад Төрийн ордон тойроод явж байсан Ц.Мөнхбаяр гэх тэмцэгч байв. Гол усны нэр бариад, уул уурхайн компаниудыг бүтэн шантаажилж амьдарсан. Гэтэл 2007 онд Голдман сангаас “Goldman Environmental Prize” шагнал авчихсан явж байсан шүү дээ. Үүнийг монголчууд ялгаж, салгаж ойлгоосой гэж бодож байна. 2010-аад оны уул уурхайн түүхийг хэн нэгэн нь үнэн бодитоор хүүрнэн өгүүлэх ёстой. Баялагтаа эзний сэтгэлээр хандах нь монголчуудын суурь үнэт зүйл мөн. Гэхдээ шүүх систем, төрийн институц ил тод, авлигаас ангид байж л зөв удирдана. Хамтын үнэт зүйлийн хувьд би консерватив үзэлтэйдээ орох байх. Манай гэр бүлийнхэн олуулаа, нялуун, ойр дотно хүмүүс. Би Японд амьдарч болох байсан. Зарим хүн сонголтгүй учраас Монголд амьдарч байна гэдэг. Гэхдээ Монгол миний сонголт байсан. Тиймээс сайхан байна. Монголчууд уламжлалт нийгмийн үнэт зүйлсээ маш сайн хадгалж байгаа. Манай эмэгтэйчүүд биологийнхоо үүргийг гүйцэтгэж, ийм их түгжрэл, утаа угаар дунд хүүхдүүдээ үүрч дүүрсээр Монголыг Ази тивийн хамгийн залуу орон болголоо. Ийм нийгэмд хотдоо багтахгүй, алагласан цэцэгс шиг олон хүүхэд төрүүллээ. Эрчүүддээ итгэж байгаа хэрэг мөн биз дээ. Үүгээрээ би аавын түшиг, оролцоог үгүйсгээгүй. Бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр эрэгтэй хүн ажилласан. Суурь систем, улс төрийг эрэгтэйчүүд авч яваа.
Хот бол оюун санааны орон зай бөгөөд улсын нүүр царай. “20 минутын хот”, “Нэг хот-нэг стандарт”, “Аз жаргалтай Улаанбаатар” гэх зэргээр дарга солигдох бүрд янз бүрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлж хот хэмээх үгний утгыг нь алдагдуулж байна. Хогоо цэвэрлээд, нийтийн тээврээ хүртээмжтэй явуулаад, аюулгүй алхаж болохоор явган хүний зам хийхэд л хангалттай шүү дээ. Хотын даргыг нийслэлийг иргэд сонгодог болохыг дэмждэггүй. Хотод амьдарч хүмүүс бүгд унаган иргэд мөн бил үү. Нийслэлийн гоо зүй, хөгжлөөс урьтаж юун түрүүнд түүний төсөв яригдана. Үүний орлого, зарлагыг хянах ямар ч механизм алга. Х.Нямбаатар бол орк. Улам л галзуу дарангуйлагч болж, мөнгө үрэх ааг нь амтагдаад байна гэдэг нь асар их хэмжээний төсөвтэй холбоотой. Меритээрээ тэнцэхгүй хүнийг мөнгөөр услах тусам юу болдгийг л бид одоо харж байна. Нийслэлийн төсөв тойрсон “хонины найр” болж буйг эх сурвалжийн хэлснээр ч, логикоор ч мэдэж байна.
-Зарим нийтлэлдээ эх орноо магтан дуулах мөртлөө, эрс шүүмжилсэнтэй олон таарч байсан юм байна. Энэ нь эмэгтэй авторын онцлог уу?
-Би 2015 оноос идэвхтэй бичиж эхэлсэн. Одоо харахад буруу зөрүү зүйл их бий. Дээхнэ нэг бичгийн хүн “Залуу хүн их тэнэг байдаг” гэж хэлсэн нь ортой. Би өөрөө өөртөө сургамж авсан л хүн. Тэнэг мөртөө өөртөө итгэлтэй бичих нь аюултай. Өмнө нь илүү радикал, догматик байсан болов уу. Хүйс ч мөн нөлөөтэй байх. Цас өнхрөөд томордог шиг эргээд намайг балласан нь ч бий. Бодсон, бичсэн, өнгөрсөн бүхэн үнэнээрээ үлдэх нь зүй гэж сэтгэсэн болохоор архив дахь нийтлэлүүдээ тэр чигт нь гаргасан. Эмэгтэй хүн эдийн засаг бичлээ гээд тоо өөрчлөгдөхгүй. Би хөдөөний хүүхэд учраас эх орон, түүний суурь өгөдлүүдэд таатай ханддаг. Ус, агаартайгаа нийцтэй. Тиймээс илүү магтан дуулах өнгө аястай бичдэг болов уу. Харин монгол хүний сэтгэлгээ, оюун санаанд ширүүн ханддаг. Цаг уур, байгаль орчны язгуур өгөгдлөө мартталаа монголчууд стресстэж байгаа учраас түүнийг нь сануулахын тулд ч бичдэг. Өвлийн жавар, хатуу ширүүн цаг агаар гоё.
Д.Хүслэн