Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад өчигдөр 15.00 цагийн үед морилон ирлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авав. Эзэн хааны хувиар Монголд хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд 2007 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа манай улсад ирж байсан юм.
1972 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тухайн ондоо Монгол Улс Токио хотод, Япон 1973 онд Улаанбаатар хотод тус тус Элчин сайдын яамаа нээжээ.
Манай улсын хувьд анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 онд тус улсад айлчилж байв. Түүнээс хойш үе үеийн Ерөнхийлөгч нар Япон Улсад айлчилсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны арванэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийсэн байна. Энэ айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан мэдэгдэл гаргаж, уг мэдэгдлийн хавсралтаар хоёр улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр (2022-2031)-ийг байгуулсан билээ.
Япон Улсын 125 дахь Цог жавхлант Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр сайн дураараа сэнтийгээсээ бууж, 2019 оны тавдугаар сарын 1-нд угсаа залгамжлагч хунтайж Нарүхито Эзэн хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол”-ын он тоолол эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш Эзэн хааны хувиар Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улсад төрийн айлчлал хийсэн байна. Дараа нь 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан III Чарльзын урилгаар тус улсад айлчилжээ. Харин Монгол Улсад зочлон ирсэн нь гадаад улсад хийж буй төрийн гурав дахь айлчлал гэдгээрээ онцлог.
Хүндэт зочдыг угтах төрийн ёслолын үйл ажиллагаа маргааш Сүхбаатарын талбайд болох бөгөөд Японы Эзэн хаан, Эрхэм дээд хатан нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочоор оролцож, сурын харваа, хурдан морины уралдаан үзэж сонирхох юм.
Ташрамд дурдахад, өндөр дээд хэмжээний айлчлалтай холбоотойгоор энэ сарын 6-13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө орчимд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, хамгаалалт, зохицуулалт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Ч.Болор