Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Боловсролын яаманд боллоо. Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбар 4.8 их наяд төгрөгийн төсвийн саналыг боловсруулан, санал авахаар оруулж байна. 2026 оныг Засгийн газраас Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Багш, ажилтны цалинг нэмж, чадах, эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдлийг үндсэн цалинд шингээхээр судалж буй юм. Нийслэлийн есөн дүүргийн 70 хороо төрийн болон орон нутгийн өмчийн сургуульгүй байгаа. 58 хороо ямар ч сургуульгүй. Энэ намар нэгдүгээр ангид 28 мянган гаруй хүүхэд шинээр орж ирнэ. Сургуулийн хүртээмжийг нэмэхээр төсвийн төслийг боловсрууллаа. 2028 он гэхэд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих хэрэгцээ үүссэн. Бүтээн байгуулалтыг 2026 оноос эхлүүлэх хэрэгтэй байна. Нийт 90 сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 1.9 их наяд төгрөг шаардлагатай. Одоогоор 561 тэрбум хөрөнгийн зардал гаргасан” гэв.
Зарим санал санхүүжилтийн хязгаарыг давсан талаар тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Должинсүрэн хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий боловсрол, Мэргэжлийн боловсролын төвд суралцах хүүхдийн тооны өсөлт, тэдгээрийн байрны түрээсний зардал өссөнтэй холбоотойгоор урсгал зардал нэмэгдсэн. Тухайлбал, ашиглалтын үйлчилгээний төлбөр өндөртэй газруудад цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэхэд 21.2 тэрбум төгрөг тусгасан. Түрээсний үнэ нэмэгдсэн тул хязгаараас давсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулахтай холбоотой зардал нэмэгдсэн” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Боловсролын салбарын төсөвт эзлэх хувийг 2030 он хүртэл тогтвортой байлгах, улсын төсвийн зардлын 20 хувь, ДНБ-ий зургаан хувьд хүргэж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тохируулгын зардлыг төсөвт хувьсах зардлаас гадна нэмэлтээр сургууль, цэцэрлэг бүрд, эсвэл аймаг, дүүргийн Боловсролын газарт нь нэмэлтээр тусгах нь зүйтэй юм. Хувьсах зардлыг бууруулах биш, жил ирэх тусам нэмэх хэрэгтэй” гэв. Мөн танхимаас иргэн Д.Мөнхбаатар багш нарын цалинг яг хэдэн хувиар нэмэх вэ гэж асуухад Боловсролын яамнаас үүнд шууд хариулах боломжгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь улсын эдийн засагтай холбоотой учраас төдөн хувь гэж ам өгөх боломжгүй, гэхдээ багш нарын цалингийн бүтцийг өөрчлөх санал боловсруулан Засгийн газарт танилцуулах гэнэ.
Ч.Болор