“Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дотоодын инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нийслэлийн ЗДТГ, ШУТИС, БНСУын “Халла” их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран 2025- 2026 оны хичээлийн жилээс “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Тодруулбал, ШУТИСийн Механик, тээврийн сургууль энэ хичээлийн жилээс метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний, барилга, байгууламжийн, дохиолол ба цахилгааны, удирдлагын хяналтын инженерийн шинэ хөтөлбөрт оюутан залуусыг элсүүлэн сургаж, III-IV дамжаандаа Өмнөд Солонгосын “Халла” их сургуульд суралцах боломжийг санал болгох юм.
Одоогоор энэ дөрвөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн элсэлт 80-90 хувьтай байна. Механик, тээврийн сургуулийн элсэлтийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн “Нэг ангид дээд тал нь 50 оюутан элсүүлж, эхний хичээлийн жилд 200 хүн сургахаар квот тогтоосон. Тооцоолсноос олон элсэгч бүртгүүлж байгаа учраас “улаан шугам” татаж, сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Засгийн газар Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулж, бакалаврын түвшний зээл, тэтгэлгийг “2+2” хөтөлбөрт хамрагчдад олгохоор болсон. Тэгвэл ШУТИС-д шинээр нээсэн уг хөтөлбөрт элсэгчдэд энэ журмын дагуу зээл, тэтгэлэг олгох, эсэхийг тодруулахад “Метроны хөтөлбөрт хамрагдагчид эхний хоёр жилд төлбөрөө бүрэн төлж суралцах ёстой. Харин сүүлийн хоёр жилд нь нийслэлийн ЗДТГын тэтгэлгээр БНСУ-д суралцах боломжтой” хэмээсэн.
Гадаадын шилдэг их сургуулиудад Засгийн газрын зээл, тэтгэлгээр суралцуулах эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад механик, барилга, байгууламжийн, цахилгааны инженерчлэлийн хөтөлбөр багтдаг ч метроны гэж тусгайлсан чиглэл үгүй аж. Гэхдээ ШУТИС, “Халла” их сургуулийн хамтарсан “2+2” хөтөлбөрт хамрагдагчдад зөвхөн метроны гэлтгүй авто тээвэр болон төмөр замын салбарт хөрвөн ажиллах боломж олгох гэнэ.
Ж.Сувд