“Мөнгөн завъяа”-гийн буюу олны нэрлэж заншсанаар “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын баруун хойд талд явган хүний зам дагуу жижигхэн модон ширээн дээр ус, ундаа, бохь, кофе, чихэр, хуурай, нойтон салфетка зэрэг ойр зуурын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн эгнүүлэн тавьсан нэгэн эмэгтэй сууна. Тэрбээр энд худалдаа эрхлээд 10 гаруй жил болж буй бөгөөд хоёр зээ охины хамт амьдардаг аж. ТҮЦийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард албадан ачсаны улмаас ийнхүү ширээ дэлгээд бараануудаа зарж буй гэнэ. Банканд их хэмжээний зээлтэй, бас хоёр охиных нь хичээл, сургууль эхлэх дөхсөн энэ үед гадаа худалдаа эрхлэхээс өөр арга түүнд үлдээгүй аж. Тэрбээр “Хүмүүс ТҮЦ-ийнхэн гэхээр л зөвшөөрөлгүй, бохир, муудсан бараа зардаг гэдэг. Гэвч бодит байдалд бид үе үеийн Засгийн газарт зөвшөөрөл хүссэн бичиг өргөн барьж, стандартад нийцсэн ТҮЦ-тэй болмоор байгаагаа үр¬гэлж илэрхийлдэг байсан. Гэтэл аль ч Засгийн газар хүлээж аваагүй.Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөөр бидэнд лангуу түрээсэлж өгье гэсэн шүү дээ. Мөн ТҮК-д ажлын байр санал болгосон. Өр, зээл ихтэй, хоёр хүүх¬дээ ганцаараа өсгөдөг учраас ТҮК-ийн ажилтны цалингаар амьдрах ямар ч боломжгүй. Ер нь иргэдийн хийж байгаа болгон руу төр гараа дүрж, хааж боохоо болих хэрэгтэй. Бид төрөөс нэг ч төгрөг гуйгаагүй. Өөрсдийнхөө хэмжээнд амьжиргаагаа залгуулаад, гэр бүлээ тэжээхийг л хүссэн” гэсэн юм.
Эргэн сануулахад, нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн дагуу өнгөр¬сөн дөрөв-дүгээр сараас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүдийг албадан нүүлгэн шилжүүлж эхэлсэн билээ. Үүний хүрээнд 1200 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд буй бөгөөд хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг чө-лөөлөх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагааг хязгаарлах гол зорилго агуулсан. Гэвч бодит байдалд иргэдийн гомдол, санал тасрахгүй, өнөөдөр нэгийг нь буулгасан ч мар¬гааш нөгөө нь ирж ТҮЦ байршуулсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, ТҮЦ эрхлэгчид болон нийслэлийнхэн хөөцөлдөж тоглосоор л байгаа гэсэн үг.
ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ЭЛЕКТРОН ТАМХИ “ШАХДАГ”
Тэгвэл албадан ачсан ТҮЦ-үүд өдгөө хаана байгаа, эзэд нь өмчөө авахын тулд яах ёстой талаар нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаныхнаас тодруулахад “Нүүлгэсэн ТҮЦ-үүдийг тухайн дүүргүүд нь хариуцаж байгаа. ТҮЦ эрхлэгчдийг 3-3.5 сая төгрөгийн цалинтай ажил зуучилж, эсвэл томоо¬хон худалдааны төвүүдэд нэг жилийн хугацаанд лангуу түрээсэлж өгье гэх зэрэг санал хүр¬гүүлсэн ч хүлээн авахгүй байна” гэв. Харин дүүргүүдийн менежерүүд “Нүүлгэсэн ТҮЦ-үүд журмын хашаанд байгаа. Зөвшөөрөлгүй газар автомашинаа байрлуулахад төлбөр төлөн авдаг шиг ачиж явсан зардлыг төлөөд ТҮЦ-ээ авах боломжтой” гэх хариулт өгөв. Тэгэхээр улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёр сая 622 мянган төгрөг байгаа энэ үед ТҮЦ-ийнхэн 3-3.5 сая төгрөгийн цалинтай ажлыг голж байна гэсэн үг. Үнэн хэрэгтээ тэд улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, хэрэглэгчдэд и-баримт өгдөггүй, түрээсгүй, зөвшөөрөлгүй атлаа архи, тамхи борлуулдаг гэх мэт ТҮЦ тойрсон асуудал мундахгүй. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд дураараа амбаар байршуулчхаад насанд хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи “шахаж”, хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй муудсан хоол борлуулдаг гэх мэтчилэн унтууцах иргэн олон. Харин нөгөө талд “ТҮЦ, жижиглэнгийн худалдаа бол ардаа эзэнтэй, эсэх нь хамаагүй нэг өрхийн орлого, санхүүгийн чадамж яригдах сэдэв. Хамгийн гол асуудал нь нийгмийн аливаа нэг сектор, эсвэл сегментийг өөрөө хөгжих орчныг бүрдүүлэхгүй боомилоод хаячихдагт байгаа юм. Уг нь татварын хяналт, стандарт тавихад л зах зээлийн хуулиараа өөрөө үгүй болох зүйлийг заавал ингэж шахаанд оруулах хэрэг байна уу. Угаасаа хотдоо гудамжны худалдаагүй улс байхгүй” гэх хүмүүс ч бий.

“ЦАЛИН БАГАТАЙ ГЭЖ ГОЛСОН” ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА
Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа “Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх арга хэм-жээ авч эхэлсэн. Энэ хугацаанд хотын захиргаанаас ТҮЦ эрхлэгчдийн гурван холбоотой 3-4 удаа уулзалт зохион байгуулж, 1669 ажлын байр, 48 зах, худалдааны төвд лангуу түрээслэх санал тавьсан. Нийтийн эзэмшлийн талбайд ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж, ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээгээ хөөцөлддөг байжболохгүй.ТҮЦ-ийгхуульбусаарбайрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигчээр төлүүлэх учиртай” гэж шууд хөөж туух бус, оронд нь шийдэл санал болгосноо онцолж буй. Тэгвэл бодит байдалд нийслэлийн ЗДТГ-аас иргэдэд үнэхээр ажлын байр зуучилж өгсөн, эсэхийг ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Пунсалдуламаас лавлалаа. Тэрбээр “Бидэнд ажлын байр санал болгосон ч “ТҮЦ эрхлэгчид цалин багатай” гэж голсон хэмээн худал мэдээлэл тарааж байна. Бодит байдалд ТҮЦ-ээр амь зогоодог 1600 орчим хүнээс хэн нь ч өнөөдөр тэдний зуучилсан ажилд орж чадсангүй. Худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж өгнө гэхээр нь очоод уулзтал “Энэ бол нийслэлийн бус, хувийн өмч. Бид өөрсдийгөө яая гэж байна” гэх хариулт өгдөг. Тэгэхээр энэ нь зүгээр л нийслэлийнхний арьсаа хамгаалах гэсэн заль” хэмээв.
ЗӨВХӨН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭДЭД ЛАНГУУ ТҮРЭЭСЭЛЖ ӨГНӨ ГЭВ
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 1200 орчим ТҮЦ-ийг албадан ачсан. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс ажлын байр санал болгосон. Ингэхдээ хөдөлмөр эрхлэх боломжгүй буюу тэтгэврийн, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж өгч байна. Одоогоор 22 иргэнд ийм байдлаар лангуу түрээсэлж өгсөн. Харин хөдөлмөр эрхлэх чадамжтай иргэдэд үйлчилгээний ажил санал болгоход цалин багатай гээд ажиллахгүй байгаа” гэлээ.
Олон улсад задгай талбайн худалдаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орлого олох боломжоос гадна тухайн орны нийгэм, соёл, эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байсаар иржээ. Франц, Герман, Итали, Япон, БНСУ, БНХАУ зэрэг оронд задгай талбайн худалдаа бараг л өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон. Жимс, хүнсний ногоо, гар хийцийн бүтээгдэхүүн, хувцас, хэрэгсэл зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалддаг эдгээр захыг орон нутгийн захиргааны тусгай зөвшөөрөл, түрээсийн журмын дагуу зохицуулдаг юм байна. Эрүүл ахуй болон татварын хяналт өндөр түвшинд байхаас гадна тухайн хот, суурины аялал жуулчлалын өнгө төрхийг бүрдүүлдэг учраас ихэд анхаардаг аж. Азийн орнуудад гудамжны худалдаа бүр соёлынх нэг хэсэг болтлоо хөгжсөн. Ер нь жуулчдын сонирхлыг татах гол хүчин зүйлсийнх нь нэг гудамжны хоол, уламж-лалт бараа бүтээгдэхүүн, захын уур амьсгалд оршдог. Гэтэл манайд нэг хэсэг нь хотын өнгө үзэмжийг гутааж байна гээд иргэдийг шууд орлогогүй болгож байхад нөгөө талд үйлчилгээний соёл, эрүүл ахуйн чанар, стандартад анхаарахгүй татвар, түрээсийн төлбөрөөс зайлсхийдэг бүлэг үүсэж байна.
У.Цэцэгсүрэн
