Үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий болтол борви бохис хийлгүй ажилладаг хүмүүс бол ТҮК-ийнхан. Тэд нийслэлийн иргэдийг цэвэр, тохилог орчинд амьд¬руулахын тулд өглөөнөөс орой болтол дэрсэн шүүртэй “найзалдаг”. 2023 онд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гэж мэдэгдэж байв. Улмаар нийслэлийн ЗДТГ-аас ИТХ-даа 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож баталсан юм. Уг тогтоолын дагуу жолооч нар 2024 оны гуравдугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн билээ.
Үүний дараачаар хотын захирагч ТҮК-ийн ажилчдын цалинг ч жолооч нартай адил сарын 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болгож, “ТҮК-ийнхны дэрсэн шүүрийг том тоос сорогчоор солино. Техник, хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн сүржин гэгч нь амлаж байсан нь саяхан. Гэвч бодит байдалд ТҮК-ийнхны цалин нэмэгдсэн ч хот “өнгө” орж байна уу гэвэл үгүй. Тэд өнөөдөр үеэ өнгөрөөсөн дэрсэн шүүрээ барьж, хотын зам, талбайгаар тоос, шороо манаруулсан хэвээрээ байна.
Ерөнхийдөө нийслэлийн хөгжлийг дэрсэн шүүрээр хэмжиж болохуйц. Үеэ өнгөрөөсөн XX зууны дэрсэн шүүр бол өнөөгийн нийслэлийн цэвэрлэгээний гол багаж. Ийм шүүр ашигладаг улс битгий хэл, айл ч байхгүй болсон энэ үед манай дарга нар яагаад үүнтэй зууралдаад буйг ойлгоход ч бэрх. Дэрсэн шүүрээсээ ч ангижирч чадахгүй байж эвдэрч, хэмхрээгүй бордюр сольж, явган хүний гантиг чулуун зам хийх нь хэнд, ямар ашигтай вэ. Угтаа дарга нар тийм ч орноос ингэж туршлага судаллаа гэж хурал зөвлөгөөнд хэдэн арван саяар нь үрдэг хэрнээ гол ажлыг нь нугалж буй ТҮК-ийнхны техник, хэрэгслийг шинэчлэхэд гар татаж боломгүй санагдана. Бодит байдалд цалинг нь нэмлээ ч тоног, төхөөрөмжийг нь сайжруулахгүй юм бол хөхөө өвлийн хүйтэнд хүрз, царил, дэрсэн шүүрээ чирээд явах тэдний ажлын бүтээмж төдийлөн нэмэгдэхгүй нь тодорхой л байлтай.
Нийслэлийн хэмжээнд одоогоор тохижилт үйлчилгээний 40 компанийн 1150 ажилчин тусгай зориулалтын 102 машин, техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж, цас, үерийн улмаас зам руу орсон лаг хагшаас, хогийг шүүрдэж, хүрздэж байна. Саяын хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас зам, талбайд “хуралдсан” хог, шороо, тоосыг ТҮК-ийнхан зөвхөн дэрсэн шүүр, төмөр хүрзээрээ л “цэвэрлэсэн” гэсэн үг. Учир нь тэдэнд тоос соруулж, зам угааж, цэвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж байхгүй. Жишээлбэл, энэ зун л гэхэд нийслэл хэдэн ч удаа үерт автав. Гэтэл ариутгал, халдваргүйжүүлэлт ч олигтой хийгээгүй гудамж, талбайн тоосыг ТҮК-ийнхан дэрсэн шүүрээрээ хаа сайгүй цацаж, манаргаж, тэнгэрт хөөргөж байна.
“ДЭВШИЛТЭТ ТЕХНИК БИТГИЙ ХЭЛ, ТООС СОРУУЛАГЧ Ч АЛГА”
Зам, талбайн цэвэрлэгчээр зургаа дахь жилдээ ажиллаж буй нэгэн иргэн “Миний ажил 05.30 цагт эхэлдэг, өдөрт дор хаяж 15-20 км алхдаг. Нэг үеэ бодвол залуус бидний ажлыг хүндэлж, хогоо зориулалтын саванд хийдэг болсон нь сайшаалтай. Гэхдээ ажил ихтэй, бас хүнд хүчир нөхцөл нь хэвээрээ шүү дээ. Энэ мэт шалтгаанаас үүдэн залуусын олонх нь ажлаасаа гарч, ахмадууд л үлдчихлээ. Одоо цалин нэмэгдэж, 3.5 сая болсон ч ажиллах хүн олдохгүй л байна. Хотын дарга Х.Нямбаатар бидэнд хэрэгцээтэй техник, хэрэгслийг яаралтай авч өгнө гэж өнгөрсөн жил мэдэгдсэн. Гэтэл бидэнд одоогоор дэвшилтэт техник битгий хэл, тоос соруулагч ч алга. Уг нь төв замаар биднийг ажиллуулах шаардлагагүй, дэвшилтэт техникээ явуулна гээд их шийдэмгий ярьж байсан. Гэтэл үнэндээ энэ нь хөрсөн дээрээ буухгүй, бид урьдын адил шороо манаргаж, дэрсэн шүүр ашигласан хэвээр байна шүү дээ. ТҮК-ийнхан бол шавар шавхай, бохир болгонтой л зууралддаг хүмүүс. Гэтэл бидэнтэй хамт ганц удаа ч ажиллаж үзээгүй хүмүүс “Яасан гэж тэдний цалинг нь нэмж байгаа юм” хэмээн унтууцаж буйд гайхаж байна” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн ерөнхий менежер Л.Цэеэрэгзэнгээс хот тохижилтын ажилчдын нөхцөл байдал ямар байгааг лавлахад “Манай дүүрэгт тохижилт үйлчилгээний хоёр компани бий. Техник хэрэгслийн тухайд өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй сайжирсан гэж хэлж болно. Аль болох гар ажиллагааг халахаар хичээж байгаа. Чингэлтэй дүүрэгт төв болон гол замуудад дэрсэн шүүр ашигладаггүй. Харин техник хүрэх боломжгүй, эсвэл гэр хорооллын замуудад л эл шүүрийг ашигладаг” гэлээ.
Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт тусгай зориулалтын 301 машин механизмаар парк шинэчлэлт хийсэн аж. Ингэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор уг шинэчлэлийг үе шаттай хийж буй гэнэ. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн тусгай зориулалтын 301 машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ бол зөвхөн албаныхны үг. Харин иргэд “Нийслэлд явган явах үнэхээр хэцүү. Хотын удирдлагууд тийм ч шинэ машин, техник, хэрэгсэл, мананцар үүсгэгч, уураар шүршигч, ийм ч хог цэвэрлэдэг багаж, төхөөрөмж шинээр авлаа гэдэг. Гэтэл автобус хүлээгээд зогсож байхад хүртэл ТҮК-ийнхан зам цэвэрлэж байна гээд битүү шороо, тоос манаргачхаад л яваад өгдөг шүү дээ. Гадаадын орнууд шиг техник, хэрэгсэлтэй байж болохгүй юм уу” гэх нь хэвээрээ.
ДЭРСЭН ШҮҮР АВАХАД 178 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАВ
Дарга нарын энэ мэт шоу, худал амлалтыг хойш тавиад, бодит нөхцөл байдлыг эргээд нэг харвал ТҮК-ийнхан ер нь ойрын хугацаанд дэрсэн шүүрээсээ салж чадахгүй нь бололтой. Тоос сорогчийнхоо тоог өнөө жил 10-20-иор нэмлээ ч нийслэлийн 1100 гаруй км авто замаас эхлээд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж хүчрэхгүй нь тодорхой. Тэгэхээр ТҮК-ийнхан цаашид ч дэрсэн шүүрээ ашигласаар байна гэсэн үг. Үүнийг нотлох бас нэг жишээ бол Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард дэрсэн шүүр авахаар 178 сая төгрөгийн тендер зарласан байна. Нэг шүүрийн үнэ ойролцоогоор 15 000 гэж бодвол зөвхөн нэг дүүрэг л жилд 100 гаруй сая төгрөгийг дэрсэн шүүрт зарцуулаад, түүнээс нь шалтгаалж иргэд тоос шороотой, бохир орчинд амьдран, гудамж, талбайгаар явахад ч хэцүү байсаар буй.
БАГШ НАРЫН ЦАЛИНГААС ДАРУЙ 1-1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ХЭМЭЭН ТАЛЦУУЛЖ БАЙНА
ТҮК-ийнхны цалинг ийнхүү нэмсэн нь шударга бус хэмээн талцах хүмүүс ч бий. Тухайлбал, “Багш, эмч нар цалингаа 1000 ам.долларт хүргэхээр сүүлийн 5-10 жил жагсаал цуглаан хийж, үг, үйлдлээрээ тэмцсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Нэг ёсондоо одоог хүртэл хангалттай хэмжээний цалин авдаггүй гэсэн үг. 2024 оны байдлаар багш нарын дундаж цалин 1.3-1.5, эмчийнх нь 1.5-2 сая төгрөг байв. Тэгэхээр багш болон эмч нарын дундаж цалин ТҮК-ийн ажилчдынхаас даруй 1-1.5 сая төгрөгөөр илүү” хэмээн унтууцах хүн ч байна.
Эл шийдвэртэй холбогдуулан нэгэн багш цахим хуудсандаа “Би математикийн багшаар 20 дахь жилдээ ажиллаж байна. Бүх шимтгэлээ төлөөд гар дээрээ нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед ийм цалингаар амьдрахад хэцүү байдаг. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. ТҮК болон автобусны жолооч нарын цалинг 3.5 сая болгоход үнэндээ атаархсан. Гэхдээ тэднийг их цалин авлаа гэж буруутгахгүй. Харин төр биднийг ингэж үнэлж буйд гомдолтой байна” хэмээжээ.
Угтаа ТҮК-ийнхан бол хүнд хүчир нөхцөлд, цас, бороог үл ажран та, биднийг цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын тулд нойр, хоолоо хуга¬слан, эрүүл мэндээ золиослон ажилладаг хүмүүс. Ийм хүнд нөхцөлд ажилладаг учраас залуус төдийлөн тэсэж, тэвчиж үлдэх нь ховор аж. Тиймээс тэтгэвэрт гарсан ахмадуудаа ажиллуулах нь ч бий гэнэ.
Э.Сүйлэн