Намрын салхи хацар илбэж, хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Гэвч зарим сургууль, цэцэрлэг тоног төхөөрөмж, сандал, ширээгүйгээр есдүгээр сарын 1-нийг угтаж байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл зуун задгай жаран хагархай гэсэн үг. Угтаа нийслэлийн хэмжээнд хийж буй урсгал болон их засварын ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана хэмээн албаныхан сүржин мэдээллээр “бөмбөгдөж” байсан үе саяхан. Тэгвэл бодит байдалд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг зуны гурван сард багтаан базааж амжаагүйн гай өдгөө гарчээ. Улмаар хүүхдүүд будаг нь ч хатаж амжаагүй, эсвэл ширээ, сандалгүй анги танхимд хичээллэх нь.
Нийслэлийн боловсролын байгууллагууд 40 мянга гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, 1000 гаруй сургууль, цэцэрлэгийн 488 объектын 70 орчим хувь нь 70 жилийн насжилттай барилга гэх тооцоо бий. Тиймээс жил бүр тодорхой хэмжээний урсгал болон их засвар хийдэг. Тэгвэл өнөө жил шинээр ашиглалтад оруулсан 17 сургууль, 20 цэцэрлэг ширээ, сандалгүй хичээлийн шинэ жилээ угтаж буй. Харин бусад сургууль нь хангалттай төсөв мөнгөгүйгээс үүдэн дүүргээс нь өгсөн багахан санхүү¬ жилтээрээ олон жилийн насжилттай, элэгдэж, хуучирсан барилгаа сэлбэн засаж, өөд нь татахаар хичээх аж.
ШИРЭЭ, САНДЛАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ Л АВСАН ГЭВ
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах 179 дүгээр сургууль энэ жил шинээр үүд хаалгаа нээж буй. Баруун салааны уулын өндөрлөгт байрлах уг сур¬гууль гаднаасаа ихэд “ганган”, шинэхэн барилга гэдэг нь харахад л ойлгомжтой. Гэвч бяцхан сурагчдаа хүлээн авах нь байтугай уг сур-гуулийн бэлтгэл ажил дутуу, эл хуль байх аж. Тус сургуулийнхан гал тогоогүй, ширээ, сандал нь ирээгүй, цахилгаанаа ч шийдэж амжаагүй учраас хүүхдүүдээ хүлээн авч чадах, эсэхдээ ч эргэлзэж буйгаа өнгөрсөн долоо хоногт хэлж байв. Харин уржигдрын байд¬лаар гал тогоонд зайлшгүй хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг авчирсан ч бүрэн суурилуулаагүй, анги, танхимын ширээ, сандлыг дөнгөж л угсарч эхэлж байлаа. Сургуулийн эрхлэгч “Ширээ, сандлаа өнгөрсөн долоо хоногт л авлаа. Бэлтгэл ажил асуудалтай ч энэ долоо хоногт нэг нэгээрээ шийдэгдэж л байна” гэсэн юм.
Энэ бол ганцхан 179 дүгээр сургуулийн жишээ биш. Нийслэлийн хэмжээнд ашиглалтад оруулсан хэд хэдэн сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж, гал тогоо, лаборатори, номын сан зэрэг нь хангалтгүй байгаа тухай сургуулийн удирдлагууд нь ярьсаар байна.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутагт байрлах 341 дүгээр тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийг 2025 оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан ч бэлтгэл ажил нь хангалтгүйн улмаас үйл ажиллагааг нь энэ намраас эхлүүлэхээр хойшлуулжээ. Эл цэцэрлэгийнхэн гал тогооны тавилга болон шаардлагатай хэрэглэгдэхүүнээ мөн л өнгөрсөн долоо хоногт авсан гэнэ. Цэцэрлэгийн хамт олон өөрсдийн боломжоороо бэлтгэлээ базааж, хивсээ зээлээр авч, тоглоом, номоо энд тэндээс цуглуулсан аж. Мөн хичээлийн шинэ жил эхлэхээс хоёрхон хоногийн өмнө тохижилтын ажлаа багш нар нь хийж буй дүр зурагтай угтсан юм. Тус цэцэрлэгийн арга зүйч “Засварын ажил сунжирч явсаар одоо л хүүхдүүдээ хүлээн авах нь бололтой. Хэдийгээр хугацаа алдаж ашиглалтад оруулсан ч бяцхан сурагчдаа хүлээн авахдаа баяртай байна. Хүүхдийг тоглоом болон номоор л сургадаг. Тиймээс бидэнд ном маш их хэрэгцээтэй байдаг. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэгт хөдөлгөөн засалч хэрэгтэй. Бид зар тавьж хайдаг ч тэр бүр олддоггүй” хэмээв.
Энэхүү цэцэрлэг 150 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 50 суралцагч л бүртгүүлээд буй юм. Мөн харьяалал харгалзахгүйгээр улсын аль ч аймаг, дүүргээс тусгай хэрэгцээт хүүхдийг хүлээн авах боломжтойгоороо онцлогтой.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцын талаар Боловсролын ерөнхий газрынхнаас лавлахад “Боловсролын салбарт 1.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээг энэ онд хэрэгжүүлж байна. Энэ сарын байдлаар 170.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн 119 барилга 55 420 суудалтай бөгөөд 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа. Үүнээс гадна 15 825 хүүхдийн хүчин чадалтай 108 цэцэр-лэгийн барилгын ажил 62хувьтай үргэлжилж байна” гэсэн юм.
ЗУРГААДУГААР СУРГУУЛИЙНХАН НЭГ САРЫН ТУРШ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ НЬ
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах зургаадугаар сургуулийн засварын ажил өдгөө ид үргэлжилж байна. Уг нь засварын ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн ч баяр, наадам давхацсантай холбоотойгоор дорвитой урагшлуулж чадаагүй гэнэ. Мөн дулааны шугамыг засах зорилгоор газрыг нь энд тэндгүй сэндийчин ухаж, хүн гишгэх аргагүй болгожээ. Улмаар хичээлийн шинэ жил эхлэхийг догдлон хүлээсэн сурагчид сургуулийнхаа гаднаас сурах бичгээ авахаар дугаар¬лан зогсохтой таарсан юм. Эцэг, эх чүүдийн төлөөлөл “Сургуулийн засварын ажил хугацаандаа дуусаагүйгээс үүдэн бага ангийн хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэх нь. Хичээлийг нь нэг сарын хугацаанд цахимаар оруулна гэж байна. Гэтэл цахим л бол цахим шүү дээ. Хүүхдийн сурах эрхийг ингэж боож болохгүй” гэсэн юм. Тэгвэл тус сургуулийн удирдлагууд засварын ажлаа энэ сарын 20-ны дотор хийж дуусгахаар төлөвлөжээ. Гэвч энд тэндгүй овоолсон сандал, ширээ, хамар сэтлэх шахам үнэртэх будаг, тоосонд дарагдсан анги танхим зэргээс нь харахад үйл ажиллагаагаа тогтсон хугацаандаа эхлүүлэх боломжгүй мэт санагдана.
Тус сургуулийнхан зөвхөн нэгдүгээр ангийн сурагчдаа өнөөдрөөс эхлэн гурван ээлжээр хичээллүүлж буй. Харин бусад ангийнхныг цахимаар хичээллүүлэх юм байна. Зургаадугаар сургуулийн жижүүр Л.Энхжав “Сургуулийн засварын ажил удааширсан нь санхүүжилттэй холбоотой. Азийн хөгжлийн банк, дүүргийн ЗДТГ гээд олон газраас хүмүүс ирж үзээд л байсан. Гэхдээ хөрөнгө мөнгийг нь шийдэхгүй явсаар өдийг хүрсэн” гэсэн юм.

“ТОЛУОЛ, ЭТИЛБЕНЗОЛ НЬ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦООНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ”
Сургууль, цэцэрлэгийн засварын ажилд ашигладаг будгаас формальдегид гэх хортой бодис ялгардаг юм байна. Энэ нь Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан, уг өвчнийг үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог, аюултай хорт бодис. Удаан хугацаанд уг бодисоор амьсгалснаар цусны болон хамар, залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй гэнэ.
Сургуулиудын засварын ажил одоо ч үргэлжилж, хүүхдүүд будаг нь ч хатаж амжаагүй анги танхимд хичээллэх гэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаныхнаас тодруулахад “Засвар хийхэд ихэвчлэн будаг, лак, шингэлэгч, эмульс зэргийг ашигладаг. Эдгээр нь тухайн орчиндоо дэгдэмхий нэгдлүүд ялгаруулж, агаарын чанарыг муутгадаг. Будаг нь хатаагүй барилгад удаан хичээллэснээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, бензол, формальдегид агуулсан барилгын материал нь хавдар үүсгэх эрсдэлтэй. Харин толуол, этилбензол нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн дэгдэмхий органик нэгдэлд өртөхөд толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, нүд улайх, нус гоожих, хоолой хорсох шинж тэмдэг илэрдэг. Иймээс сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссанаас хойш ядаж нэг сарын дараа хүүхдүүдийг хичээллүүлэх нь зохистой. Мөн тогтмол агаар сэлгэж хэвших хэрэгтэй. Тэгэхээр засварыг эрт эхлүүлэх нь аюул багатай” гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жил нийт 36 сургуулийн 480 бүлгийн 19 814 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлсэн. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхээс ганцхан хоногийн өмнө л Боловсролын сайд П.Наранбаяр “Нарны хорооллын 141 дүгээр сургууль 5009 хүүхэдтэй. Зөвхөн нэгдүгээр ангид өнөө жил 630 хүүхэд элсэн орно. Тиймээс сургуулийн дэргэдэх CU-тэй барилгыг нэмж түрээслэхээр боллоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 36 сургуулийн 19 мянга гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсныг гурван сургууль болголоо” хэмээн попров. Уг нь П.Наранбаяр сайд тэргүүтэй салбарын яамныханд эл асуудлыг шийдэх гурван сарын хугацаа байгаагүй гэж үү. Хурлын заалаа л гэхэд тэрбум шахуу төгрөгөөр тохижуулж, зөөлөн сандалд тухлах хооронд ардын хүүхдүүд арай сургуульгүй үлдэх юм биш биз, сайд аа. Өдөр алдаж шөнө гэгчээр наймдугаар сарын 31-нд ингэж шидтэн аятай ярих нь хэнд хэрэгтэй вэ. Угтаа хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангалтгүй явж ирснийг жил бүр л сануулдаг шүү дээ. Гэтэл энэ жил л анх удаа есдүгээр сарын 1 болж гэнэ, хамаг зовлон бэрхшээлээ тоочиж, юу ч болоогүй мэт 39 сургуулийг гурав болголоо хэмээн суух. Тэгвэл үлдсэн гурван сургуулийн хүүхдүүд хаана суралцах юм бэ. Эцэг, эхчүүд нь хуруу хумсаа хугалах нь холгүй хөдөлмөрлөж, үр хүүхдэдээ “наах” хэдэн төгрөгөө татвар нэрээр “шулуулж” байхад хүүхдүүд нь ядаж сурч боловс¬рох эрхээ эдэлж болохгүй гэж үү.
С.Энхжаргал, Э.Сүйлэн
