-Орхон аймаг дахь 220 кВт-ын дэд станцад гал гарч, найман аймаг, 143 сум цахилгаангүй болов-
Өвөл өнөө, маргаашгүй “айлчлах” гэж байхад цахилгаан, дулааны станцууд, дамжуулах сүлжээнүүдэд байсхийгээд л гал гарч, энд тэндгүй дэлбэрэлт болж, үйл ажиллагаа нь доголддог болчихлоо. Эрт хүйтэрч, хахир хатуу өвөл болно хэмээн цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байтал манайхны бэлтгэл, үнэн төрх нэг иймэрхүү. Уржигдар орой гэхэд л “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сум дахь 220 кВт-ын дэд станцад гал гарч, найман аймаг бүхэлдээ цахилгаангүй болов. ОБЕГ, аймгийн ЗДТГ-ынхан энэ талаар мэдээлэхдээ “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний Хангайн бүсийн “Эрдэнэт” дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гэмтэл гарч, цахилгаан тасарсан гэсэн юм.
Дарга нарын тайлбар, байгаа байдал нь угаас ийм “тайван”. “ДЦС-3”-д дэлбэрэлт болж, хүн нас барахад хүртэл “Жижигхэн л гэмтэл, саатал гарсан шүү дээ” хэмээн хээвнэг зогсож байсан сан. Энэ удаад ч ялгаагүй. Гэтэл нөхцөл байдал газар дээрээ тийм ч амар байгаагүй аж. Дамжуулах сүлжээнд гарсан галыг онцгойгийн алба хаагчид унтраах гэж нэг цаг “ноцолдсон” гэнэ. Галын улмаас хуваарилах станцаас тэжээгддэг аймгууд, 143 сум цахилгаангүй болжээ.
Албаныхнаас энэ талаар тодруулахад “220 кВт-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид есдүгээр сарын 3-ны 18.55 цагт гал гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, түймрийг 19.43 цагт бүрэн унтраасан. Шуурхай бригад дамжуулах сүлжээнд үүссэн гэмтлийг богино хугацаанд засварлаж, станцаас тэжээгддэг аймаг, сумуудыг цахилгаанаар хангаж, хэвийн болгосон. Цахилгаан тасарсан хугацаанд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний болон Хүүхдийн тасгийг эрчим хүчний нөөц эх үүсвэрт холбосон. Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Гал алдсан шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна” гэв.
Дэд станцад гарсан галын улмаас Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг цаг гаруйн хугацаанд эрчим хүчгүй байсан аж. Гэвч зөвхөн хангайн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хоёрхон тасгийг л хэсэг хугацаанд цахилгаанаар хангасан байна. Харин бусад аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэс заслын тасгууд цахилгаангүй байсан гэв үү дээ.
Түүнчлэн улсын эдийн засагт хор хохиролтой нэг үйл явдал болсон нь станцын гэмтлийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “тэг” зогссон юм. Тус үйлдвэрийнхэн цахилгаангүй цаг гаруйн хугацаанд хэчнээн төгрөгийн борлуулалтын алдагдал хүлээснийг хэн ч авч хэлэлцэхгүй байх шиг. Эсвэл үүнийг хав дарсан ч байж болно. Харин нэг зүйл л тодорхой байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” багаар бодоход хэчнээн төгрөгийн алдагдал хүлээсэн бэ гэдгийг бодож олоход амархан. Учир нь тус ТӨҮГ-ын албан ёсны мэдээллээр үйлдвэр хоногт 10-12 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн. Тэгвэл нэг цагт 417-500 сая төгрөгийн борлуулалтын алдагдал хүлээсэн байж болзошгүй. Үүн дээр цахилгаан залгах, тоног төхөөрөмжийн доголдол, чанар буурснаас үүдэх хаягдал, гэрээ-торгуулийн зардал зэрэг нэмэгдэж ч болох юм. Харамсалтай нь, одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл алга. Үүссэн хохирлыг хэн барагдуулах талаар тодруулах гэсэн боловч дэд станцын инженер, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага харилцуураа авсангүй.
Манай улсын цахилгаан, дулааны станцууд байгуулагдаад хэдийн 60 жил болчихсон. Тоног төхөрөмжүүдийнх нь 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, шинэчлэх шаардлагатай хэмээж буй. Ядуугийн энэ зовлон эрчим хүч дамжуулах сүлжээд рүү ийнхүү “хальжээ”. Энэ өвөл улс даяараа цахилгаан, дулаангүй болох эрсдэл хаяанд ирж. Дэлбэрэлт, гал түймэр, гэмтэл саатал том, жижигдээ биш, осол дахин гаргахгүй байхад л анхаарч ажиллахыг олон нийт хүсээд буй юм.
О.Оргилох