ОХУ-ын Владивосток хотноо 10 дахь жилдээ болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг өнөө жил “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хам¬тын ажиллагаа” сэдвийн хүрээнд энэ сарын 3-6-нд зохион байгууллаа. Манай улс ОХУтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү чуул¬га уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож ирсэн уламжлалтай бөгөөд 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрөв, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг гээд нийт долоон удаа оролцжээ.
Чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Тэрбээр энэ үеэр “Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын хүрээнд Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсанд баяртай байна. Их эрдэмтэн М.В.Ломносовын Оросын хүч чадал Сибирээр өсөн нэмэгдэнэ гэж хэлсэнчлэн “Сибирийн хүч1” төсөл амжилттай хэрэгжсэн. Одоо “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх гэж байна. Энэхүү томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө таны гаргасан хүчин чармайлтад чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв. ОХУын Ерөнхийлөгч В.В.Путин “Монгол Улс буюу хөрш, анд, стратегийн түнштэйгээ бидний хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь бие даасан ач холбогдолтой бөгөөд манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Манай хоёр орны харилцаа өнгөрсөн хугацаанд эергээр өрнөж, худалдааны эргэлт 17 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Манай уламжлалт төслүүд ч урагштай хэрэгжиж буй. Энэ ташрамд, хоёр улсын хамтын ажиллагаанд бат бөх суурь тавигдсан өнгөрсөн түүхийг дурдахгүй бол бо¬лохгүй” гэсэн юм.
Энэхүү уулзалтад манай улсаас Шадар сайд, Эрчим хүч, Зам, тээвэр, Аж үйлдвэр эрдэс баялгийн болон Сангийн сайд оролцсон юм.
УЛААН БУУДАЙ, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР НИЙЛҮҮЛНЭ
Манай улсын газар тариалангийн бүс нутагт гантай байснаас үүдэн ургацын хэмжээ өнөө жил төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Тиймээс 100-150 мянган тонн улаан буудай болон малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, байгаль, цаг уураас шалтгаалсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд Оросын талаас хүссэн юм. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч В.В.Путин эл хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд тэрбээр “ОХУ өнөө жил хангалттай хэмжээний ургац хураан авч байна. Мөн ОХУ бол улаан буудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс. Тиймээс Монголын талын хүсэлтийг шийдвэрлэхэд саад болох зүйлгүй” хэмээв.
Уулзалтын үеэр хоёр орны төлөөллүүд улс төр, соёл, хүмүүнлэгийн талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ОХУ-аас манай улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд саяхан хүрсэн билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэр¬гүүтэй тус нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан, тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар Засгийн газар болон “Газпром” НХН хоо¬рондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.
Дорнын эдийн засгийн Х чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илтгэл тавьж, Дорнын болон Сибирийн бүс нутгийг хөгжүүлэх нь XXI зууны Оросын үндэсний тэргүүлэх чиглэл болохыг онцолсон юм. Тэрбээр “Энэ арга хэмжээний гол зорилго нь Дорнын бүс нутгийн бүх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хөгжлийн шинэ гарцыг нээхэд оршино” хэмээв. Мөн “Дорнын гол мөрнүүд бол байгалийн тээврийн чухал артерууд. Бид далайн шинэ терминал, тээврийн зангилаа байгуулахын зэрэгцээ Байгаль-Амурын магистраль болон Транссибирийн төмөр замыг өргөтгөн хөгжүүлж, боомтуудыг төмөр замын сүлжээнд илүү үр ашигтай холбох шаардлагатай байна” гэсэн юм. Түүнчлэн эрчим хүчний салбар ч энэхүү илтгэлийн гол сэдэв байлаа. В.В.Путин эдийн засаг, хүн амын өсөлттэй холбоотойгоор бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас хий, атомын болон усан цахилгаан станцуудыг цогцоор нь хөгжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатайг ч энэ үеэр онцлов.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар бүс нутгийн эрчим хүч, байгаль орчны салбаруудын хамтын ажиллагааны хөгжил нь Ази, Номхон далайн бүс нутагт Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлж, цаг үеэ олсон, тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх чухал боломж гэдгийг тодотголоо. Тэрбээр “Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа энэ бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд Зүүн Өмнөд Азийн орнуудтай болон бусад түнш улстай харилцан ашигтай, найдвартай хамтын ажиллагаа тогтоох нь бидний гол зорилт. Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд зургаан хувиар өссөн нь гадаад худалдааны салбарын үр дүнтэй бодлого, хамтын ажиллагааны үр дүн. Мөн Монгол, ОХУ, БНХАУ гурван орны Засгийн газрын дээд түвшний уулзалтын дараа бид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Бас Алс Дорнодын бүс нутагт худалдаа, эдийн засгийн харилцааг өргө¬жүүлэн тэлэх, дэлхийн улсууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол бидэнд бий. Газар зүйн давуу талаас гадна байгалийн баялаг, өндөр бүтээмж, чадвар¬лаг хүний нөөц зэрэг асар их боломж бидэнд байна. Засгийн газар эдгээр боломжийг ашиглаж, хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, макро эдийн зас¬гийн тогтвортой байдлыг бататгах, бизнес бо¬лон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүр¬дүүлж, га¬даад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй. Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээгээр 367 бараанд татварыг тэглэж, бууруулсан” гэв.
Эргэн сануулахад, Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтыг “Олон туйлт дэлхий ертөнц рүү” сэдвийн хүрээнд зохион байгуулж байв. Энэхүү чуулга уулзалтад 68 улсын 7000 гаруй төлөөлөгч оролцож, түүхэнд өмнө байгаагүй олон тооны хөрөнгө оруулалтын хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг дэмжих, АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах тохироонд хүрч байв. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж, 2029 онд ашиглалтад оруулахаар тохирч байсан юм.
Өргөтгөсөн хуралдааны чиглүүлэгч Ерөнхий сайд Г.Занданшатараас Монгол байгалийн хийг хэрэглэх үү, эсвэл зөвхөн дамжуулан өнгөрүүлэгч байх уу гэдгийг лавласан бол ОХУын Ерөнхийлөгчөөс байгалийн хийн үнийг тодруулсан юм. Эл асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах сайн талтай. Хийн хоолойн байгаль орчинд үзүүлэх нарийвчилсан үнэлгээг хийсэн. Монголын талын бэлтгэл ажил дууссан. Бид зөвхөн тээвэрлэгч бус, хэрэглэгч орон байна гэж найдаж байна. Нарийн ширийн асуудлыг дараа тохирно” гэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Гурван улсыг холбосон байгалийн хийн шинэ хоолой барих төсөл нь дэлхийн эрчим хүчний салбарын том төслүүдийн нэг болно. Зууны төсөл гэхэд болно. Бид 30 жилийн хугацаанд 50 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийг нийлүүлнэ. Үнийг нь аж ахуйн нэгжүүд тохирно. Амаргүй байгаа ч энэ хэлэлцээ олон жилийн турш үргэлжилж байна. Байгалийн хийн хоолойн үнэ бүс нутаг бүрд өөр байдаг” гэлээ.

“ХОЁР УЛСЫН АМИН ЧУХАЛ АСУУДЛУУДЫГ НҮҮР ТУЛАН ХЭЛЭЛЦЭХ НЬ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ”
Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь ОХУ-ын алс дорнын бүс нутгийн эдийн за¬саг, хөрөнгө оруулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэдэг бөгөөд өнөө жил жил 36 орны 6000 гаруй төлөөлөгч оролцлоо.
Судлаач, доктор Д.Баярхүү “Манай улс Европ, Азийн хооронд транзит буюу тээвэрлэгч орон болно гэдэг томоохон зорилго тавьчихсан байна. Тэгэхээр энэхүү чуулга уулзалт бидний байр суурийг илтгэх олон улсын томоохон индэр гэсэн үг. Мөн тус улсын Ерөнхийлөгч В.В.Путин “Монгол бол Ази, номхон далайн бүс нутаг дахь стратегийн түнш мөн” гэж хэллээ. Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцааны хамгийн чухал зүйл болох түлш, эрчим хүч, шатахуун, нефт зэрэг асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлэх амлалт өглөө. Монгол болон ОХУ-ын улс төрийн харилцаа бол жинхэнэ төлөвшлийг олсон. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Үүнийгээ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажуулчихсан цорын ганц улс. Нөгөө талаас Монгол, Оросын дээд хэмжээний уулзалтууд тогтворжиж, хоёр урсгалтай болж буйд талархаж байна. Хоёр улсын харилцааны амин чухал асуудлуудыг нүүр тулан хэлэлцэх нь өндөр ач холбогдолтой” гэв.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уламжлал ёсоор “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг толилууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар тус үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын үзэсгэлэнгийн танхимаар зочилсон юм. Үзэсгэлэнд Алс Дорнодын холбооны тойргийн 11 бүс нутаг, мужуудын онцлог, соёлыг таниулсан бараа бүтээгдэхүүн, олдвор, гоёл чимэглэлийг дэлгэсэн байв. Тухайлбал, Саха улс алмаазан бүтээл, мөнхийн цэвдэг газраас олдсон арслан зааны олдвор зэргийг зочдод танилцуулсан юм.
У.Цэцэгсүрэн