Монгол Улсад гарч буй зам тээврийн осол, хэргийн цөөнгүй нь замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүйгээс үүдэлтэй гэхэд болно. Ажлаа дутуу хийснээс болж Улсын комисс хүлээж аваагүй замаар монголчууд бид олон жил зорчиж, тэнд нь хүний амь, эрүүл мэнд хохирсоор байхад хариуцсан байгууллага нь юу ч хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хэдэн хурд сааруулагч суурилуулснаа гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах чиглэлээр хийсэн ажил хэмээн тайлагнаж байхыг ч үгүйсгэхгүй. Тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн чиглэлд гарах буюу Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх авто замыг Улсын комисс хүлээж аваагүй байдаг. БНХАУ-ын 36 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тус улсын “Синохайдро лимитед корпорэйшн” ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж, 2019 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нь нээж байсан уг замыг 5-6 жил өнгөрөхөд Улсын комисс ашиглалтад бүрэн хүлээж аваагүй өнөөг хүрлээ. Тухайн замд гарсан хүний амь үрэгдсэн ослыг шалгах үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн гэрчээр мэдүүлэхдээ “Осол болсон зам дээр гүүрэн гарц байгуулахаар зураг төсөл, төлөвлөгөөнд тусгасан боловч гүйцэтгэгч компанитай санхүүжилтийн асуудлаар санал зөрсний улмаас гүүрэн гарц бариагүй. Баянзүрх дүүргийн XI хорооны Засаг даргаас гаргасан хүсэлтийн дагуу таван байршилд явган хүний гарц шинээр хийсэн” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын тухайн хэсэгт гүүрэн гарц барихаар төлөвлөсөн боловч зураг, төсвийг нь өөрчлөөд явган хүний гарцын хэвтээ, босоо тэмдэглэгээ хийчихсэн гэсэн үг. Хэрэв гүүрэн гарц байгуулсан бол тухайн хэсэгт хүмүүс зам тээврийн осолд өртөж, амь, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш ихээр буурах байв.
Энэ мэтээр авто замын барилга, байгууламж хариуцсан газрууд ажлаа зүй ёсоор хийдэггүй, хяналтаа хуулийн дагуу тавьдаггүйгээс хүний амь, эрүүл мэндэд хохирол учирсаар байна. Хууль сахиулах байгууллагынхан тухайн аж ахуйн нэгжийнхнийг хариуцлагад татахаар оролддог. Гэвч хуулийн хийдэл, цоорхойгоос шалтгаалж эрүүгийн хариуцлага ногдуулж байсан нь цөөн юм. Ийм нэгэн хэргийг саяхан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд байна.
ГАРЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭГ ТОДРУУЛАХ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН НЬ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ
Нийслэлийн замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хэмээх хоёр байгууллага, иргэн Ц.Эрдэнэгэрэл нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгажээ. Баянзүрх дүүргийн III хорооны нутаг, Сансрын туннелээс Зүүн дөрвөн зам руу чиглэсэн авто замын туслах урсгалд 2022 оны долоодуга сарын 27-ны 17.00 цагийн үед долоон настай Б гэх хүү машинд мөргүүлж гэмтэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирчээ. Уг хэрэгт холбогдуулж автомашины жолооч Ц.Эрдэнэгэрэлийг Эрүүгийн хуулийн 27.10-2.3 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” хэмээн буруутгасан аж. Харин Нийслэлийн замын хөгжлийн болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газрыг мөн хуулийн 27.9-2 дахь хэсэгт заасан “Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэсний дагуу яллагдагчаар тооцжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 23-ны А/248 дугаартай эрх шилжүүлэх тухай захирамжид зааснаар Нийслэлийн замын хөгжлийн газар нь хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраар хийлгэж, хяналт тавих үүрэгтэй байж. Харин зам хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан хууль, журмаар хүлээлгэсэн ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс дээр дурдсан хүүхэд осолд орсон хэмээн үзсэн юм.
Уг нь Авто замын тухай хуульд “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна. Зам хариуцагч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ. Зам хариуцагч байгууллага нь авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй” гэж заасан байдаг.
Долоон настай хүү осолд өртсөн тухайн туслах замд тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Гэхдээ ажлаа гүйцэтгэхээс нь өмнөхөн уг осол гарсан гэнэ. Тодруулбал, тус газрын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардорж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар болон Нийслэлийн ЗДТГ-ын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд 2022 оны гуравдугаар сарын 1-нээс 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн дотор тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэхээр тусган, график хугацаатай төлөвлөгөө гаргаж ажилласан. Энэ гэрээнд байгаа тэмдэг, тэмдэглэгээний ажлуудыг манайх график төлөвлөгөө гаргаж наймдугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгээд 2022 оны есдүгээр сарын 15-нд Нийслэлийн замын хөгжлийн газарт хүлээлгэж өгсөн. Осол 2022 оны долоодугаар сарын 27- нд гарсан. Зам тээврийн осол болсон газарт нь тэмдэг, тэмдэглэгээ буюу цагаан зураас, явган хүний гарцын тэмдэглэгээ бүдгэрсэн байсан хэмээн гүйцэтгэгч компани ажлаа хийгээгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм” хэмээн мэдүүлжээ.

“СТАНДАРТАД НИЙЦСЭН ТЭМДЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ”
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хууль ёсны төлөөлөгч дээрх байдлаар өөрсдий¬гөө эрүүгийн хариуцлага хүлээх учиргүй гэдгээ илэрхийлж. Тэгвэл хэрэгт шинжээчээр оролцсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Энхболд “Тухайн явган хүний гарц нь заавал стандартын шаардлагад нийцсэн тэмдэгтэй байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг осол болсон газарт явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй нь замын хөдөлгөөнд оролцогчийн тухайн мэдээллийг хүлээн авах, боловсруулах, тосон хариулах чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Жолоочид хандсан тэмдэг нь харааны түвшинд байрлах стандартын шаардлагатай бөгөөд уг тэмдгийг харсан жолооч эхний ээлжид тээврийн хэрэгслийн хурдыг хасах үүрэг хүлээдэг. Тухайн тэмдэг байхгүй нь жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгож болно. Энэ тохиолдолд явган хүний гарцын тэмдэггүй, тэмдэглэл ихээхэн бүдэг байгаа нь жолооч аюулгүй байдлыг хангах бололцоогүй болно гэсэн үг. Ийм учир стандартад заасан тэмдэг, тэмдэглэлийг цаг хугацаа орон зайд заавал байрлуулах ёстой” хэмээсэн байна. Тэгвэл Хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Д.Дуламрагчаа “Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна” гэж заасан. Энэ байгууллага нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ мөн бөгөөд нийслэлийн ЗДТГ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Авто замын тухай хуулийн 4.1.12-т “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг нэрлэнэ” гэж заажээ. Тухайн байгууллага нь Авто замын тухай хуулийн 23.3.1-ийн “Авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах” ажлын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Нийслэл хотын хэмжээнд авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ашиглалтын байдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Тус газар нь Баянзүрх дүүргийн нутаг, Сансрын туннелийн туслах замын хоёр талд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр тодорхой зааж оруулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг зам тээврийн осол болсон газарт явган хүний босоо тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсон нь стандартын шаардлагыг хангахгүй байна” хэмээн дүгнэлт гаргаснаа танилцуулсан байх юм.

ЗАМ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЦАГААТГАВ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг энэ оны тавдугаар 19-нд хянан хэлэлцээд Нийслэлийн замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газарын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.Чингис, Я.Мягмардорж нарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг сахин хангах үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд хариуцлага оноохоор заасан хэрэгт тухайн байгууллагын эрх бүхий, шийдвэр гаргах албан тушаалтныг яллагдагчаар татахаар зохицуулсан байхад тус хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон авто замын хяналтын мэргэжилтнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, тэдгээр нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш, мөн хуулийн этгээдэд дангаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэж үзээд цагаатгасан юм. Харин иргэн Ц.Эрдэнэгэрэлд найман сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэжээ. Уг шийтгэх тогтоолыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь баталсан байна.
Манай улсын Эрүүгийн хуульд албан байгууллага, аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага ногдуулах заалт орсон нь дэвшилттэй. Гэвч хэрэгжилт тун хангалтгүй байгаагийн илрэл нь дээрх жишээ байж ч болох. “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал” хэмээх бодлогын судалгааны тайланд дурдсанаар “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг маш бага байгаагийн учир шалтгаан нь хуульчдын туршлага дутмаг байгаатай холбоотой” гэж үзжээ. Тэгэхээр хуульчид буюу прокурор, мөрдөгч нар дээрх хэргийн жишээнээс үзэхэд хариуцлагад татах хүн, албан тушаалтнаа зөв тодорхойлоогүй нь хуулийн этгээд хариуцлагаас мултрах нөхцөлийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй.