Уншигч-сурвалжлагч С.ЦОГТБАЯР Соёлынгавьяат зүтгэлтэн
Зочин Ц.БАЙДЫ Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн
“Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” уриатай “Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойг тохиолдуулан манай “Уншигч-сурвалжлагч” буланд эрхэм хүндтэй уран бүтээлчид уригдлаа. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Монголын шог зургийн загалмайлсан эцэг” гэгддэг Цэвэгийн Байды гуайтай түүний шавь болох Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол шог зураачдын томоохон төлөөлөл Самандарын Цогтбаяр ярилцсан юм.
1942 онд Дундговь аймгийн Хулд сумд төрсөн, нутаг усандаа алдартай Номон баяны үр удам, алт, мөнгөний дархан ааваасаа гарын болон ухааны ур дүйг өвлөсөн, зургаан настайгаасаа зураг зурж эхэлсэн, шүлэг найраг оролддог, сүүлдээ бичсэн, зурсан нь сонин хэвлэлд нийтлэгдэх болсон тул ардын армийн гурван жилд Их бууны тусгай дивизионы цэргийн клубийн зураач Ц.Байды хоолоо зөөлгөж идэн “эрхэлж” өнгөрүүлсэн, “Тоншуул”-д ажиллах хугацаандаа 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдаанд тэргүүлсэн, мөн 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн гээд цааш өгүүлбэл намтар баян хүмүүн.
С.Цогтбаяр зураачийн хувьд 2000-аад оны дундуур “Тоншуул” сэтгүүлээ сэргээн, хэсэг хугацаанд гаргаж байсан бол өдгөө 90 жилд нь зориулан Монголын шог зураачдын бүтээлээр анх удаагаа марк хэвлүүлэхээр “Монгол шуудан”-гийнхантай хоёр жилийн өмнөөс яриа хэлэлцээ хийж, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд ажил хэрэг болжээ. Тун удахгүй хэвлэлтээс ирэх шог зургийн маркийнхаа нээлт, уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг хаана, хэрхэн яаж зохион байгуулах талаарх багш, шавь хоёрын хөөрөлдөөн урамтай гэж.
-“Өнөөдөр” сонины зочин сурвалжлагч болоод, багштайгаа хөөрөлдөх завшаан тохиосонд талархаж байна. Миний багш бол та. Таны багш гэвэл ямар хүмүүсийг нэрлэх вэ?
-Хошин шог зураач, зохиолч, сэтгүүлчид гэсэн уран бүтээлийн гурван том ай савын нэгдэл дээр “Тоншуул” маань гардаг байлаа. Бидний үед 120 мянган хувь хэвлэгдэж байсан шүү дээ. Монголын хэвлэлийн түүхэнд ийм тохиолдол үгүй байх. Өнөөдөр ч гэсэн хүмүүс “Тоншуул” шиг хошин шог сэтгүүл гаргаж болдоггүй юм уу л гэдэг. Цогтбаяр маань “Тоншуул”-аа хэсэг эрхлэн гаргаж үзсэн шүү дээ. Гэхдээ зах зээлийн нийгэмд хувь хүмүүс нуруун дээрээ бүх ачааг үүрээд явах хэцүү биз. Түүнээс бол хүмүүс их сонирхдог. Сэтгүүлийнхээ 90 жилийн ойг тохиолдуулаад миний хувьд “Монголын хошин шог зургийн дээж” номынхоо хоёр дахь хэвлэлийг гаргахаар ярилцаж байна.
“Тоншуул”-д орохоосоо өмнө би байнгын уншигч нь байсан. Дундговьд ажиллаж, амьдарч байхдаа 10-аад жил захиалан уншиж, хотод ирэхээрээ гол хүмүүстэй нь зорьж уулздаг, нөхөрлөдөг байв. Надад тусгайлан хичээл зааж байгаагүй ч хошин шог зурагт намайг эртнээс дурлуулсан хүмүүс гэвэл Арнайн Гүрсэд, Вандагийн Одгийв, О.Нямсүрэн нар. Ялангуяа А.Гүрсэд, В.Одгийв хоёр бол Монголын хошин шог зургийн ахмад үеийн манлайд нь явсан шүү. Арнайн Гүрсэдийг манайхан ерөөсөө л “Матар”-ын Одгийв гэдэг байлаа. О.Нямсүрэн бол манайхаас Репиний академи төгссөн зураачдын нэг шүү дээ. Зөвлөлтөд Строгановын Уран сайхны академид сурч байхдаа би “Крокодил” гээд хошин шог сэтгүүлийн газраар байнга очдог, уран сайхны ерөнхий редактор В.Г.Мочалов, зураач А.Крилов, Г.Оградников, Б.Ефимов, В.Тильмань, С.Тунин нартай нөхөрлөж байв. Нөхөрсөг шог зургаараа маш алдартай В.Г.Мочаловыг Монголд ирэхэд нь говь, хангайгүй л дагаж явсан даа.
-Арнайн Гүрсэд, Вандангийн Одгийв нарын тухай өнөө цагийнханд илүү дэлгэрүүлж ярих нь зүйтэй болов уу?
-В.Одгийв гуай бол Өвөрхангайн хүн. Багадаа хувилгаанаар тодорч л дээ. Тэгсэн арын хаалгаар өөр баяд ноёдын хүү болчхож. Тухайн үедээ ч их л харамсан, гутарч байсан гэдэг. Гэтэл дараахан нь хувьсгал гараад, нөгөө хувилгаан болсон хүнийг нь барьж аваачаад, буудчихаж. “Ямар азаар тэр үед би хувилгаан болоогүй юм. Тэгсэн бол өнгөрөө” гээд В.Одгийв гуай надад инээгээд ярьж билээ. Их ой сайтай, аливаа үйл явдлыг он, сар, өдөр, хүний нэр ус, газар оронтой нь ярьдаг. Улсын багшийн дээд сургууль, Урчуудын эвлэлийн хороог анх байгуулсан мундаг сэхээтэн шүү дээ. Хачин даруухан, ихэрхэх, бардах юмгүй, хүн өөрийг нь магтахад ер тоохгүй. Зургаа зураад л явж байдаг.
-В.Одгийв гуай бараг 100 хүрсэн билүү. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд дотоод оршихуйдаа бясалгаад, гаднах ертөнц, хүмүүстэй бараг холбоогүй болсон. Бид “Тоншуул”-ынхаа 70 жилээр В.Одгийв гуайгаа оролцуулан баримтат кино хийж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, тийм ээ?
-Тэгсэн. Өөрөө бол “Би 100 хүрнэ” гэдэг байсан. 98-тайдаа өөд болсон байх аа. Их дээр үеийн хүн шүү дээ. Улсын багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулсан хүн саяхныг болтол мэнд сэрүүн байсан гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Их даруухан, дотогшоогоо хүн байсан. Манай “Тоншуул”-ынхан чинь ер нь их хожуу төр засгаас шагнал урамшуулал хүртдэг улс. В.Одгийв гуай маань хэзээний л гавьяат болчихоор хүн атал өгдөггүй. Сүүлд Цогтбаяр маань санаачилгаараа хөөцөлдөж байгаад Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг нь авхуулсанд өөрөө ч, манайхан ч их баярлаж билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Арнайн Гүрсэд бол бидэнтэй зэрэг дарвиад л хүүхэд шиг гүйж явна. Барилдана. Тун ойр байсан.
-Бид “Өвөө Гүрсэд” гэж авгайлдаг байсан энэ сайхан хүн нэрт найруулагч Доржсамбуу агсны аав шүү дээ. Доржсамбуу ах бол манай “Тоншуул”-ынхантай их ойр байсан. Өөрөө ч хошин шогийн мэдрэмж их сайтай. Хүү Цогт нь бас одоо шог зураг зурдаг. Ингэхээр гурван үеэрээ манайхантай ойр дотно холбоотой яваа гэсэн үг. Манай шог зураачдын гэр бүл чинь ийм л сайхан өргөн, өнөр олуулаа. Л.Гаваа гуай, Ц.Доржпалам гуайгаас эхлээд манай нэрт Ардын зураач нараас эхлээд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгуай, С.Ламбаа ах гээд олон хүн ажлынхаа хажуугаар “Тоншуул”-д шог зураг зурж нийтлүүлдэг байсан. Харин яг “шог зураач” гэдэг мэргэжлээрээ дагнан “Тоншуул”-д ажилладаг, орон тооны үнэмлэхтэй хүмүүс нь Гүрсэдгуай та хоёр л байна уу. Орон тоо нь ч цөөн байсан болов уу. Сүүлд би нэмэгдсэн байх. Одоо ч манайд 30, 40 шог зураач бий. Гэхдээ үнэлэмж муутай учраас амьдралын шаардлагаар цөөнх нь л идэвхтэй ажиллаж байна. Байды багшийн дүү, Намжилдорж ах маань хөдөөдөө шог зургаа зурж байгаа даа?
-Шог зураг ч хэзээний л хүмүүсийг баясгаж, хөгжөөгөөд байхаас биш, уран зураг шиг худалдаж авдаггүй. Шог зураг зураад хүн шиг амьдарч болохгүй байгаа учраас залуус өөр арга зам бодох нь зүйн хэрэг. Хүмүүст ямар ч хэрэггүй байсан чиг л бид бол үүндээ үнэнхүү дуртай. Намжилдорж гэхэд хөдөө мал маллаад, монгол гэртээ үзэсгэлэн гаргаад л явдаг нөхөр. Саяхан би нэг үзэсгэлэнгийн нээлтэд нь очоод ирсэн. Сумын хүмүүс бол жигтэйхэн сонирхоод, ирж үзээд, хөгжиж баясаад, өөрийг нь хүндлээд л сүйд байгаа юм. Гэхдээ архи л өгөхөөс мөнгөөр зургийг нь худалдаж авахгүй байна (инээв).
-Шог зураачидтай адилхан хүмүүс бол яруу найрагчид. Цэвэр яруу найргийн ном тийм ч борлуулалттай байдаггүй гэнэ. Заавал төр, засаг гэхгүй, нийгэм, олон нийт энэ төрлийн уран бүтээлчид, арилжааны бусийм урлагийг ойлгодог, дэмждэг байх ёстой. Гэтэл нийгэм дэлдэв муу муухайг түгээж, хий хоосон магтан сэвж, хооронд нь хутган үймүүлдэг олон сэтгүүлч өнөөдөр “Жи-класс” унаад яваад байна. Угтаа яруу найрагчид, шог зураачдын зүрх сэтгэл хэрэв урвах юм бол сэтгүүлчдээс илүү хор нөлөөтэй. Буруу талд нь үйлчлээд зурвал яаж ч мэдэх хурц “зэвсэгтэй” улс шүү дээ. Гэхдээ бид хэзээ ч сүнсээ арилжихгүй. Ингэхэд манай Байды багш чинь нэрт шог зураач Херлуф Бидструптэй нүүр тулж уулзсан хүн. Тэр тухайгаа яриач?
-Данийн нэрт зураач Херлуф Бидструп Монголд ирнэ гээд л бөөн юм болсон. “Шог зураач юм чинь манайхаар гарцаагүй ирнэ” гээд л “Тоншуул” дээрээ бид бэлдээд байв. Гэтэл яг ирдэг дээрээ тултал хөрөнгөтөн орны уран бүтээлч учраас НАХЯ-ныхан угтаж аваад, намын гишүүн хүнийг дагалдуулна гээд бүччихсэн. Сураглаж байгаад л хаана яваа газарт нь би гүйгээд очдог. Олддоггүй дээ. Нэг удаа Соёлын яаманд уулзалттай гэхээр нь гүйгээд очтол Бидструпийн сууж яваа хар тэргэнд Л.Гаваа багш маань байна. Харангуутаа багш намайг дуудаад “Чи л энийг дагаж явах ёстой байсан юм. Энэ нөхөр чинь бие засахдаа хүртэл надаас асуугаад, зөвшөөрөл аваад төвөгтэй байна” гээд загнадаг юм. Үнэн хэрэгтээ Л.Гаваа багш ч намын гишүүн биш байсан юм билээ. Тэрийг нь манайхан мэдсэн ч юм уу, үгүй ч юм уу, ямартай ч Ардын зураачаа л өмнөө барьсан хэрэг биз. Тэнд нөгөөх Бидструптэйгээ уулзах хөг ч өнгөрсөн. Явахынх нь өмнөхөн харин Үндэсний телевиз дээр шог зураачдын уулзалт болно гэж дуулаад очив оо. Манайд дани хэл мэддэг хүн байхгүй, германаар муухан ярьдаг гэхээр нь Ц.Энхжин орчуулахаар болж.
Уулзалтын үеэрх нэг сонирхолтой яриа одоо ч санаанд тод байдаг. Манайд Дорж, Дулмаа, Лувсан нэртнүүд түгээмэл байдаг шиг Бидструп нэртэй хүн Данид олон юм байна. Гитлер Данийг эзлэнгүүтээ хамгийн түрүүнд нөгөөхийг барихгүй хаачих вэ дээ. Барингуутаа толгойг нь авахаар зарлаж. Германчууд нэг Бидструпийг барьж аваад, байцаатал өнөөх нь зураач биш болж таараад, тавьж явуулж л дээ. Тэр хооронд жинхэнэ Бидструп нь зугтаад, нуугдаж амжиж. Данийг хожим чөлөөлтөл нь Коммунист намынхаа далбаан дор зүсээ хувилган нуугдаад, амь гарсан гэдэг. Бидструп биш, өөр содон нэртэй байсан бол аль хэдийн цаазлуулах нь ээ. Хүний хувь заяа гэдэг тийм сонин. Тийнхүү уулзалт дуусаад, явахаар гараад иртэл машин нь алга шүү. Тэгэнгүүт нь манай хэдэн нөхөр Бидструпийг “оргуулаад”, хоёр шил “юм”-тай Тасганы овоо руу гарч байгаа юм.
-Хэн хэн байв?
-Б.Цэдэв, С.Чимиддорж, Л.Өлзийбат бид хэд байсан санагдана. Яг Тасганы овоон дээр ирээд л өнөөх хоёроо гаргаж ирээд задлахын завдалгүй “гурван дугуйт”-тай цагдаа нар хүрч ирээд хураах юм болов оо. “Та нар Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр далимдуулж, дандаа Тасганы овоон дээр архиддаг. Энийг чинь хурааж, асгана” гээд сүрхий байна. Би ч байдгаараа гуйлаа. “Үгүй, энэ чинь бүүр гадаадын хүн байгаа юм. Даян дэлхийд алдартай Бидструп гэдэг зураач” гэтэл таньдаггүй ээ. Бидструп ч юу болоод байгааг ойлгохгүй, бидэн рүү гайхаж нэг том харснаа Богд уулыг ширтээд чимээгүй зогсчихсон. Сүүлдээ би ажлын газраа хэлтэл намайг харин таньж байгаа янзтай, хоёр цагдаа арай зөөлрөөд явчихлаа. Арайхийж хоёр шил юмаа аваад цүнхэлж байтал тэндээс гэнэт С.Чимиддорж “Муусайн харгис жандаарам” гэж хашхираад, цагдаа нарын дургүйг дахиад л хүргэж орхив. Дахиад баахан гуйж байгаа юм. Иймэрхүү янзтай хөглөж л бид алдарт Бидструпийг үдэн гаргаж өгсөн дөө (инээв).
-Үзэл суртлын хувьд “тэрс” гэгдэн гадуурхагддагч, яах аргагүй тусгай авьяастай хүмүүс учраас яаж ч болдоггүй. Тиймээс НАХЯ-ныхан манай хэдийг Бидструптэй уулзуулахгүй, холхон байлгахыг хичээх нь зүй. Жишээ нь, Чимиддорж ах гэхэд л “намын эсэргүү” гэгдэн хэлмэгдсэн Сурмаажав гуайн хүү шүү дээ. Чимиддорж ахын хэвлэн нийтлэх эрхийг хүртэл үгүй хийж, бүгд хавчин гадуурхаж байхад зөвхөн “Тоншуул” л бүтээлийг нь хэвлэдэг. Маш авьяастай зураач байсан. Байды багш, Готов багш нар минь ч маш хожуу гавьяа шагналаа хүртсэн шүү дээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй тийм хавчигдмал цаг үед тэд яг л одоогийнх шигээ чөлөөтэй хэлдэг, сэтгэдэг, шүүмжилдэг, тэмцдэг байсанд нь маш их бахархдаг. “Үнэн” сонины Намын үүрийн хурал дээр манай Н.Цэвээнравдан ахыг шийтгэх гэж байхад нь Та ширээ шаагаад босож ирээгүй юү. Би бол яс хавтайгаадайсан. Гэтэл багш нар маань тийм л “баавартай”.
-Н.Цэвээнравдангаа өмөөрөөд л “Та нар намын гишүүн хүнийг архи уусны төлөө шийтгэх гэлээ. Энэ чинь түүхэнд шившиг болно шүү” гэсэн ч бил үү. Тиймэрхүү зүйл их болно оо. Одоо бол бүх зүйл чөлөөтэй болж дээ.
-“Тоншуул”-ын нэгэн цаг үеийн түүхийг хамтдаа бүтээсэн Готов найзынхаа тухай яриач. Миний бас нэгэн эрхэм сайхан багш юм.
-Намайг Дундговьд байхад Намын төв хорооны томилолт гэнэт ирдэг юм. Арнайн Гүрсэд гуай тэтгэвэрт гарахдаа орны хүнээ бэлдэх гээд намайг Цэдэнбал даргад нэр цохож хэлсэн байж. Би чинь нутагтаа авгай, хүүхэдтэй болчихсон, хашаа байшинтай, гадаадын сургуульд яваад ирсэн, аймаг орон нутгийнхан ихэд хүндэлдэг жигтэйхэн мундаг амьтан байхгүй юү. Гэтэл гэнэт гэр бүлээрээ хот руу нүүх болохоор гайхаад, “Юутай ч Ц.Доржготовтой уулздаг хэрэг” гээд ирсэн юм. Цэндийн Доржготовын “Мөнхийн ус” гээд өгүүллэгээр нэрлэгдсэн маш сайхан ном гарахад би нутаг орондоо сурталчилж, худалдаагаар өдөртөө л зарагдаж дууссан түүхтэй. Тэгээд түүнээс л зөвлөгөө авах санаатай ирээд, дөнгөж Их дэлгүүр ортол яг Ц.Доржготов, Мягмаржав хоёртой таарчихаж билээ. Мягмаржавыг юм худалдан авахаар цааш явах хооронд Готов бид хоёр цонхны хажууд очиход хаврын цас гадаа нэвсийтэл орж байв. Тэгсэн Ц.Доржготов “Чи “Тоншуул”-д ирэхээрээ Засгийн газрын гуанзанд хооллоно. Тэнд чи хоёр, гурван хуруу зузаан өөхтэй шарсан хавирга хэрчсэн том том дарга нартай хамт хоол иднэ дээ” гэдэг юм. Би хариуд нь “Яах вэ дээ, тэгвэл тэгнэ л биз” гэтэл нөгөөх харин “Тэр дарга нар чинь энэ орж байгаа цасыг цонхоор харангаа “Бид яах вэ, муусайн малчид л яана даа” гэж харуусаад, зузаан өөхтэй хавиргаа идэж суудаг юм шүү дээ” гэж байна. Ц.Доржготов тийм л хүн, цаг үед нь тааруулаад тэгж гоё онож хэлж чаддаг. Манай Дундговьд ингэж хэлэх хүн байхгүй юм чинь түүний энэ яриа намайг “Тоншуул”-д ажиллах шийдвэрийг гаргуулсан юм даа.
-Тэгээд та ирээд, удалгүй том даргын дэргэд болохгүй юм яриад, “Тоншуул”-ынхан Засгийн газрын ордны гуанзнаас “хөөгдөж”, Ардын хянан шалгах хорооны цайны газар руу явсан тухай Готов багш ярьдаг шүү дээ.
-Улс төрийн товчооныхныг хянадаг аймаар том дарга гэж бодолгүй л ярихгүй юү. Би яах вэ, залуудаа өндөр, жин ихтэй байсан болохоор тэр хүн намайг барилддаг гэж бодсон хэрэг. Бид хоолон дээр хэд таарахад голдуу л бөхийн тухай ярьдаг, сүүлдээ ч гайгүй танимхайраад, хамт ширээнд суухдаа би сонирхуулаад нэг юм ярьсан нь буруудсан (инээв). Оросууд Лениний хөшөөгөөр 10 гаруй давхар байшин барьсан тухай. “Тархинд нь номын сантай, чих хавьцаа нь холбооны яам, аманд нь юу ч билээ байрлах, гэдэс ходоодонд нь хүнсний дэлгүүртэй, доошлоод ариун цэврийн өрөөнүүдтэй, “Коммунизм мантдугай” гээд заах өрөөсөн гар дээр нь нисдэг тэрэг буухаар төлөвлөсөн барилга. Гэтэл оросууд болсон хойно тооцоо алдаад, гар нь нисдэг тэрэгтэйгээ хугараад уначихсан гэнэ” гээд л хөгжилтэй нь аргагүй ярьж байтал Готовын царай тэнд барайгаад, сүүлдээ бараг хүчээр болиулах юм болсон. Үнэхээр би тийм зураг төсөлтэй барилга эхлүүлж байхыг нь харсан болохоороо сонирхуулж байгаа ухаантай. Дарга ч барайгаад гарсан, Готов ч тэндээс “Наад хүнээ хэн гэдгийг мэдэх үү. Чи ёстой баларсан даа” гээд асуудал эхэлсэн дээ (инээв). Сүүлд тэр дарга хөөрхий, бүх нийтийн гүйлтэд иргэдийг уриалан, гудамжинд гүйж байгаад, хэтрүүлээд нас барчихсан. Нэг үе “Хүн болгон гүйх хэрэгтэй” гээд Хоёрдугаар эмнэлэгт хүмүүсийг бүртгэн, тэмдэглэл хөтлөөд сүйд болсон юм аа. Тэгээд тэр явдлаас хойш “Гүйж ерөөсөө болохгүй” гэдэг болсон (инээв). Хүн үнэмшмээргүй мэт боловч энэ бүхэн үнэхээр л болсон явдал шүү дээ.
-“Тоншуул” бол хэзээнээсээ хашааны завсраар туссан эрх чөлөөний гэрэл байсан. Чөлөөтэй хэлэх, сэтгэх, шүүмжлэх ганц индэр нь учраас уншигчид хүсэж захиалдаг байсан. Дарга нарыг ч хөөрхөн шүүмжилж, “чимхэнэ”. Түүнээсээ болж шийтгүүлэх нь бишгүй. Багшийн зарим зурагч бас ийм тавиланг тойроогүй дээ. Хоёр үлэг гүрвэл хоорондоо ярьж байгаа зургийг нь “Бага ястан гэж гадуурхлаа” хэмээн гөрдсөн удаатай.
-Зүгээр нэг зураг байсан ч мушгих нь бишгүй. Би ч олон удаа шийтгүүлсэн дээ. Нүдний шилтэй нохой хөтөлсөн хүн зурсны төлөө “Хөтлүүлж яваа нохой нь Цэдэнбал, хөтөлж байгаа нь Филатова байна” гээд надад хоёр жилийн тэнсэн өгч байлаа (инээв). Нэг удаа би Төв музей үзэж яваад үлэг гүрвэлийн аварга ясыг сонирхсон багш, хүүхдүүдэд тайлбарлагч нь “Энэ аварга амьтныг хөлөөс нь толгой хүртэл идсэн ч бараг мэдэхгүй. Жижиг араатан хөлөөс нь эхлээд идэж, бараг толгойд нь хүрэхэд л мэддэг” гэсэншүү сонин түүх ярихыг сонслоо. Түүнээсээ санаа аваад, том үлэг гүрвэлийн хөлийг нэг жаахан нь мэрж байгаа зураг зуран “Тоншуул”-даа хэвлүүлтэл бөөн юм болсон. Баруун аймгийнхан “Биднийг бага ястан гэж гадуурхлаа” хэмээн МАХН-ын Төв хороонд матаас бичиж, надад арга хэмжээ авхуулах, ажлаас халах юм болцгоож билээ (инээв).
-“Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг шиг “Тоншуул”-ын редакцад л тухайн үеийн нийгмийн том сэхээтнүүд ирж, дураараа “цуурдаг”, нам засгаа шүүмжилдэг, чөлөөтэй мэтгэлцдэг байсан. “Үнэн” сонины жижүүр хоёрдугаар давхартаа байрладаг, манайх нэгдүгээр давхарт учраас орж, гарахад харьцангуй чөлөөтэй. Зөвлөлтийн хэт хамаарал, Увс, халхын харилцаа гэх мэтчилэн тухайн үед маш нууц асуудлыг томчууд маань чих халууцтал ярьдаг, тийм л тэрс үзэлтнүүдийн гал тогоо байв. Жигтэйхэн зарчим , цэмцгэр Н.Иштавхай гуайгаас эхлээд “улаан” Ж.Шагдар, Ж.Барамсай ах, Ш.Цэнд-Аюуш, И.Цэрэнжамц гуай гээд тал талаас цугласан олон сайхан уран бүтээлчийн нөхөрлөл, авьяас, онгод, инээд цалгисан “Тоншуул” хэмээх өргөөнийхнийг Х.Цэвлээ, Л.Түдэв эрхлэгч нар үнэхээр ойлгож, дэмждэг, зоригжуулдаг байсан. Жишээ нь, “Дугар хорлоогийн хэрэг” дээр Л.Түдэв эрхлэгч Ж.Барамсай ахад томилолт өгөөд Эрдэнэт рүү явуулж, одоогийнхоор бол гүйцэтгэх ажиллагаа маягийн юм хийсэн шүү дээ.
-Тэр ёстой үнэн зоригтой бөгөөд маш чухал ач холбогдолтой үйл явдал байсан. Өөрчлөн байгуулалт Монголд орж ирэхэд нийгмийн сэтгэл зүйг бэлдсэн газар бол “Үнэн” сонин гэдэгтэй санал нийлнэ. Хилсээр ялын дээд хэмжээ авчихсан байсан олон хүний амийг манай Ж.Барамсай 1989 онд “Үнэн” сонинд “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз” хэмээх нийтлэлээрээ аварсан. Түүний нийтлэлийн мөрөөр “Дугархорлоогийн хэрэг” задарч, цаазын ял болон гянданд хоригдох хатуу шийтгэл хүлээсэн хүмүүс хилсээр хэрэгт тохогдсон нь үнэн болсон шүү дээ.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ