Монголын кино урлагийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон шүүмжийн соёлын талаар Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гишүүн Б.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр уран зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгхамгаалсанч кино урлагийгөөрийн амьдралын нэг хэсэг болгожээ. Мөн түүний бичсэн шүүмж, нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдэд тогтмол нийтлэгддэгээс гадна тэрбээр ирэх оны эхээр болох 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын шүүгчээр ажиллах хүндтэй үүрэг хүлээгээд буй юм.
-Уран зохиол, соёл судлал, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн кино урлагийн салбарт яагаад татагдах болов?
-Би кино шүүмжлэгч болно гэж төсөөлөөгүй. Ер нь ингэж кино шүүмжлэгч болсон хүн ч цөөн байх. Тэдний олонх нь нэг л мэдэхэд энэ салбарт хэдийн автчихсан байдаг юм. Миний хувьд БНХАУ-ын Наньжины их сургуулийн англи хэл, уран зохиолын ангийг төгссөн. Кинотой холбоотой мэргэжлээр өмнө нь сурч байгаагүй. Угаас Хятадад кино судлал гэсэн мэргэжил байхгүй. Ихэвчлэн театрын урлагтай хамтатган судалдаг, эсвэл кино бүтээх буюу найруулагч, зураглаачийн анги бий. Гэтэл надад кино зохиол бичих, эсвэл найруулах сонирхол байхгүй. Харин магистртаа хятад хэл, соёл судлал гэсэн мэргэжлээр суралцаж, 2023 онд төгссөн. Гэхдээ кино урлагтай холбоотой хичээлүүдийг сонгож суралцдаг байлаа. Тухайн үед “Ковид-19” цар тахал гарч, гэрийн хорионд орсон учраас энэ хугацаанд маш олон кино үзсэн. Тэгээд л ази кино, кино шүүмжлэл, энэ чиглэлээр сэтгүүл зүйн сургалтад хамрагдсан юм. Сургалтаа төгсөхдөө кино шүүмж анх удаа бичиж үзлээ. Миний шүүмжийг шалгасан багш “Маш сайн болсон байна. Чи хэвлүүлэх хэрэгтэй” гэсэн. Энэ үг надад маш их урам өгч, тэр үеэс кино шүүмжлэлийг өөрийн карьерын нэг хэсэг болгон хөгжүүлэхийг хүссэн гэх үү дээ.
Мөн өөр мэргэжилтэй гадаад оюутнуудтай хамтран, орчин цагийн Хятадын тухай англи хэлээрх “China notes” сэтгүүл эрхлэн гаргадаг болсон. Эл сэтгүүлд Хятадын кино урлаг гэсэн тусгай булан гаргаж, түүнийг нь би хариуцдаг байв. Кино шүүмжлэл, нийтлэл гээд л боломжтой бүхнийг бичихийг хичээдэг байлаа. Гэхдээ энэ нь ямар ч цалин, урамшуулалгүй, 100 хувь сайн дурын ажил байсан. Харин нэг жил гаруйн дараа манай багийнхан сургуулиа төгсөж, зарим нь ажилд орж, би ч мөн докторт суралцах болов. Үүнээс хойш хувиараа гадаадын сонин, сэтгүүлийн редакторуудтай холбогдож, кино шүүмжээ англи хэлээр нийтлүүлдэг болсон юм.
-Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гишүүнээр ажиллах нь ямар ач холбогдолтой, давуу талтай вэ?
-Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Белги болон Парисын кино шүүмжлэгчид хамтран 1925 онд анх эл холбоог байгуулсан түүхтэй. Дэлхийд хамгийн эртнийх гэгддэг Каннын кино наадмыг зохион байгуулаад өдгөө 80 гаруй жил болж буй. Тэгэхээр олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо үүнээс ч урт удаан хугацаанд оршин тогтносон гэсэн үг. Эл холбоонд элсэхэд шүүмжээ заавал англиар бичдэг, чамгүй туршлагатай, олон улсын хэвлэлд бүтээлээ нийтлүүлсэн байх зэрэг шаардлага тавьдаг. Дэлхийн 80 гаруй орны кино шүүмжлэгч эл холбоонд харьяалагддаг.
Гэхдээ тэдгээрийн олонх нь европчууд байдаг. Тиймээс миний хувьд эх орноо төлөөлөн Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гишүүн болсондоо маш их баярладаг. Тэр хэрээр хариуцлагатай ажиллахыг хичээдэг. Кино урлагт хайртай монголчууд маань ч эл холбоонд цаашид нэгдээсэй гэж хүсдэг.
-Таныг 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шүүгчээр ажиллах хүндтэй үүрэг хүлээсэн гэж сонссон юм байна.
-Энэ зунаас ажлаа эхлүүлсэн. “Алтан бөмбөрцөг”-тэй холбоотой и-мэйлд бүр “булагдчихсан” л явна. “Алтан бөмбөрцөг” гэхээр хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ. Олонх нь кино наадам гэж ойлгодог. Гэтэл “Алтан бөмбөрцөг” бол “Оскар”-тай ижил шагнал гардуулах ёслол юм. Энд шагнал гардуулах хүмүүс зөвхөн энтертайнмэнт салбарт идэвхтэй ажиллаж буй киноны сэтгүүлч болон шүүмжлэгчид байдаг. “Алтан бөмбөрцөг”-ийн шүүгчээр ажиллах сонирхолтой хүмүүс өөрсдөө хүсэлтээ өгч, сонгон шалгаруулалтад орно. Гэхдээ Америкаас бусад орноос шүүгчдээ сонгон шалгаруулдгаараа онцлогтой. Мөн шүүмжээ англи, эсвэл испани хэлээр бичдэг байх ёстой. “Оскар” бол шилдэг найруулагч, зураглаач гээд олон төрөлд шагнал гардуулдаг бөгөөд шүүгчид нь тухайн салбарын хүмүүс байдаг. Харин “Алтан бөмбөрцөг” бол тухайн салбарынхан бус, кино шүүмжлэгчид шилдгүүдийг нь шалгаруулдаг юм.
“НӨМРӨГ ХАДНЫ ЦУУРАЙ” БОЛ МИНИЙ МЭДЭХ МОНГОЛЫН ХАМГИЙН РОМАНТИК КИНО
-Эх орондоо ирснээсээ хойш монгол кинонуудаа үзэж амжив уу. Сэтгэлд тань нийцсэн, эсвэл төдийлөн таалагдаагүй кино бий юү?
-Энэ намар нээлтээ хийсэн кинонуудыг харамсалтай нь үзэж амжаагүй л явна. “Хархорум” кино наадмын шүүгчээр ажиллаж байхдаа “Чимээгүй хотын жолооч”-ийг үзсэн. Ж.Сэнгэдорж найруулагч бол маш олон кинонд ажилласан туршлагатай хүн. Тэс өөр хэв маягтай кино тушиж байгаа нь маш их таалагдлаа. “Чимээгүй хотын жолооч” бол маш сайн найруулгатай кино. Мөн Таллинны “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт түүний “Ханын зураач” хэмээх шинэ бүтээл нь шалгарсан байна лээ. “Улаанбаатар” кино наадмаас гэвэл “Шувуулахуй”-г үзэхийг хүссэн. Гэхдээ бас л амжсангүй. Ер нь би баримтат кинонд их дуртай. Гадаадын уран бүтээлчид Монголд ирж баримтат кино хийгээд байхад манайхан түүх, соёл, уламжлалаа төдийлөн тоохгүй байх шиг санагдсан.
Бүх цаг үеийн шилдэг монгол кино бол миний хувьд Р.Доржпалам найруулагчийн “Нөмрөг хадны цуурай”. Миний мэдэх Монголын хамгийн романтик кино гэж хэлнэ. 1966 онд бүтээсэн ч социалист нийгмийн үзэл суртлын нөлөө ажиглагддаггүй. Бас үйл явдал нь маш энгийн. Хөгжмийн багш уран бүтээлийн олз муутайхан ажиллаж байтал түүнийг мал төллөх үеэр малчдад туслуулахаар болдог. Тэрбээр зөвхөн хөгжмөө аваад, өөр юу ч үгүй шөвгөр хар шаахайтай дурамжхан явна. Замд цасан шуурга болж төөрч явтал, шуурганд уруудаж буй олон хонио тогтоож ядах эмэгтэйтэй тааралдаж, түүнд тусалдаг. Тэгээд л өнөөх хоёр маань нөмрөг хадны сүүдэрт орж, хоргоддог юм.
Мөн хоёр төгсгөлтэй кино гэж болохоор. Магадгүй тухайн үед кино комисс үзээд төгсгөлийг нь өөрчилсөн байх. Залгаж хийсэн нь мэдэгдэхүйц төгсгөлтэй. Бас киноны ард дэвссэн хөгжим үйл явдалтайгаа уялдсан анхны тохиолдол энэ. Жамсранжав гуай хадан дээр гараад симфони найрал хөгжмийн удирдаач шиг гараа хөдөлгөж буй хэсэг бий. Энэ үед хөгжим нь яг таардаг. Үүнээс өмнө ихэвчлэн кинондоо тааруулаад дуу зохиочихдог байсан. Түүнийгээ киноны төгсгөлд бүтнээр нь явуулдаг байж.
Орчин үеийнхээс гэвэл “Татар ажиллагаа”-г хэлнэ. Нэг тийм классик бүгдийг нь жигд хийчихсэн кино. Италийн Удинийн Алс дорнодын кино наадамд Монголоос хоёрхон бүтээл л “сойсон” байдаг. Үүний нэг нь “Татар ажиллагаа”, нөгөөх нь Ж.Сэнгэдорж найруулагчийн “Худалдагч охин” юм. Гадаадын кино наадмын зохион байгуулагчидтай хааяа холбогдохоор Монголд юу болж байна, “Татар ажиллагаа” шиг кино гарсан уу гэж одоо болтол асуудаг.
-Сүүлийн үеийн монгол кино гэр бүлээс гадуурх харилцаа, ёс бус үг хэллэг сурталчилж байна гэх хүн олон. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Кино бол нэг талаас урлаг. Нөгөөтээгүүр бизнес юм. Кино урлагийн төрсөн өдрийг анхны тасалбар зарагдсан өдрөөр тооцдог шүү дээ. Хэрэв урлаг гэдэг талыг нь үргэлж арчилж, тордож, дэмжихгүй бол кино зүгээр л бизнес болно. Ашиг орлого олох зорилгоор хийж буй бол хүмүүс юу үзмээр байна түүнд тааруулах нь тодорхой. Муу муухай сэдэвтэй, ёс суртахууны хувьд гажууд байсан ч олны анхаарал татахуйц кино хийе гэсэн бодолтой хүн олон. Зөвхөн кино ч биш, инстаграмын рийлс, контент гээд бүхий л зүйлд харагдаж байгаа юм л даа.
Нөгөө талаас бүх салбар өөрийгөө санхүүжүүлэх ёстой, төр үүнд оролцох учиргүй гэх нь ч бий. Гэхдээ энэ бол маш логикгүй ойлголт. Хэрэв энэ зарчмаар явсан бол дэлхийд сонгодог урлаг өнөөгийнх шиг эрчээ авахгүй байсан. Эрт үеэс л хаад, ноёд нь мөнгөнд санаа зоволгүйгээр час хийсэн уран бүтээлтэй болоход л анхаардаг байж. Урлагийг дэмжих сан, төсөл, хөтөлбөрүүд зөвхөн Монголд бус, олон улсад ч түгээмэл байдаг. Улс бүр өөрийн гэсэн киноны холбоо, зөвлөлтэй. Гэхдээ мэдээж тэдгээр дэмжлэг зөв хүндээ очих учиртай. Ашгийн төлөөх киног дэмжих шаардлагагүй. Угаас тэд хангалттай хэмжээнд орлого олж байгаа. Харин урлаглаг, арт хаус төрлийн, гадаадын кино наадамд Монголыг танилцуулахуйц жинтэй бүтээлд л санхүүжилт олгож, дэмжих хэрэгтэй.
БИ ШҮҮМЖЛЭГЧ Ч ГЭЛЭЭ КИНО БАГИЙНХНААС МӨНГӨ АВЧ, МАГТАЖ БИЧНЭ ГЭДЭГ УТГАГҮЙ
-Зарим уран бүтээлч “Монголд мэргэжлийн кино шүүмжлэгч байхгүй. Хүний хийсэн бүтээсэн рүү шүлсээ үсчүүлж доромжилдог хар масс л бий” гэх юм билээ. Ер нь кино шүүмжлэгч болон уран бүтээлч хоорондын харилцаа ямар байх ёстой вэ?
-Хүн бүр өөр бодолтой байдаг юм билээ. Манайд бүр эрт үеэс ч кино шүүмжлэл байсан. Саяхан гараад ирсэн зүйл биш. “Монголын киноны шүүмжүүд” хэмээх эмхэтгэл ч бий. Бүр 1936 оны “Монгол хүү” киноны тухай шүүмж ч байдаг шүү дээ. Гэхдээ тухайн үед үзэл суртлын нөлөө их байсан. Харин одоо бол маш чөлөөтэй нийгэмд бүтээл туурвих боломж нээгдсэн. Гэвч харамсалтай нь, шүүмжлэгчид цөөрсөн. Кино шүүмжлэгч хүн энэ салбарын түүх, онолын талаар мэдлэгтэй байх ёстой.
Энэ кино тааруухан болжээ гээд шулуухан хэлчихээр “Чи юу хийсэн юм” гээд ороод ирдэг хүн ч байна. Ер нь маш эмзэг ханддаг. Гэтэл үнэн хэрэгтээ би кино хийж үзсэн байх шаардлагагүй байхгүй юу. Би ч, чи ч ажлаа хийж яваа гэж хэлэхийг хүсдэг. Шүүмжиллээ гээд өс хонзон санах ч шаардлагагүй. Мөнгөө төлөөд, очоод үзэж байгаа хүн санал, сэтгэгдлээ хэлэх ёстой шүү дээ. Бас кино шүүмжлэгч бол хэн нэгэнд өртэй хүн биш. Тэнд тийм кино гарлаа гээд бүгдийг нь заавал үзэх ч албагүй. Үзлээ гээд бичих албагүй. Бас заавал тэнцвэртэй мэдээлэх шаардлагагүй. Таалагдвал таалагдсанаа, үгүй бол үгүйгээ хэлж болно. Энэ мэт асуудалд хүмүүстэй ойлголцоход жаахан хүндрэлтэй. Түүнчлэн зарчмын хувьд яаж ажиллах ёстойг ойлгодоггүй хүн олон юм билээ. Нуулгүй хэлэхэд над руу “Манай кино удахгүй нээлтээ хийнэ. Чи хэдэн төгрөгөөр бичдэг вэ” гэж залгах тохиолдол ч бий. Гэтэл би шүүмж нийтлүүлсэн бол тухайн хэвлэлийн байгууллагаасаа л бичлэгийн шагнал авах ёстой. Би шүүмжлэгч ч гэлээ кино багийнхнаас мөнгө авч, магтаж бичнэ гэдэг утгагүй. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Үүнийг кино шүүмжлэл гэж хэлэхгүй. Зүгээр л маркетинг, PR юм. Монголд энэ зааг ялгаа нэлээд бүдгэрчихсэн.
-Та 17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын залуу үзэгч хөтөлбөрийг боловсруулсан шүү дээ. Энэхүү хөтөлбөрт багтсан шилдэг бүтээлүүдээр дамжуулан залуу үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?
-Өмнө нь кино наадмын хөтөлбөр боловсруулах багт орж, олон хүнтэй хамтарч ажиллаж үзсэн. Харин энэ удаад бие дааж, хөтөлбөр боловсруулан, бүх киногоо өөрөө орчууллаа. Хэдийгээр дөрөвхөн үзвэр сонгосон ч бүгд цаанаа илэрхийлэхийг хүссэн санаатай байсан.
“Улаанбаатар” бол Монголын хамгийн олон жилийн түүхтэй томоохон кино наадам. Олон улсын уралдаант хэсгийн хүрээнд жил бүр 10 кино сонгон үзүүлдэг. Венец, Канн, Берлинд нээлтээ хийсэн шилдэг бүтээлүүдийг сорчлон, цаг алдалгүй монгол үзэгчдийн хүртээл болгодгоороо онцлогтой. Харин залуу үзэгч хэсэг бол нэрээсээ эхлээд л ойлгомжтой. Залуучуудад зориулсан киног л толилуулах учиртай. Тиймээс үйл явдал, түүх, өгүүлэмжээс нь эхлээд сайтар судлах хэрэгтэй. Япон, Унгар, Литва, Финланд улсын киног энэ жил сонголоо. Эхэндээ Монголоос ангид амьдралтай мэт санагдаж магадгүй. Гэхдээ үйл явдал өрнөхийн хэрээр манай оронтой ижил санагдах зүйл олон бий. Ер нь дүрүүдийн сэтгэл зүй, дотоод ертөнц, мэдрэмж, зовлон, жаргал нь зөвхөн монголчууд гэлтгүй хэн ч үзсэн ойлгож, мэдэрч болохоор кинонууд.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь залуу үзэгчдэд киноны боловсрол олгох байдаг. Мөн Монгол залуу уран бүтээлчдэдээ урам өгч, зоригжуулан, дэмжихийг хүссэн. Залуу үзэгч хөтөлбөрийн хүрээнд толилуулсан дөрвөн киноны гурав нь найруулагч нарынхаа анхны бүрэн хэмжээний уран бүтээл нь. Тухайлбал, “Токсик” киноны найруулагч надаас ч залуухан, эмэгтэй бий. Локарногийн кино наадмаас хамгийн дээд шагналыг хүртсэн. Тухайн үед би шүүгчээр ажиллаж таарсан юм. Тиймээс залуу уран бүтээлчдээ ямар кино бүтээвэл томоохон наадмуудаас шагнал авч, олонд хүрдэг юм бэ гэдгийг үзээсэй, хараасай гэж хүссэн. Мөн “Lesson learned” (Сургамж) хэмээх киног ч хөтөлбөртөө багтаасан. Хуучирсан боловсролын системийг өөрчлөхөөр хичээсэн ч төдийлөн амжилт олохгүй байгааг маш хөгжилтэй, эергээр харуулдаг. Энэ нь Монголын нөхцөл байдалтай их төстэй. Хичээлээс бусад бүхий л зүйлсийг анхаараад байдаг. Аль шатаар өгсөж, уруудахаас эхлээд хумсаа авах, үсээ боох, ямар хувцсаар жигдрэх, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэгт түлхүү анхаардаг тухай харуулна. Гэтэл үүний цаана хамгийн чухал асуудал болох боловсрол, сургалтын чанар орхигдоод байгаа юм.
У.Цэцэгсүрэн