Тархи судлалын шинжлэх ухаан орчин үед хурдацтай хөгжиж, олон салбарын эрдэмтэд хамтран шинэ ололт амжилт руу тэмүүлж байна. Тархийг судлах нь зөвхөн анагаах ухааны бус, молекул биологи, физик, тэр ч байтугай шашин судлал зэрэг олон салбарын эрдэмтдийг нэгтгэсэн цогц судалгааны цэг болоод буй билээ. Үүний гол зорилго нь хүн хэрхэн эрүүл, аз жаргалтай, урт наслах вэ гэдэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт олох явдал юм. Урт насалж, эрүүл амьдрахын үндэс нь тархины үйл ажиллагааг эрчимтэй, идэвхтэй байлгахаас шууд хамаардаг. Тэгвэл тархиа эрүүл байлгах хамгийн энгийн хэрнээ хүчтэй арга бол бясалгал гэдгийг олон улсын эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд АШУҮИС-ийн ректор, доктор, профессор Б.Дамдиндоржийн “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулсан “Тархины үйл ажиллагаанд бясалгалын хүч” илтгэлийн онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.
АЛИВАА ЗҮЙЛД СОНИУЧ ХАНДАХ НЬ ТАРХИЙГ ЗАЛУУ БАЙЛГАХ ГОЛ ТҮЛХҮҮР
Neurogenesis буюу мэдрэлийн эсийг шинэчлэх гэсэн ойлголт бий. Үүнийг хамгийн сайн дэмждэг зүйл бол идэвхтэй дасгал, хөдөлгөөн. Мөн хэл сурах, зураг зурах, хоббигоороо шинэ зүйлд суралцаж, өөрийгөө сорьж, аливааг мэдэх хүсэл эрмэлзэлтэй сониуч байх нь чухал. Энэ бол тархийг залуу, эрүүл байлгадаг гол түлхүүр. Харин эсрэгээрээ хөдөлгөөнгүй, хангалттай хоол тэжээл авахгүй, нийгмээс тусгаарлагдах, сэтгэл гутрал, гуньж гутрах зэрэг нь мэдрэлийн эсийн хөгжлийг дарангуйлагддаг. Үүнийг олон улсын цөөнгүй судалгаагаар баталсан.
Хүний сэтгэл хөдлөл, зан авир, шийдвэр гаргах гээд бүхий л зүйлс дээд мэдрэлийн үйл ажиллагаа болон автомат мэдрэлийн тогтолцоотой уялдаатай. Тархины гүнд лимбийн тогтолцоо гэж бий. Энэ тогтолцоо нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг бөгөөд баярлах, гуниглах, уйтгарлах, сэтгэл гутралд орох, эсвэл хэт хөөрөх зэрэг нь тархины гүнд нөлөөлдөг. Үүнээс гадна түүний бор гадарга, автономит мэдрэлийн тогтолцоо буюу зүрх судас, амьсгал, нөхөн үржихүй зэрэгт шууд нөлөөлдөг юм. Тиймээс баярлаж хөөрөхөөр зүрх дэлсэж, судас тэлдэг нь үүнтэй холбоотой. Мөн сэтгэл гутарснаас царай зүс гундаж, уйтгартай харагдах зэрэг нь лимбийн тогтолцоотой холбоотой байдаг гэсэн үг. Энэ тогтолцоог удирдах арга барил, зохион байгуулах физиологи, нейрофизологийн механизмуудыг ойлгох нь өөрөө тархи судлалын нэлээд том судлагдахуун болоод буй. Бясалгал, анхаарал төвлөрүүлэх чадварууд нь тархины үйл ажиллагаа, бүтцэд хэрхэн нөлөөлж буй судалгаа шинжилгээг эрчимтэй хийсээр байна.
ЭРҮҮЛ, УРТ НАСЛАХЫН ҮНДЭС НЬ БЯСАЛГАХ
Бясалгалын олон төрөл бий. Бясалгал хийж буй хүний тархины үйл ажиллагааг MRI гэх мэт дүрс оношилгооны аргаар судлаад үзэхэд лимбийн тогтолцооны айдсыг даван туулахад оролцдог амигдалын хэмжээг бууруулж, ой тогтоолтыг сайжруулдаг гипокампын хэмжээг нэмэлдүүлдэг болохыг нь тогтоосон. Бясалгал бол зүгээр нэг тайвшрал өгөөд зогсохгүй тархины бүтцийг хүртэл өөрчилдөг гэдгийг нь хэдийн баталсан. Бясалгал хийснээр нойрны чанар ч сайжирдаг. Учир нь мелатонин буюу нойрны дааврын хэмжээ нэмэгддэг. Мөн серотонин буюу аз жаргалын даавар ихэсдэг учраас сэтгэл санаа уужирна. Өөртөө сэтгэл ханамжтай болж, өөрөөрөө бахархах мэдрэмж нэмэгддэг. Цусны даралт ч буурдаг. Өөрөөр хэлбэл, бясалгал хийснээр хүний бие физиологийн түвшинд хүртэл өөрчлөлт гардаг гэсэн үг. Үүнээс гадна бясалгал хийдэг хү¬мүүсийн анхаарал төвлөрөх чадвар илүү сайжирдаг. Ингэснээр шийдвэр гаргах чадвар ч дагаад сайжирна. Мөн дархлааны эсүүд идэвхжиж, эсрэгээрээ үрэвслийнх нь буурна.
Мелатонины хэмжээ цусанд ихсэхээр хү¬ ний нойр хүрдэг. Бясалгал хийхээр нойр сайн хүрч буй шалтгаан нь мелатонинын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Харин сэтгэл санаа дээрдээд буй гол учир нь серотонин гэх аз жаргалын дааврын түвшин цусанд ихэсдэгтэй холбоотой юм. Үүнийг олон улсын эрдэмтдийн судалгаагаар ч баталсан. Түүнчлэн бясалгал хийснээр анхаарал төвлөрөх чадвар сайжирна. Энэ хэрээр аливаа шийдвэрийг зөв гаргах чадвар ч нэмэгдэнэ. Бас бие махбодыг хамгаалдаг дархлааны эсүүд, зарим эд, эрхтнийг гэм¬тээдэг үрэвслийн эсийн түвшнийг бууруулдаг зэрэг олон сонирхолтой үр дүн гарсаар байгаа.
ЧИХРИЙН ШИЖИН, ПАРКИНСОН, АЛЬЦГЕЙМЕР ЗЭРЭГ ӨВЧНИЙ ҮЕД Ч ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Бид энгийн хүмүүсийг гурван сарын турш бясалгал хийлгэж, судалсан. Ингэхэд сэтгэл түгших нь багасаж, анхаарал шилжүүлэх чадвар нэмэгдэн, зарим даавар өөрчлөгдсөнөөс үүдэн биеийн жин хүртэл буурсан байв. Таргалалт бол сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой. Зарим хүн сэтгэл нь хөдөлж, баярлахаараа их иддэг. Харин зарим нь гуньж гутрахаараа их идмээр санагддаг шүү дээ. Цаад шалтгаан нь үүнийг зохицуулдаг мэдрэлийн эсүүдээс ялгаруулдаг дааврын баланс алдагдсантай холбоотой. Бас тэр минь яасан бол энийгээ яах вэ гэх мэтээр аливаа зүйлийг ургуулан бодож түүндээ түгшээд байдаг бол бясалгал хийх хэрэгтэй.
Бясалгал хийх үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ч нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгч нэмэгдсэнээр тархийг тань цусан хангамж болон хэрэгтэй тэжээлээр нь сайн хангана гэсэн үг. Мөн хамгийн сонирхолтой нь бясалгал хийх үед муу бодол дамжуулдаг сигналууд буурдаг юм билээ. Үүнийг 2024-2025 онд хийсэн судалгаагаар баталсан. Түүнчлэн тархины бүтэц ч өөрчлөгдөж байна. Тухайлбал, шийдвэр гаргахад оролцдог духны хэсгийн бор гадаргын зузаан нэмэгдэж буй нь нейроны хэмжээ өсөж байгааг илтгэж байна. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, бясалгал нь зөвхөн сэтгэлийн амар амгаланг өгөөд зогсохгүй, тархи, биеийн үйл ажиллагаанд цогц өөрчлөлт авчирч байна. Үүнтэй холбоотойгоор чихрийн шижин, цусны даралт, паркинсон, альцгеймер зэрэг өвчний үед эерэг үр дүн үзүүлж байгааг олон улсын тойм судалгаанууд баталж байна.

ХҮҮХЭД ТӨРӨХӨӨСӨӨ ЭХЛЭЭД Л БИДНИЙГ СОНСОЖ, ОЙЛГОЖ, МЭДЭРДЭГ
Тархи судлалын шинжлэх ухаан сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Тархи судлалын гол зорилго нь эцэстээ хүн хэрхэн эрүүл, аз жаргалтай, урт наслах вэ гэдэг асуулт. Харин урт наслахын тулд хүний уураг тархи эрүүл, идэвхтэй ажиллах ёстой. Эрүүлээр сэтгэж, стрессийг даван туулж, гадна дотнын олон янзын хүчин зүйлд зохицож чаддаг байх хэрэгтэй. Төв болон захын мэдрэлийн тогтолцоо нь аливаа мэдээллийг хүртэхүйн замаар хүлээн авч, түүнийгээ уураг тархинд боловсруулсны үндсэнд дээд мэдрэлийн буюу ухамсарт болон ухам-саргүй үйл ажиллагааны зохилд¬логоор хариу үйлдэл үзүүлдэг юм. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь хэл, яриа, үйлдэл, зан төлөвөөр илэрдэг. Жишээлбэл, зүрхний цохилт түргэсэж, амьсгалын тоо олширч, захын судас тэлэн, сандарч мэгдсэн үед нүүр улайх гэх мэт хариу үйлдлээр илэрч, байгалийн болон нийгмийн хүчин зүйлд дасан зохицон, шийдвэр гаргадаг юм.
Хүний бие махбод болон нөхөн үржихүйн үйл ажиллагаа 20 нас хүрэхэд бүрэн гүйцэд төлөвшдөг. Харин тархины үйл ажиллагаа бол эсрэгээрээ маш хурдан. Хүүхэд таван нас хүрэхдээ аль хэдийн насанд хүрсэн хүнтэй ижил хэмжээнд бодож сэтгэн, аливаа шийдвэрийг тунгаан, оюун дүгнэлт өгөх чадвартай болдог. Хүүх¬дийн тархи, ялангуяа мэдрэхүй, хэл яриа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдрэлийн эсийн сүлжээс нь эхний 12 сар буюу нэг насанд хамгийн эрчимтэй хөгждөг. Тэгэхээр хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л бага гэлтгүйгээр бидний хэлж, ярьж буй бүхий л зүйлийг сонсож, ойлгож, мэдэрдэг гэсэн үг.
ОНОЛ БУС, БИОЛОГИЙН ЗҮЙ ТОГТОЛ
Тархинд үүдэл эс байдгийг 1998 онд нээсэн. Үүдэл эсээс мэдрэлийн шинэ эс бий болох үйл явц ойролцоогоор 42 хоног үргэлжилдэг. Энэхүү үйл явцад хамгийн ихээр саад учруулдаг, эмзэг цэг нь стресс юм. Стресс бол мэдрэлийн эсийн нөхөн сэргээлтэд хамгийн сөрөг нөлөөтэй зүйл. Тиймээс стрессээ удирдаж чаддаг хүн илүү эрүүл, бас урт насалдаг. Харин эсрэгээрээ стрессээ дийлэхгүй яваад байвал тархи доройтож, хурдан хөгширч, амьдралын чанар муудна. Энэ бол зүгээр нэг онол бус, биологийн зүй тогтол. Хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар 20 наснаас хойш аажмаар буурч эхэлдэг. Гэхдээ энэ үйл явцыг удаашруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн амар амгалан байдал болон стрессээ зөв зохицуулах чадамжтай шууд холбоотой. Хүн аливааг тогтоож, сэтгэн бодож л байвал тархи нь ажиллаж байна гэсэн үг. Харин тархи ажиллаж байвал бүх эрхтэн тогтолцоо зөв ажиллана. Ингэснээр хүн эрүүл, урт наслах боломжтой байх нь.
Э.Сүйлэн