Улс орны өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хотжилттой холбоотойгоор манай орны эр чим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар буюу 50-80 МВт-аар өсдөг гэсэн статистик бий. Улмаар сүүлийн 20 жилд нэг хүнд ногдох эр чим хүчний хэрэглээ 95 орчим хувиар нэмэгдэн, өдгөө оргил ачааллын үед нийт 1600 МВт цахилгаан хэрэглэж буй. Үүний улмаас импортын хэмжээ таван жилд 60 гаруй хувиар өсжээ. Жилд 1500-1600 МВт гэдэг нь БНХАУ, ОХУ-ын хэрэглээний нэг орчим хувьтай тэнцэх бага хэмжээ аж. Гэтэл дотоодын эрчим хүчний салбарын хур өр сүүлийн таван жилд 810 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг бууруулж, салбарт реформ хийнэ, импортын хамаарлыг бууруулна хэмээн үнэ тарифыг нь нэмсэн ч нийслэлд 18.0020.00 цагийн оргил ачааллын үед цахилгааны чадал буурч, плитка “дүлийрдэг”, эсвэл цахилгаан тасардаг хэвээр. Түүнчлэн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн алслагдсан хэсэгт шилжин суурьшдаг айлуудаас цахилгааны төвлөрсөн үүсгүүрт холбогдоогүй өрх жилд 6000-8000 бүртгэгддэг гэсэн албан бус тоо байна.п
Үүнээс жил бүр 1000-1500 айлыг эрчим хүчээр хангадаг ч Улаанбаатарт “харанхуй айл” байсаар. Айл өрх нэг бүрээ эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа бид томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн “тогны” асуудлыг шийдэх, импортын хамааралгүй болох талаар яриад ч нэмэргүй гэсэн үг. Гэхдээ л орхиж болохгүй, хэлэлцэж байх сэдэв учраас ахиад л импортын хамаарлыг хэрхэн бууруулж, эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх тухай дурдъя.
Одоогоор Улаанбаатарчуудын дулаан, цахилгааны хэрэглээний 65-70 хувийг дангаараа нийлүүлдэг “ДЦС-IV”-ийн суурилагдсан хүчин чадал 800 орчим МВт юм. Уг станцад шаардлагатай, цагт 500 орчим тонн уур үйлдвэрлэх нэг зуух барьчихвал хоёр жилийн эрчим хүчний дутагдлыг хангах эх үүсвэр бий болох аж. Гэтэл уур үйлдвэрлэх зуух барина гэсээр багагүй хугацаа өнгөрч, ямар хөрөнгөөр, хэзээ барихыг мэдэх байгууллага одоогоор алга. Уур үйлдвэрлэх зуух барих төлөвлөгөө бий л гэнэ. Мөн төрийн зүгээс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний шинэ, томоохон эх үүсвэр ашиглалтад оруулсангүй. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын том чадлын цахилгаан станцын төслийн ТЭЗҮ- ийг нь боловсруулж бэлэн болгосон ч улс төрчдийн шууд оролцоо болон эс үйлдэхүйн улмаас хугацаа алдсаар байна. Мөн үнэ тариф хямд байснаас эл салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт үгүй, хөгжихгүй байх нэг шалтгаан болсон. 1990 оноос хойш улс төрийн болон бусад шалтгаанаар эрчим хүчний үнийг “барин”, салбараа бүхэлд нь “баллах”, өр үүсгэх нөхцөл бүрдүүлсэн алдаа бий. Хэдийгээр өнгөрсөн жил эрчим хүчний тарифын үнийг нэмсэн ч үр нөлөө нь гартал хугацаа орохыг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тус яамнаас “Бид боломжит бүх хувилбараар эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх, шинэ эх үүсвэр ашиглалтад оруулж, импортын хамаарлыг бууруулахаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Одоогоор Тосонцэнгэлийн 35 МВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын (НЦС) ТЭЗҮ-ийг боловсруулан, тусгай зөвшөөрөл олгон, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн. Сэлэнгэд 70, Ховд аймгийн Хөшөөтийн 100 МВт хүчин чадалтай НЦС гадаадын хөрөнгө оруулалтаар барьж буй. Төв аймгийн Баян сумд 600 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бэлтгэлийг хангасан. 300 ГКал дулааны хүчин чадалтай “ДЦС-V”-ыг Улаанбаатарын баруун хэсэгт барьж, тухайн бүсийн дулааны хэрэглээг хангахаар тооцсон. Улаанбаатар хотын ЗДТГын санаачилгаар хотын захын дүүргүүдэд бага чадлын, дулааны тархмал эх үүсвэрүүд барихаар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. “Тавантолгой”-н цахилгаан станцыг ашиглалтад оруулж, “Оюутолгой” компанийг эрчим хүчээр хангах талаар зөвшилцөн, ярилцсан. Түүнчлэн нар, салхины том, жижиг эх үүсвэр бас нэмэгдэж байгаа. Ингэснээр Монгол Улс 2029- 2030 онд эрчим хүчний хараат байдлаас гарч, улмаар цахилгаан эрчим хүч экспортлогч орон болно” хэмээн “итгэл төгс” хэллээ.
Тэгвэл эрчим хүчний салбарын хөгжил болон цахилгааны импортын хамаарлыг хэрхэн бууруулах тухайд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Б.Цэвээн ийн ярив. Тэрбээр “ДЦС-IV” ТӨҮГ-ын инженерээс эхлүүлэн даргыг нь хүртэл 40 гаруй жил ажилласан, салбарынхаа асуудлыг сайтар мэддэг хүмүүсийн нэг билээ. Б.Цэвээн “Эрчим хүчний хамаарал нь дотоодын үйлдвэрлэлийн доголдол, улсын хөгжлийн түвшнийг шууд харуулдаг. Дотооддоо эрчим хүчний найдвартай, тогтвортой эх үүсвэртэй бол гадаадаас худалдан авахгүй нь ойлгомжтой. Юуны түрүүнд эрчим хүчний үүсгэвэр барих хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн төлбөрийг өөрийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр төлөх асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Бага чадлын нүүрсний цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хувь хүн, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгч, өөрсдийн хөрөнгөөр барьсан НЦС-ыг төвийн сүлжээнд холбох, энергийн урсгалын тооцоо хийх, техникийн нөхцөлийг шинэчлэх, гэрээ байгуулах асуудлыг энгийн, хүнд сурталгүй болгох шаардлагатай. Үүнээс гадна Монгол бол жилийн 365 өдрөөс 300 гаруй нь нарлаг байдаг, нарны орон. Тиймээс нарны эрчим хүчийг айл өрхийн түвшинд ашиглаж, өрхийн жилийн хэрэгцээний цахилгааныг бүрэн, дулааны эрчим хүчний дийлэнх хувийг шийдэж болно. Үүнийг салбарынхаа нэг чиглэл, гарц гаргалгаа гэж тооцон, төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой. Харамсалтай нь, эрчим хүчний салбар болон аймаг, нийслэлийн удирдлага эл асуудалд санаачилга муутай, тун хойрго ханддаг. Цахилгаан, дулааны үнийг улам өсгөх бодлого баримталж буй энэ үед нарны цахилгаан үүсгүүрийн системийг (НЦҮС) сонирхох, ашиглах, барьж байгуулах хувь хүн, аж ахуйн нэгж олширсон. НЦҮС гэдэг нь нарны толь, эрчим хүчний нөөцлүүр буюу өндөр чанарын цэнэг хураагуур, батарей, ухаалаг инвертор бүхий систем юм. 10 000 айл тус бүрд 10 кВт чадалтай НЦҮС суурилуулж, ажиллуулбал улсын хэмжээнд 100 МВт-ын эх үүсвэр нэмэгдэнэ. НЦҮС-ийн тархмал эх үүсвэрийг цогц бодлогоор хөгжүүлэх нь хойшлуулшгүй чухал асуудал. Гэтэл идэвх санаачилгатай хэдхэн хүн, цөөн мэргэжилтэн, зарим компани л энэ талаар ярьж, зүтгэж байна” гэлээ. Мөн нэмээд тэрбээр “Бас анхаарч явууштай нэг асуудал нь АНУ, ХБНГУ, Япон зэрэг их гүрэн чулуужсан түлш буюу нүүрс нь эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр хэвээр байх тухай ярьж буй. Цөмийн энергиэр эрчим хүчний асуудлыг шийдэж болох ч атомын цахилгаан станцад гэмтэл учирвал хор хохирлыг нь төсөөлшгүй. Тухайлбал, 2011 онд Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад газар хөдлөлтийн улмаас осол гарсан. Эл ослын хор хохирлыг өдий хүртэл ярьж, сөрөг нөлөөг нь бууруулахаар ажилласаар байгаа. Биднийг 2014 онд Японд очиход эрчим хүчний салбарынхан нь атомын цахилгаан станц бол хамгийн оновчтой шийдэл биш. Харин нүүрсний цахилгаан станцын эвдрэл гэмтлийг хор хохирол багатай, хурдан хугацаанд шийдэж болдог, найдвартай бөгөөд хямд эх үүсвэр гэдгийг онцлон тэмдэглэсэн. Цаашид бид өргөн уудам нутгийнхаа энд, тэнд НЦС цөөнгүйг барьж, эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. Эрчим хүчний үндсэн суурь үүсгүүр НЦС байж, нэмэлт тохируулгаар болон айл өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглавал зохино” гэсэн юм.
Дээр дурдсанчлан цэвэр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч дэлхий даяар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тэргүүлэх эх үүсвэр нүүрс хэвээр байгааг олон улсын хэвлэлүүд дурджээ. Тухайлбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээллээр 2024 онд чулуужсан түлш дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 60, нүүрс дангаараа 35 хувийг эзэлсэн гэжээ. Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт өргөжиж буй ч томоохон эдийн засагтай зарим орон урьд өмнөхөөсөө ч илүү чулуужсан түлшнээс хамааралтай болж буйг судлаачид онцолсон. Тухайлбал, Энэтхэг эрчим хүчнийхээ 74 орчим, БНХАУ-ын эрчим хүчний бараг 60 хувийг нүүрснээс гарган авч байгаа аж.
Үүнээс гадна эрчим хүчний хараат байдал гэдэг нь зөвхөн импортоор худалдан авч буй асуудал биш гэнэ. Тухайлбал, өмнө нь манай томоохон цахилгаан, дулааны станц ОХУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсан бол өдгөө БНХАУ-ын “хамааралтай” болж эхэлж буйг хэлэх мэргэжилтнүүд байна. Өнгөрсөн зургаадугаар сард “ДЦС-III”-т осол болж, нэг хүний амь хохирсон. Гэтэл уг станцад тавьсан зуух нь урд хөршөөс оруулж ирээд 8-9 жил болж буй тоног төхөөрөмж байжээ. Томоохон станцын зуух ийм бага “наслаад” элэгдэж мууддаггүй бөгөөд асуудал чухам юунд байсан нь анхаарал татсан хэвээр. Тиймээс дотооддоо барьж байгуулах станц, үйлдвэртээ аль болох олон орноос тоног төхөөрөмж авч суурилуулах, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, олон улсын хөрөнгө оруулагч эл салбарт ажиллах боломжийг бүрдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй гэсэн үг. Товчхондоо, төрөөс эрчим хүчний хараат байдлыг багасган, импортын хамаарлыг бууруулахаар ажиллаж буй гэдэг ч ажлын явц маш удаан байна. Эрчим хүчний салбар улс эх орныхоо хөгжлийг “чирж”, гэрлээ асааж, замаа гэрэлтүүлж өгөх ёстой. Гэвч бид гэрээ тохижуулж, үйлдвэрээ барихаар цахилгаанаа хүлээн суусаар байна.
С.Дулам