Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэд нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх талаар, тэр дундаа хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар хэлэлцсэн юм. Ноос, ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахад уг төслийн зорилго чиглэж буй аж.
Салбарын сайд төслийн хамрах хүрээг өргөтгөн, бусад салбарт хэрэгжүүлэх санал тавиад, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон улсын туршлага, ялангуяа Солонгос, Германы жишгээс суралцах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлт тавьсныг Чанхи Ли хүлээн авч, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна” гэдгээ илэрхийллээ. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай суурь конвенцод Монгол Улс нэгдэн орох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ гэв.
М.ГЭГЭЭ