Олон улсын арбитрын шүүхэд манай Засгийн газар нэг бус удаа дуудагддаг. Тэр тоолонд олон улсын хуулийн зөвлөх компани хайх, хөлслөх болдог. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлж байгаа үед энэ асуудлыг шийдэх ёстой гэж Засгийн газар үзжээ.
Үүний тулд олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай нэг компанитай гэрээ байгуулж хамтрах талаар өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Нэг компанитай хамтарч ажиллах нь ямар давуу талтай вэ. Компанийг хэрхэн шалгаруулах юм бол?
-Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг хийхийн тулд бид хуулийн зөвлөх компанитай хамтарч ажиллах хэрэгтэй болж байна.
Олон улсын стандартад нийцсэн, бизнесийн хуулиар зохицуулагддаг гэрээ байгуулах учиртай. Ингэснээр ирээдүйд үүсэж болох хохирлыг багасгах, алдаа гаргахгүй ажиллах боломж бүрдэнэ. Өмнө нь Засгийн газар “Алтан дорнод Монгол”, “Буян” компанийн Марубенийн хэрэг гэх мэт дээр сая сая доллараар гаднын хуулийн компанийг хөлсөлдөг байсан. Тэгвэл үүнийг больж, нэг томоохон компанитай гэрээ байгуулъя, шаардлагатай үед хөлсийг нь өгөөд хамтарч ажилладаг байя гэж Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Шалгаруулалт явуулж хамтрах компаниа сонгоно.
-Хуулийн зөвлөх компанид зарцуулдаг зардлыг хэрхэн хэмнэх вэ?
-Одоохондоо бид дээрх зарчмыг тодорхой болгоё гэж байгаа юм. Шаардлагатай үедээ тэр компанид хөлсийг нь өгөөд ажиллуулна. Тогтмол хамтрах учраас тэд ч Монголын асуудлыг, хууль эрх зүйн орчныг сайн мэддэг байж Засгийн газарт зөвлөгөө өгнө. Хөрөнгө мөнгөний асуудал одоохондоо яриагүй байна.