МАХН-ыг 90 жилийнх нь ойн босгон дээр түүхийн өмнө “ичээж” орхисон “хувьсгалт” хэмээх нэрээр овоглодог 20 орчим нам дэлхийд байдаг гэнэ. Уг нь бүр 1990 оноос л МАХН энэ үгээсээ “ичих” болсон юм гэнэ лээ. Өөрчлөх цаг үеийн тохироо бүрдэхгүй байж л дээ. Ийм нэртэй нам Социнтерн дотор зургаа бий аж. Харин одоо энэ тоо нэгээр хорогдох нь. Социалист систем гэж байхад түүнийг аялдан дагалдаж нэрэндээ “хувьсгалт” гэдэг үг хавчуулсан жижгэвтэр намууд байдаг гэнэ.
ийм жижиг намуудтай нэг эгнээнд байхыг хүссэнгүй юү, түүхийн хар толботой холбогдсон нэрээсээ салъя гэсэн үү, эсвэл үнэхээр шинэчлэгдэхийг хүссэн үү. Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээр гэсэн яруу найрагч Р.Чойномын үг бий. Гуйвсан түүхийн “зэс цухуйж” үнэн нь илчлэгдэж буй үед нэрээ өөрчлөхөөр зориглосон нь хүмүүст янз бүрийн бодол төрүүлж байгаа юм. “Хувьсгалт” хэмээх гайтай үгийг болохгүй бүхэнтэй холбогдсон нэрээсээ хассанаар уснаас цэвэрхэн гарна гэж “ах” нам бодсон бололтой. Юутай ч тэд шинэ зуунд, урагшаа харсан нэр өгье гэсэн тайлбартайгаар Монгол ардын нам гэсэн анхны хувилбараа сэргээхээр ярьж байна. Үүнийгээ шинэчлэл, өөрчлөлтийн эхлэл гэж тодорхойлов. 1921 онд байгуулагдсан Монгол ардын нам гурван жил л насалсан.
Суурин дээр нь МАХН ханаа шийрлэсэн гэхэд буруудахгүй. Тэр үеэс ард түмний төлөөх намын зорилго буруу тийш эргэсэн гэдэг. Үүний нэг жишээ нь улс төрийн хэлмэгдүүлэлт. Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. 1922 оноос эхэлсэн уг хэлмэгдүүлэлтэд 37 мянга гаруй иргэн амиа алдсан байдаг. Тэгвэл 1996 онд төр анх удаа ард түмнээсээ уучлал гуйж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажил эхэлсэн. Гэхдээ тухайн үед Засгийн газрыг Ардчилсан холбоо эвсэл тэргүүлж байв. 90 жилийн ойн босгон дээрээ алдаа, оноогоо дүгнэхээ мэдэгдэж, шинэчлэлийн тухай ярьж буй МАХН-ынхан энэ өдрүүдэд түүхэн ололт, гавьяагаа л хэлээд байгаагаас биш түүхэн алдааныхаа тухай ам нээсэнгүй. Юутай ч намынхаа нэрийг МАН болгож, зүүний чиглэлийн ардчилсан социалист үзэл баримтлалаа үндэсний ардчилсан болгон өөрчлөх яриагаа удахгүй баталгаажуулна биз ээ.
Нэр сольсноор удирдлагынх нь мэдэгдэж буй шиг шинэчлэл энэ намд бий болох болов уу. Энэ асуултад МАХН-ын зарим гишүүн “Үгүй” хэмээн хариулж байна. Өөрөөр хэлбэл, үүнийг хэлбэр төдий, бэлгэдлийн үйлдэл гэв. Мөн МАХН-д их эрсдэл дагуулна, сонгуулиар “унаж” мэднэ гэх хэсэг ч байна. Хэрэв үүнээс болоод сонгуульд ялагдвал хариуцлагыг нь ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь үүрнэ гээд байгаа. Тус нам Социнтернийн гишүүн. 2000 онд багагүй ажил болж байж элссэн. Гэтэл “хувьсгалт” нэртэй нь хамт социалист үзэл баримтлалаа гээчихээр уг байгууллага нь яаж хандах бол. “Тэд ийм тохиолдолд хэрхэн ханддагийг судалж байж болно” гэж буй ч “Олон улсад дахин тийм нэр хүнд олж авна гэж байхгүй, ер нь үзэл баримтлалаа сольсноор Социнтернээс гарч байгаа юм биш үү” гэх гишүүн ч байна. АН Ардчилал эмзэг байгааг АН-ын дарга Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрөв. 1990 онд байгуулагдсан тус нам өнгөрсөн 20 жилд нэг биш удаа төрийг дангаар бас хамтран барьж үзсэн. Ардчилал эмзэг, нийгэм бухимдалтай байгаа нь бидэнд алдаа бийг хэлээд байгаа хэрэг гэж АН-ынхан үзжээ. Өчигдөр болсон Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн хол бооны хуралд АН-ын дарга оролцсон аж. Ингэхдээ ардчилсан хувьсгал хийж, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт нийгэм байгуулсан гэж бодож явсан нь эндүү байсныг ухаарснаа хэлэв. Тодруулбал, 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдал ийм ухааралд хүргэсэн гэнэ. Тиймээс төрийг түшилцэж буй намын хувьд ард түмнээс уучлалт гуйжээ.
Нэг ёсондоо ийм явдал гаргасан алдаагаа хүлээсэн байна. Өөр ямар алдаа гаргаж, юун дээр оносноо АН-ынхан “Анхан шатаа сонсох аян” зохион байгуулж, энэ хүрээндээ бүсийн чуулга уулзалт хийж тандав. Одоогоор тэд баруун болон хойд бүсийн уулзалтаа хийчихсэн. Өнөөдрөөс зүүн бүсийн чуулга уулзалт Сүхбаатар аймагт эхлэх ёстой байсан ч шүлхий гарснаас болоод түр хойшлуулжээ. Ирэх долоо хоногт говийн бүсийн уулзалт нь болно. Үүний дараа АН-ынхан 21 аймаг, 330 гаруй сумын төлөөллийн санал, бодлыг нэгтгэн дүгнэх гэнэ. Тэгээд ҮЗХ-гоороо хэлэлцэх юм билээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд АН орсноор олон ч хүнээс зэмлэл сонссон. Тиймээс л одоо алдаагаа “олж”, түүнийгээ давтахгүй байхад суралцахыг эрмэлзжээ. Нэг ёсондоо шинэчлэгдэхийг хүсэв. Гэхдээ тэд МАХН шиг нэр, үзэл баримтлал, бэлгэдлээ өөрчлөхгүй. Тэдний шинэчлэл Үндсэн хууль, түүнийг дагалдах гол хууль, эрх зүйн орчныг өөрчлөхтэй холбогдож буй аж. Энэ сард багтан хуралдах ҮЗХ-ноос ямар шийдвэр гарахыг, бас алдаагаа засах ямар арга зам сонгож авахыг харж байя. Ямартай ч 90, 20 жилийнхээ ойгоор Монголын улс төрийн гол хоёр нам алдаа, оноогоо шүүх тухай ярьж эхлэв. Шинэчлэлийн тухай яриа бодит өөрчлөлт авчрах эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.