Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн урилгаар БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн сайн дурын эмч, соёл урлагийн багийн 30 гаруй төлөөлөгч манай улсад айлчилж байна. Тэргүүн Шадар сайд өнгөрсөн баасан гаригт тэднийг хүлээн авч уулзав.
Манай иргэдийн эрүүл мэндийн төлөө цөөн хоног боловч ажилласанд нь Тэргүүн Шадар сайд тэдэнд талархлаа илэрхийлжээ. БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн сайн дурын эмч нар гурав хоногийн турш Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу, Өнөр хорооллын өрхийн эмнэлэг, амбулаториудад тодорхой хуваарийн дагуу үзлэг хийсэн байна.
Энэ хугацаанд тус дүүргийн 700 орчим хүнд эмнэлгийн тусламж үзүүлэн, эм тариагаар хангаж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн аж. Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс цаашдаа хамтын ажиллагааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Н.Алтанхуяг онцолжээ.