ҮДБЭЧ-ынхан 60 жилийнхээ ойг угтан “Ишиг хөөрхөн нэр” хүүхдэд зориулсан дуулалт жүжиг бүтээж, өнгөрсөн хавар нээлтээ хийсэн. Ойрын хэдэн жил үндэсний урлагийн гайхамшиг, соёл, ёс заншлыг харуулсан хүүхдэд зориулсан бүтээл хийгээгүй байсан учраас энэ нь онцгой үйл явдал байсан юм. Чуулгынхан “Ишиг хөөрхөн нэр” дуулалт жүжгээ дунд сургуулийн сурагчдад зориулан энэ сарын 19- нөөс дахин тоглохоор болжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнолоор бүтээсэн эл бүжгэн жүжиг 4-12 насны хүүхдүүдэд зориулагджээ. Түүнчлэн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын захиалгаар ҮДБЭЧ-ынхан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо хямдралтай үнээр тоглох төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Хүчирхийлэл, буудалцаан, элдэв бухимдлаар үргэлжилсэн өрнөдийн киноноос илүүтэй үндэсний урлаг хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх биз ээ.
Дашрамд дуулгахад чуулгынхан ойн баяртаа зориулан нэгэн жарны түүхээ өгүүлсэн баримтат кино бүтээж байгаа юм байна.
Ж.Сэлэнгэ