Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр улс төр өрнөв. МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны IV их хурал тэнд болсон юм. 20 жилийн турш хийх гэж халгасаар, хойшлуулсаар явсан МАХНын өөрчлөлтийг залуус нь эхэлж хэрэгжүүллээ.
Их хуралд 509 залуу оролцохоос 496 нь иржээ. “Шинэ бодлого, шинэ үе” уриан дор их хурлаа хийхдээ МАСЗХны залуус яргуйн ягаан өнгийг сонгожээ. Төлөөлөгч залуусын мандатын оосор, энгэрийн тэмдэг ийм өнгөтэй байлаа. МАСЗХ-ны тэргүүн Г.Занданшатар 35 нас хэдийнэ өнгөрсөн учир “хууль ёсоор данснаас хасагдаж” суудлаа тавьж өгч буй юм.

Түүний орны хүнийг дүрмийн дагуу намын дарга С.Батболд санал болгох учиртай. Үдээс өмнөх хуралдаан дээр намын дарга, МАСЗХ-ны анхны ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар үг хэлж, Сүхбаатар, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслолын арга хэмжээ болсон юм. МАХНын эрхэм дээд үзэл санаа нь улс орны язгуур эрх, тусгаар тогтнол, эрх чөлөө.
Харин тулгуур үзэл баримтлал нь үндэсний ардчилсан үзэл гэдгийг С.Батболд онцлов. Энэ нь социал демократ үзэл баримтлалтай нэг агуулгатай гэнэ. Үүнийг социал демократ үзэл санааны гурав дахь зам ч гэж тодорхойлж буй.
Язгуур үзэл санаагаа хадгалж, тулгуур үзэл баримтлалдаа “мэс засал” хийж байгаа МАХН-ын дарга С.Батболд “МАСЗХ-ны нэрийг юу гэж өөрчлөх талаар хэд хэдэн хувилбар байна. Гэхдээ тулгуур үзэл баримтлалаа илэрхийлж, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо нэртэй байх нь дээр” хэмээн саналаа нэмэрлэв. Гол үйл явдал үдээс хойш боллоо.
СОЦИАЛИСТ НЭРЭЭ “ОРЧУУЛЖ” НИЙГМИЙН АРДЧИЛАЛМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БОЛОВ
Социалист, коммунист зэрэг хуучны үзэл суртал “үнэртсэн” үгнүүдээс зугтаж, шинэчлэлийг МАХН нэрнээсээ эхлэхээр шийдсэн. Шинэ үеийнхний дунд коммунист хүн байхгүй гэсэн МАХН-ын залуус ч байгууллагын нэрээ хэрхэн өөрчлөх талаар өмнө нь МАСЗХ-ны бүсийн чуулга уулзалтуудаараа ярилцжээ. Үндэсний ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо гэсэн хоёр нэр илүү олон санал авсан байна.
Дөрвөн жилийн турш уг холбоог тэргүүлэхдээ юу хийснээ Г.Занданшатар тайлагнав. Энэ хугацаанд “Алтан сарнай”, “Мөнгөн сарнай”, “Халх гол 70:70” зэрэг аян, “Монгол тандаа зүтгэе” зэрэг бүсийн чуулга уулзалт зохион байгуулжээ. Нэг ёсондоо сургалт, аян, хөдөлгөөн баахныг зохион байгуулсан юм байна. Эдгээр нь залуусыг өргөн хамарсан, санал бодлыг нь ил гаргасан “брэнд” арга хэмжээ болсон хэмээн тэрбээр тодорхойлов. Мэдээж зөвхөн семинар хийгээд зогсоогүй, гадаад улсад холбооныхоо нэр хүндийг өргөж, албан ёсны айлчлал зэрэг арга хэмжээ зохион байгуулсан аж.
“Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан зарим нэг хүнээс болж МАСЗХ-ны чих нэлээд халууцсан ч залуусын зорилго өндөр байснаас бэрхшээлийг даваад гарчээ. Монгол Улсад хөгжлийн шинэ үе, уул уурхайн “эрин” ирж буй учир улс төрийн намууд ч үзэл баримтлал, нэрээ өөрчлөх учиртай гэнэ. Мөн монгол толгойг түшиглэн хөгжих учиртайг тэр онцоллоо.
Хийсэн ажлын тайлан үүгээр шувтарч, шинэ үзэл баримтлалаа тайлбарлах хэсэгт шилжив. Чөлөөт зах зээлийн өрсөлдөх зарчмыг хадгалах ч нэг нь их баян, нөгөө нь үгээгүй ядуу байхгүй, хамтарч ажиллахыг, өөрөөр хэлбэл, чинээлэг дундаж давхарга бий болгохыг МАХН зорьжээ. Халаагаа өгөх гэж буй тэргүүн холбоондоо Нийгмийн ардчилалМонголын залуучуудын холбоо (НАМЗХ) гэдэг нэр өгөх санал дэвшүүллээ.
Зөвхөн нэг намын биш өргөн хүрээнд ажиллах учир Хөгжлийн хөтөч, Ирээдүйн эзэд нэртэй болгоё, Үндэсний ардчилсан залуучуудын холбоо нэр нь дээр, тэргүүний санал зөв гэх
мэтээр Их хурлын төлөөлөгчид саналаа солилцов. Мөн Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо гэхээр хоёр тусдаа мэт сонсогдож байна, дунд нь холбоос хэрэгтэй гэх хүн ч байлаа. Эцэст нь ерөнхийлөгчийнхөө дэвшүүлсэн Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо нэрээр санал хурааж олонх дэмжин баталгаажуулснаар МАСЗХ нэр түүхэнд үлдэв.
ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЗУРГААН БОДЛОГО ДЭВШҮҮЛЛЭЭ
МАХН-ын залуус ах нарынхаа адил атгасан гар шиг эвтэй гэдгээ харуулсан нь дэг сайтайгаа нотолсон уу юутай ч эсрэг санал, хурц шүүмжлэл хэлж “хурал үймүүлэх” хүн гарсангүй. Нэгэнт асуудал “ногоон гэрлээр” шийдэгдэж эхэлсэн учир өнөөдөр ярихаар хойшлуулаад байсан холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох ажилдаа орлоо.
Дүрэм ёсоор МАХН-ын дарга С.Батболд нэр дэвшүүлэв. МАХН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнийг шинэ ерөнхийлөгч болгохоор өмнөх өдөр нь МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар 100 хувь дэмжсэн юм байна. төрийн өндөр албан тушаал хашаагүй, даргын суудалд дасаагүй энэ залууг Нийгмийн ардчилалМонголын залуучуудын холбооны ерөнхийлөгчид санал болгож буйгаа С.Батболд мэдэгдэв. “Аливаа албан тушаалд дарга нараа дэвшүүлж тавих нь МАХН-ын мөн чанар биш.
Тиймээс та бүхний дундаас ирээдүйтэй, шилдэг залуу болох хурц овогт Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны ерөнхийлөгчид санал болгож байна” гэж тэр тодотгов. Танхимаас өөр хэн нэгний нэрийг дэвшүүлсэнгүй. Ерөнхийлөгч болбол хэрхэн ажиллах талаар нь ёс төдий нэг асуулт Л.Оюун-Эрдэнэд тавьснаар түүнийг сонгох ажил үндсэндээ шуудрав. Бүсийн чуулга уулзалтуудаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, өөрчилж шинэчлэхийн тулд юу хийхээ тэрбээр төлөвлөсөн байжээ.
НАМЗХ-г хэрхэн шинэчлэх талаар стратегийн бодлогоо зургаан зүйлд багцалсан байна. Нэр, үзэл баримтлал, дүрмээ өөрчилсөн учир бэлгэдэл, үнэт зүйлээ өөрчлөх, залууст тулгамдсан ямар асуудал байгааг тогтоох замаар салбар бүрээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Нийгмийн хариуцлагын сантай болох, дэргэдээ сургалтын төв байгуулах, төрийн бус байгууллага, клубүүдтэй “тулж ажиллах”, хэвлэл мэдээллийнхэнд илүү нээлттэй байж, үйл ажиллагаагаа зөв талаас нь сурталчлах бүх ажлыг өрнүүлэх гэх мэтээр тэрбээр хийх ажлаа тоймлов.
Мөн 35 нас хүрээд “хаягддаг” үе үеийн удирдлагуудынхаа туршлага, мэдлэгийг цаашид ашиглахын тулд салбар бүхий клуб байгуулан ажиллах саналтай байгаа аж. Их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг НАМЗХ-ны гурав дахь ерөнхийлөгчөөр сонголоо.
МАХН-ынхандаа танил ч олон нийтэд “шинэ хүн”
Нэрээ сольсон шинэхэн холбоог тэргүүлэх шинэхэн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 1980 оны зургадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр, 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуулийг олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр төгссөн юм байна. Мөн улс төр судлалаар 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан аж. Тэрбээр МАХН-ынхан дундаа танил ч олон нийтэд “шинэ хүн”. Ажлын гараагаа Л.ОюунЭрдэнэ 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаас эхэлжээ.
2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх,Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.
2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах Зөвлөлийн ХЭГ-т Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад шинэ албаа авлаа. “Нийгмийн ардчиллын аян”, “МАХН-XXI зуунд” намын хөгжлийн хөтөлбөр, “Ард түмнээ сонсъё” аян зэрэг томоохон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай гэнэ.
Тэрбээр Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоонд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элсчээ. Холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүн байсан аж. Хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн. “Алсын хараа” ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ.
С.Туул