Австралийн Ерөнхий сайд, Лейборист намын удирдагч Жулиа Гиллард өнгөрсөн бямба гаригт шинэ Засгийн газраа бүрэлдүүллээ. Ингэхдээ өнгөрөгч сарын 21-нд болсон сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нөхдүүдээ албан тушаалаар урамшуулснаас гадна өмнөх Ерөнхий сайд Кевин Раддыг Гадаад харилцааны сайдаар томилсон байна.
Уул уурхайн томоохон компаниудын орлогын 40 хувийг авах татвар санаачилсан Кевин Радд төдөлгүй огцорч, Ерөнхий сайдын албаа Жулия Гиллардад хүлээлгэж өгсөн билээ. Австралийн бизнес эхлэгчид Монгол оронд нутагшиж, үйл ажиллагаа явуулснаар “супер” татвараас бултаж чадахаас гадна өөрийн томоохон зах зээл болох БНХАУ-ыг монголчуудад алдалгүй, харин ч илүү ойртох сайн талтай юм.
Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд дээрх татварын хувь хэмжээг багасган 30 хувь болгосон ч утга учрыг нь алдалгүй хадгалж байгаа юм. Учир нь, “Нүүрс, төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс татвар авах МОНГОЛ УЛС нь зөв. Нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялгийг олборлож олсон орлогын зохистой хувийг ард түмэн хүртэх эрхтэй” хэмээн лейбористууд үзэж буй.
Байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ төсвийн алдагдлаа бууруулахын тулд Австралийн эрх баригч намынхан дээрх татварыг санаачилсан ажээ. 30 хувийн татвар ногдуулбал эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурч, ажлын байр багасна хэмээн уул уурхайн “акулууд” эрх баригчдаа сүрдүүлэхдээ Монголд хэрэгжээд бүтэлгүйтсэн 68 хувийн татвараар жишээ авч байлаа.
Гэвч тус улсын Ногоон намынхан лейбористуудтай хамтран уг татварын хэмжээ 30 хувиас ч илүү байж болох талаар ярьж, зөрүүдэлсээр. Ядаж байхад Австралийн ашигт малтмалын салбарынхны сүүлчийн найдлага байсан Тони Эббот өнгөрсөн сонгуулиар Ерөнхий сайдын албыг авч чадаагүй Сөрөг хүчний тэргүүн тэрбээр Лейборист намын бодлогыг шүүмжилж, хэрэгжиж эхлээгүй хэрнээ шуугиан дэгдээсэн татварыг үндсээр нь устгаж чадахаа амлаж байснаараа BHP, “Рио Тинто” зэрэг томоохон компанийн удирдагчдын хайрыг татаж байв.
“Австралийн уул уурхайн салбарт үүсээд буй татварын тодорхой бус орчин ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй” хэмээн улстөрийн шинжээч Жэймс Грубел хэлснийг “Reuters” мэдээлжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “супер татвар” хэмээн алдаршсан дээрх татвараас болж Австралийн уул уурхайн “акулууд” ашигт малтмалаар баялаг энэ орноос “урвахад” хүрээд буй. Тиймээс төмрийн хүдэр, нүүрсний арвин нөөцтэй бусад улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь давамгайлж эхлэв.

“Австралид үйл ажиллагаа явуулж буй компаниуд Монголыг их сонирхож байна. Тус улсын шинэ Засгийн газар уул уурхайн салбарынхныгаа нэлээд “чангалах” төлөвтэй” хэмээн “Хүннү коал” компанийн удирдлагын захирал Т.Лхагва дорж онцолсон. Австрали түнш Матью Вүүдтэйгээ хамтран “Хүннү коал” компанийг бай гуулж, Австралийн хөрөнгийн биржээс мөнгө босгосон тэрбээр “Made in Australia” шошготой компаниудын Монголыг чиглэх урсгал эрчимжих хандлагатайг хамгийн түрүүнд ажиглах нь ойлгомжтой.
Энэхүү чиг хандлага өнгөрсөн долоо хоногт болсон “Discover Mongolia” чуулга уулзалтын үеэр ч мэдрэгдэж байв. Тус улсын төрийн өмчит “Australian trade commission” буюу Австралийн худалдааны хороо үзэсгэлэнгийн талбайд павильон авч, “CSA global”, “Wagners global services” зэрэг урдаа барьдаг 20 гаруй компаниа танилцуулсны хажуугаар Австралийн худалдааны хорооны ахлах комиссар Мартин Уолш илтгэл тавьж, өөрийн орны эрдэс баялгийн салбарын хөгжлийн туршлагаас хуваалцсан билээ.
“Рио Тинто”, BHP зэрэг Австрали гаралтай “акул” Монголд үйл ажиллагаа явуулсан арвин туршлагатай бол “Лэйтон” зэрэг томоохон компани сүүлийн үед хүч түрэн орж ирж байгааг сануулах юун. Австралийн хоёр Солонгос, Монголын хэргийг хавсран хамаардаг Элчин сайд Сэм Гэрович сүүлийн 15 жилийн хугацаанд Австрали, Монголын түншлэл сайжирч буйд баяртай байгаагаа илэрхийлээд, “Рио Тинто”-гийн Оюутолгойн төсөлд хийж буй хөрөнгө оруулалт, цаашлаад “Лэйтон”-ы Монгол орны нүүрсний ордууд дахь үйл хэрэг нь хоёр орны хамтын ажиллагааг илүү бэхжүүлнэ гэжээ. Үүний хажуугаар Монгол Улс Австралийн өрсөлдөгч болох боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Ижил төрлийн эрдэс баялгаа Хятадад нийлүүлж буйгаас тэр шүү дээ. Австрали улс төмрийн хүдэр, коксжих болон эрчим хүчний нүүрсний экспортоороо дэлхийд толгой цохидог. Тэгвэл монголчууд ялангуяа нүүрсний нийлүүлэлтийн тал дээр Австралийг бут цохих боломж бий аж. Хятадын нүүрсний хэрэглээ жилд дунджаар 10 хувиар, коксжих нүүрснийх нь 12 хувиар өсөж иржээ.
“Ёроолгүй ходоод” хэмээн нэрлэгдсэн Хятадын нүүрсний гол нийлүүлэгч Австрали байсан бол эдүгээ энэ байр сууриа монголчуудад алдаж эхлээд байна. “Өнгөрсөн жил БНХАУ нийт 34.5 сая тонн коксжих нүүрс импортолсны 66 хувийг Австрали, 11 хувийг Монгол Улс нийлүүлсэн. Тэгвэл энэ онд 42.5 сая тонныг импортлохоор байгаагийн 39 хувийг монгол чууд хангалаа. Харин Австралийн эзлэх хувь хэмжээ 47 хувь болтлоо буурсан байна” хэмээн “Саусгоби ресорсез” компанийн ерөнхийлөгч Александр Молино хэлсэн юм.
Гэвч Австралийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол оронд нутагшиж, үйл ажиллагаа явуулах боломжтойг www. theaustralian.com.au цахим хуудсанд тэмдэглэжээ. Ингэснээр тус улсын уул уурхайн бизнес эрхлэгчид “супер” татвараас бултаж чадахаас гадна өөрийн томоохон зах зээл болох БНХАУ-ыг монголчуудад алдалгүй, харин ч илүү ойртох сайн талтай юм.
Ухаа худагт үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” Австралийн “Лэйтон” компанийг хөлсөлж ажиллуулж байгааг бид мэднэ. Тэгвэл одоо “Лэйтон” нь “МоЭнКо” компанитай хамтран Хөшөөтийн нүүрсний уурхайг, цаашлаад “Професи ресурс” компанийн захиалгаар Улаан овоо нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Австралийн “Runge” компани Улаанбаатарт салбараа нээн ажиллаж буй аж.
Тэгвэл Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг “Аспайри майнинг” манай Хөвсгөл аймагт нүүрсний хайгуулын хоёр, Төв аймагт нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. Ийнхүү австраличуудын Монгол дахь бизнес цэцэглэж эхэллээ. Өнгөрсөн жилийн байдлаар Австралийн компаниуд Монголд нийт 516 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Энэ нь хятадуудын оруулсан 613 сая доллартай харьцуулахад мэдээж өчүүхэн үзүүлэлт. Гэвч Монголд нутагших Австрали компаниудын тоо нэмэгдсэнээр дээрх хэмжээ ч үлэмж ихээр тэлэх нь дамжиггүй. Өнгөрсөн жилийн байдлаар Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын ердөө 0.5 орчим хувийг австраличууд хийсэн аж. Үүгээрээ манайд мөнгө цутгадаг 100 орноос 17 дугаар байрт жагссан байна.
“Рио Тинто” Оюутолгойн төслийг санхүүжүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө оруулж, “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ 5.3 хувиар өсгөн 34.9 хувьд хүргэснийг “Reuters” өчигдөр мэдээлэв. Ингэснээр “Рио Тинто”-гийн тус компанид хийсэн нийт хөрөнгө оруулалт 1.73 тэрбум доллар болжээ. “Оюутолгой” компанийн 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэнийг нь “Айвенхоу майнз” эзэмшиж байгаа ч ард нь Англи-Австралийн “Рио Тинто” зогсож байгааг мэдэхгүй хүн байхгүй ээ. Тэгвэл 2013 онд ашиглалтад орох дэлхийн хэмжээний уг уурхайн хөрөнгө оруулалтын ихээхэн хэмжээ нь Австралиас гарч байгаа гэвэл буруудахгүй болов уу.
Д.МӨНХЧИМЭГ