Нийслэлийн АН(НАН)-ын Зөвл өлдөх хорооны хурал өнгөрсөн бямба гаригт болж С.Эрдэнийг даргын албанаас чөлөөлж, МоАХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Түвдэндоржийг түүний оронд сонгосон. С.Эрдэнэ харин “Дүрмийн бус үйл ажиллагаа болсон учир хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Тэрбээр 2006 оны аравдугаар сарын 28-нд НАН-ын даргаар сонгогдсон аж. Бүрэн эрхийнх нь хугацаа ирэх сарын 28-нд дуусаж, өөрөө өргөдлөө өгөх гэж байхад түрүүлээд “бужигнуулчихсаныг” тэр Нийслэлийн АН-ыг хагалах гэсэн оролдлого хэмээн үзэж байна. Нэг ёсондоо Засгийн газраас АН-ыг гаргаж, намаа унтамхай, эзэнгүй гэх мэтээр “цор цор” хийснийх нь хариуд “нөгөөдүүл” нь С.Эрдэнээр “туг тахиж” байгаа юм даг уу даа.
Зөвлөлдөх хорооныхоо хурлыг яагаад дүрмийн бус шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд тайлбарлав. Юуны өмнө түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байжээ. Мөн НАН-ын даргыг ҮЗХ-гоор батламжилсны дараа албан ёсны болох дүрэмтэй аж. Ш.Түвдэндоржийг НАН-аас ердөө л нэр дэвшүүлсэн, ҮЗХ батламжлаагүй.
Тэгэхээр С.Эрдэнэ одоо ч НАН-ын дарга хэвээр гэнэ. Бүрэн эрхийн хугацаагаа дуусахаар тэрбээр өргөдлөө өгөх аж. Энэ талаараа “АН алдаа гаргасны хариуцлагыг уг намын удирдлагуудын нэгний хувьд би ч бас хүлээх ёстой. Тиймээс өөрөө санаачилга гарган, ажлаа өгөх гэж байгаа. Дүрмийн дагуу гарч ирсэн ямар ч хүнийг би дэмжинэ. Түвдэндорж гараад ирвэл дэмжинэ.
Асуудлыг гагцхүү дүрмийн хүрээнд шийдэхийг л би шаардаж байна. Түүнээс биш намайг НАНын даргаар батламжилсан ҮЗХ-ны шийдвэр хэвээр байхад тамгаа хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах эрх надад байхгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, Түвдэндоржид дургүйдээ биш, дүрмийн ёсоор асуудлыг шийдэх гэж л ингэж байгаа аж. НАН-ын Зөвлөлдөх хорооны хуралд 135 төлөөлөгчөөс 101 нь оролцсон байна.
Түүний ажлын тайлан сэлтийг хэлэлцсэний дараа даргадаа итгэл үзүүлэх эсэхээр нууц санал хураалт явуулахад олонх нь “боломжгүй” гэж үзсэн аж. Энэ талаар С.Эрдэнэ “Хурал дууссаны дараа тэр асуудлыг оруулсан учир санал хураалтад ердөө 55 хүн оролцсон, гэтэл хайрцагнаас 60 хуудас гарч ирсэн. Би үлдээд ажиглаж байсан юм. Үүний шалтгааныг тооллогын комиссынхноос асуухад бид буруу бүртгэсэн байна л гэсэн.
Тэгсэн атлаа дүнг хүлээн зөвшөөрсөн” гэлээ. Мөн бүрэн эрх дуусах, итгэл үзүүлэх хоёр нь тусдаа ойлголт гэв. Бүрэн эрх дуусаад сонгууль явуулсан бол хуулийн хүрээнд. Харин ямар нэг алдаа гаргасан, хариуцлага алдсан үед л итгэл үзүүлэх эсэх тухай ярьдаг байна. Гэтэл НАН-ыг тэргүүлсэн хугацаандаа гурван ч том сонгуульд оролцож, ялалт байгуулсан, үйл ажиллагаа нь дүрмийн дагуу байгаа аж.
Тийм атал ийнхүү чөлөөлсний цаана тэрбээр өнөөх “бүлэг” байгаа хэмээн хардав. Засгийн газраас АНыг гаргаж, намаа өөрчлөгдөхийг шаардсанаараа тэр ийм “ял” эдэлж буй гэнэ. Нэг ёсондоо НАН-ыг хагалах үйл ажиллагаа өрнөж байна гэлээ. Хэн зохион байгуулаад буйг нь АН-ынхан мэдэх аж. Ер нь АН-ын анхан шатанд ч ийм хор найруулж эхэлсэн юм байна.
ДАЙРАН ДЭЭР НЬ ДАВС НЭМЧИХ ВИЙ
Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж, шүүмжилснийхээ төлөө ад үзэгдэж буйгаа С.Эрдэнэ мэдэрчээ. Түүнийг эсэргүүцэгч хамтарч босгосон Засгийн газраа авч үлдэхээр МоАХ-г АХХ-той, С.Эрдэнэтэй хагаралдуулахаар зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн гэнэ. Үүнийг нь мэдэж байгаа атлаа намынхантайгаа талцан хэрэлдэж, “нөгөөдүүл”-ийн төлөвлөгөөг хэрэгж үүлэхэд нь дэм өгөөд байгаа юм биш үү, С.Эрдэнэ.
Гэхдээ түүнийг унагах үйл ажиллагаа зөвхөн бямба гаригт итгэл үзүүлэх эсэх асуудал оруулснаар эхлээгүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон НАН-ын Зөвл өлдөх хорооны хурлаар чөлөөлөх асуудлыг бас хөндөж байсан. Зарим хүн лоозон барьж жагсан С.Эрдэнийг эсэргүүцдэгээ илэрхийлсэн. Тэр санаачилга мөн л МоАХ-ныхны зүгээс гарч байлаа. Гэхдээ С.Эрдэнэ үлдсэн.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй, тэгээд ч С.Эрдэнийн эсрэг байр суурьтай хүн цөөн байсан юм байлгүй. Харин хоёр дахь удаад байдал түүний санаснаас өөр байжээ. МоАХ-ны дэд ерөнхийлөгч НАН-ыг “тэргүүлэх” болов. Эсрэг, тэсрэг мэдэгдэл хийж НАН-ынхан ийнхүү “зодолдсоноороо” даарин дээр давс нэмээд өгөх юм биш үү гэдгийг С.Эрдэнээс лавлалаа. Тэрбээр “НАН-ыг хагаралдуулахгүй байхын тулд дүрмийн хүрээнд, шударга байх ёстой.
Тэгж байж энэ асуудлыг шийднэ. Түүнээс би энэ албан тушаалтай зууралдаад, тамга тэмдгээ өгөхгүй гээд байгаа юм биш. Дүрмийн бусаар, луйвардах гэж асуудалд хандвал зөвшөөрөхгүй. Надад хангалттай их ажил байна. Түвдэндорж дүрмээ унш. Түүний дагуу хурлаа зохион байгуулж, өрсөлд. Хэн ч гарч ирсэн би хүлээн зөвшөөрнө. Надад хэн нэгэнтэй муудалцах, сандал ширээ булаацалдах шаардлага байхгүй” гэсэн хариулт өглөө.
НАН-ын Зөвлөлдөх хорооны хурал дээр Х.Тэмүүжин, Ж.Батзандан нарын нэрийг мөн дэвшүүлсэн аж. Уг нь даргын сонгуульд нэр дэвших сонирхол Х.Тэмүүжинд байсан ч хуралд хоцорч очоод чадаагүй гэнэ. Харин Ж.Батзандан хагаралтай намын дарга болохыг хүсээгүй гэдгээ мэдэгдсэн байна лээ. АН-ын Хяналтын ерөнхий хороо, ҮЗХ уг асуудлыг шийдсэний дараа л С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёрын хэн дарга болох нь шийдэгдэх нь.
С.ТУУЛ