НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байгаа Брөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан,“Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо даваа гаригт уулзав. Тус байгууллага нь хүүхэд эмэгтэйчүүд, цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээр чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа С.Батболд илэрхийллээ.
Боловсрол, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Клинтоны “Дэлхийн санаачилга” байгууллага нь 2005 онд бий болсноос хойш нийт 57 тэрбум ам.долларын өртөг бүхий 1700 гаруй хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулжээ. Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзав.
Тэд Монгол Америкийн харилцааг идэвхжүүлэх, өндөр дээд түвшний албан тушаалтнуудыг харилцан айлчлуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцав.Түүнчлэн Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оноос даргалахтай холбогдуулан энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсад ардчилал хүний эрхийн тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжл үүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Жорж Соростой уулзахдаа Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Монгол Улсын эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хоёр тал хүлээн зөвшөөрлөө. Засгийн газрын тэргүүн есдүгээр сарын 20-нд “Блумберг”, “Ройтерс” агентлагт, 21-нд дэлхийн банк, санхүү, бизнесийн хандлагыг тодорхойлоход гол нөлөөтэй ”Wall street journal сэтгүүлд” ярилцлага өгөв.
Тэрбээр ярилцлагадаа өөрийн орны улс төр, эдийн засгийн байдал, бизнес, хууль эрх зүйн орчин, уул уурхай, дэд бүтэц, банк, санхүү, боловсролын салбарт өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжиж эхлээд байгаа томоохон төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт Монгол орны байгаль орчин, иргэдийн амьдрал ахуйд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай, Монголын Засгийн газар Өмнийн говьд хуралдсан тухай мэдээллээ. Энэхүү мэдээллийг Америкийн томоохон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзахдаа ч өгч байв.